Д.СОДНОМ, С.БАЯР нараас намынхандаа өгсөн ЗӨВЛӨГӨӨ

Хуучирсан мэдээ: 2020.01.18-нд нийтлэгдсэн

Д.СОДНОМ, С.БАЯР нараас намынхандаа өгсөн ЗӨВЛӨГӨӨ

УИХ, Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлогоос болж, валютын ханш өсч, ам.долларын төгрөгтэй харилцах ханш 2750 төгрөгт хүрсэн бол юань 400 төгрөгтэй тэнцээд байна.

Махны үнэ нэг кг нь 10 мянган төгрөг давсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20 орчим хувиар өссөн үзүүлэлт болж буй.

Гэвч 2020 оны УИХ-ын сонгуульд хамаг анхаарлаа хандуулах болсон эрх баригчдад тойрогтоо очиж, тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар баталснаа гайхуулан ярьж, оноо авах нь чухал болохоос биш цаана нь ард иргэдийн амьдрал яаж доройтож, уруудаж буйг мэдрэх мэдрэмж дутах болсон. Харин МАН-ын лидерүүд дуугүй суусангүй, эхнээсээ үгээ хэлж эхэллээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном УИХ-аас баталсан Ахмад настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “200 мянган иргэний өрийг 3 сая иргэнийх болголоо” гарчигтай нийтлэлийг олны хүртээл болгоод байна.

Түүнд УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан үг хаягласан нь олны анхаарлыг ихээр татаж буй юм.

Нийтлэлд “…Олон улсын валютын сангийн төлөөлөгчийн газрын дарга Жефф Готтлиб гэдэг хүн “ОУВС–тай хийсэн гэрээг зөрчлөө. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нийцэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл амлалт ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 2 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй инфляци болон дотоод төгрөгийн ханшид дарамт учруулна. Засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байна” гэж ярьсныг эрхэм дарга нарын сонорт хүргэсэн л байх.

-Салхитын мөнгө алтны нөөцийн ашиглалтаас гарах ашгаар тэтгэврийн зээлийн асуудлыг шийдэх санаа байгаа бол эхлээд уг ордыг ашиглаж ашгийг бүрдүүлэх, хуримтлагдсан ашгийг нь тэтгэвэр нэмэгдүүлэх, хөнгөлөлт үзүүлэх зэрэг зориулалтаар ашиглах гэсэн дараатайгаар асуудлыг шийдвэл зөв болох байсан. Гэвч тэгсэнгүй, заавал Засгийн газар, Иргэдийг өртэй болгох шийдвэр гаргуулах гэж зүтгээд байгааг ойлгоход хэцүү.

-ОУВС-гийн төлөөлөгч хэлсэн үгэндээ “Засаглал парламентын зохистой хяналтыг алдагдуулж байна” гэж хэлжээ. Засаг төрийн удирдагчдад хандсан энэ санааны үүднээс оногдсон үүрэг хариуцсан ажилдаа дүгнэлт хийх ёстой хүн бол юуны өмнө манай УИХ-ын дарга. Хууль тогтоох байгууллагын даргын хувьд, ОХУ-ын Эрхүү хот дахь их сургуульд суралцаж санхүү эдийн засгийн дээд мэрэгжилтэн болсны хувьд ч тэтгэвэр, нийгмийн хамгааллын системийг боловсронгуй болгох төдийгүй эдийн засаг нийгмийн хөгжил, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргаж болох зөвлөмж шийдвэр алдаа дутагдалгүй байхад Г.Занданшатар даргын үүрэг хариуцлага өндөр баймаар” гэжээ.

Нийтлэлийн дэлгэрэнгүйг http://baabar.mn/article/hoyor-zuun-myangan-hunii-uriig-gurvan-saya-irgenii-ur-bolgov энэ линкээр орж унших боломжтой.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр “Жар хоног “жаран”-ы бутархай” номынхоо хэлэлцүүлэгт оролцох үеэрээ “Залууст нийгмийн амьдралыг өөрчлөх боломж нь илүү байна” гэж хэлсэн нь намынхандаа хандан дайсан үг гэж олон нийт тайлж байна.

Тэрбээр “Надад хандаж Ц.Нямдорж хэлсэн үг  шиг л санагддаг юм. Ирж яваа цагийн дууг харьж яваа үеийнхэн дуулахгүй шүү” гэж 2005 он уу, 2007 оны намын их хурал дээр надад хандаж хэлж байсан үг санагддаг. Тэр үед таагүй сонсогдсон ч үнэн үг л дээ. Яагаад гэвэл шинэ үе гэдэг чинь шинэ мэдээлэл. Амьдралын туршлага 60 хүрчихсэн хүнд байгаа. Гэхдээ шинэ цагийн юмыг мэдрэх, тэрний дагуу амьдралаа өөрчлөх. Зөвхөн өөрийнхөө амьдралыг өөрчлөх бус нийгмийн амьдралыг өөрчлөх боломж бололцоо нь залуучуудад илүү байна гэж л би хардаг” гэв.

С.Баяр МАН-ыг удирдаж байхдаа боловсролтой залуучуудыг олноор нь улс төрд сойж, шинэ үеийнхэндээ ачаа үүрүүлж, ажиллахыг илүүд үздэг байв. Харин энэ уламжлал өнөө цагт МАН-д зөвхөн бүлэглэлийг нь дагаж, гар хөлийн үзүүрт зарагдсан нь дээшээ авирч гардаг шат болж, доошилсон юм.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж