Тархи, зүрх, судасны нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн өнгөрсөн онд зургаан төрлийн мэс заслын сүүлийн үеийн аргыг нэвтрүүлжээ. Тус эмнэлгийнхний нутагшуулсан эмчилгээнүүдийг өмнө нь Монголд хийх боломжгүй байсан аж. Тухайлбал, хүүхдийн зүрхний хэм алдагдлыг засах аргыг нэвтрүүлснээр 11 хүүхдэд амьдрал бэлэглэжээ. Мөн хүүхдийн нүдний торлогийн хагалгаа хийн,гол судасны төрөлхийн нарийсалттай нярайд СТ аппаратын тусламжтайгаар эмгэг засах эмчилгээг амжилттай хийсэн байна. Түүнчлэн зүрхний цочмог шигдээсний хүндрэлээс болж хөхлөг булчин нь урагдсан өвчтөнд цусны зохиомол эргэлт үүсгэн, нээлттэй мэс засал хийж хоёр хавтас хавхлагыг нь сольсон байна. Мөн зүрхний титэм судасны архаг бөглөрөлтэй өвчтөний шохойжсон хэсгийг сэтгэж, цусан хангамжийг сэргээх эмчилгээ хийжээ. Эдгээр шалтгаанаар иргэд гадаад явж эмчлүүлэх шаардлагагүй болжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ