АНУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдын сахлыг солонгосчууд үзэж чадахгүй байна. АНУ-ын Номхон далайн армийн удирдагч асан Элчин сайд Харри Харрисын сахал яагаад ч юм цахим орчинд хүмүүсийн анхаарлын төвд орж, маргаанд дуудаж байна. Инээдэмтэй мэт боловч солонгосчуудын хувьд илүү гүн утга, шалтгаантай аж.
Түүний сахал Японы эзлэн түрэмгийлэл, ялгаварлан гадуурхалт, харгис хэрцгий үеийг солонгосчуудад санагдуулаад зогсохгүй цаашлаад АНУ, БНСУ-ын дипломат харилцаанд сэв суулгах эрсдэл үүсгэж байна гэв.
Элчин сайд Харрис сахалнаасаа болж япончууд Солонгосын хойгийг эзэлж, Солонгосын ард түмнийг төмөр нударгаар хайр найргүй дарангуйлж байх үеийн харгис хэрцгий Япон удирдагчтай адилхан харагдаж байгаа ажээ. Цаашлаад Японы хамгийн харгис удирдагчид гэгддэг, хожим цаазын ял сонссон ерөнхий сайд Хидеки Тожо, эзэн хаан Хирохито гэх мэт хүмүүс мөн ийм сахалтай байжээ.
Японы дарангуйлалд байхдаа солонгосчууд боолчлогдож, эмгэнэлтэйгээр нас барцгааж байсан нь одоо ч хөгшчүүлийн сэтгэлд аниагүй байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд дайнтай холбоотой сэдэв Япон, БНСУ хоёрын шүдний өвчин болоод байгаа билээ. Жишээ нь хоёр улс дайны үед Япон цэргүүдэд хүчээр үйлчилж байсан Солонгос эмэгтэйчүүд зэрэг хүмүүст нөхөн төлбөр олгох ёстой эсэх талаар хүчтэй маргаан өрнүүлэх болсон.
Харрис Японд төрсөн, Япон ээж, Америк аавтай, өөрөө тэнгисийн цэргийн удирдагч байсан нь түүнийг үзэн ядагчдын хилэнг улам бадрааж байгаа гэнэ.
Харин нөгөө талаас Харрис "Би хоёр улсын хоорондох түүхэн дайсагналыг ойлгож байна. Гэхдээ би Японы элчин сайд биш, АНУ-ын элчин сайд хүн. Хаа хамаагүй түүхийг надад авчирч наах нь буруу зүйл. Сахал үүнд ямар ч хамаагүй" хэмээгээд Солонгосын сахалтай удирдагч Ан Жун Гүн, Ан Чан Ху нарыг жишээ татан ярьжээ.
"Сөүл Жинбо" иргэний бүлэглэл 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд ЭСЯ-ны гадаа жагсаал зохион байгуулж, түүний нүүрийг муур болгон хувиргасан самбар барьжээ. Учир нь энэ үй явдал болохын өмнө нь Харрисын гэрт нь бүлэг оюутнууд нэвтэрсний дараа "Миний муур эсэн мэнд байгаа" хэмээн твиттертээ хошигнож байсан аж.
Харрис "Би Японоос, эсвэл Солонгосоос, эсвэл эцгээсээ болж сахал ургуулаагүй. Би зүгээр л сахал ургуулахыг хүссэндээ ургуулсан юм" хэмээн ярьжээ. Тэрбээр тэнгисийн цэргээс тэтгэвэрт гарч, дипломатч болохдоо амьдралаа шинээр эхлэхийн бэлгэдэл болгон сахлаа ургуулсан гэнэ. "Би өндөр болж чадахгүй, би толгой дээрх үсээ ургуулж болохгүй. Харин сахал ургуулж бол болно. Өөр шалтгаангүй. Би зүгээр л өөртөө өөрчлөлт хийсэн юм" хэмээн Харрис тайлбарлажээ.
Үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаахын тулд сахлаа хусах уу гэдэг асуултад тэрбээр "Намайг байгаагаар минь хүлээж авах нь хоёр улсын харилцаанд сайнаар нөлөөлөх болно. Би бол би. Би бол АНУ-ын элчин сайд. Японых биш" хэмээн хариулжээ.
Эх сурвалж: cnn.com
Холбоотой мэдээ