Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

Аадрын ширүүн дуслууд гэрийн дээвэр дэлдэн, цан хэнгэрэг цохих мэт нижгэнүүлж байлаа. Тал дундах ганц өвгөн модтой айлсан буусан энэ ганц гэрийг тэнгэр өнөө шөнө нэгмөсөн нүүлгэчихье гэсэн янзтайгаар хатуу занажээ.

Борголжин иймэрхүү жихүүн шөнө хүйтэн хөнжил нөмөрч, өнгөрч одсон хүүхэд насныхаа сайхан дурсамжуудаар сэтгэлээ дулаацуулан, хэчнээн хугацааг ардаа үдсэн юм бүү мэд. Гэвч үдэш бүр Хүрмэнг ирнэ хэмээн итгэж, гэр орноо цэмцийлгэж, хийцтэй цай бэлтгэн, халуун хоол аягалж тавьдаг нь хэвээрээ.

Ойр хавьд 100 км-ээс наана айл үгүй. Гэтэл Хүрмэнгийнх энэ газраас алхам ч холддоггүй. Өвлийн цагт Хүрмэн малаа оторлуулах нэрээр хаа хол явж одно. Борголжин өөртэй нь адилхан нар салхинд онгож, өнгө зүс алдсан бор гэрээ сахиад ганцаар үлдэнэ. Харин зуны дэлгэр цагт Хүрмэн тоглоом наадам, зугаа цэнгэл хөөцөлдөж, өөрийгөө оторлож одно.

Мөнөөх үйлт бүсгүй хэдэн хонь, ганц модтойгоо ханьсаж хоцорно. Хэдийгээр энд үлийн цагаан огтоно ч үзэгдэхгүй болсон ч Борголжингийн сэтгэлийг шөнө бүр жихүүдэс нөмрөн авч, гар, хөлөөс нь ямар нэгэн зүйл тас атгачихаад, тавихгүй зовоож, нойрноос нь хумсалдаг байлаа.

Энэ шөнө харин юу болсон юм, тэнгэрийн муухай түүнийг айлгах бус бүр тайвшруулав уу гэлтэй, нам унтаж орхижээ. Гэтэл үүрийн гэгээ хараахан хаяарч амжаагүй байтал хэн нэгэн хаалга саван орж ирээд, хөөрхий бүсгүйг нойрноос сэрээв.

Зуухны ам руу уначих шахан дайвалзсаар хоймор очиж, ширээн дээр аягалж тавьсан хүйтэн хоолноос цай залгилах мэт залгилж, Борголжингийн хэвтэж буй ор руу хяламхийн харах нь Хүрмэн мөн байлаа.

Наранд гэхээсээ архинд шартсан монтгор улаан хамар, хүрлийсэн хөх царай, хэрээ ухчихсан аятай цаашаа хонхойсон гал цоггүй сүүмгэр нүдтэй тавь орчим насны энэ эртэй хамт амьдраад Борголжин 19 жилийг ардаа үджээ. Гэвч сүүлийн арван жил хамт амьдарсан нэртэй л болохоос нэг гэрт ганц ч удаа хонож үзсэнгүй.

Бүсгүй Хүрмэнгийн хяламхийх нүднээс дальдчихав уу гэлтэй, шуурхайлан босож, халуун савнаас цай аягалж өгөөд, галын аман дээр очиж, хэрэг тариад зэмлүүлсэн хүүхэд шиг цомцойн суулаа. Хүрмэн эгээ л элсэн цөлд хатаж үхэх гэж яваа амьтан адил халуун цайг хэдэн үлээгээд залгилж орхив. Борголжин шалавхан босоод, хоолных нь аягыг авбал:

-Хоол хийчих гэх нь тэр.

-Халаах уу?

-Хэрэггүй ээ. Хэрэггүй.

Хүрмэн хоолоо идэж дуусмагцаа Борголжингийн хэвтэж байсан хөнжил рүү шургаж ороод, төдхөнөө хурхирч эхэллээ. Бүсгүй нэгэнтээ санаа алдаад, гарч одов.

Борголжинг аргал хормойлсоор орж ирвэл Хүрмэн орон дээрээ хагас өндийн, хоймрын авдран дээр залаатай хар цагаан зураг руу гөлөрч хэвтэнэ. Тэрбээр Борголжинг орж ирснийг ч анзааралгүй хэсэг ингэж бодол болон хэвтсэнээ гэнэт год үсрэн босож, хувцаслаад гарч одлоо.

Иймэрхүү байдалд нь цочрохоо больсон Борголжин босож хоймрын авдрыг уудлан, даавуун ууттай зүйл, хэсэг хөвөн, зулын цөгц аван, араас нь гарав. Ганц модны баруун талд зогсоод, чанга чанга хөхрөн, солиотой хүн шиг өөртэйгөө ярьж байгаа Хүрмэнгийн дэргэд очоод:

-Аав аа гээд авч ирсэн зүйлсээ түүнд өгөв.

Хүрмэн:

-За охин чинь бас л арц, хүж, зул асаах юм аваад ирж. Энэ ч чамайг нэгмөсөн эрлэгт тушааж амрах гээд байгаа хүн дээ гээд Борголжин руу хяламхийв. Хэдийгээр бүсгүй рүү харах бүртээ хүйтэн хөндий байдаг ч Хүрмэн өнөөх ганц мод руу ширтэхдээ хэзээ хэзээнээс илүү уярсан догдолсон байдалтай болдгийг Борголжин андахгүй.

Хүрмэн хэзээ, хаана хэнтэй хэрхэн яаж мөрийтэй тоглож, хэнийд хэд хонож, хэний айрагны хулыг хоосолж, хүүхдийг нь айлгаж хөөсөн тухайгаа огт хэрэггүй зүйлсийг өөртэйгөө баахан хуучлаад сая сэтгэл нь ханав бололтой, нэг сайхан уртаар амьсгалав. Тэгснээ:

-Чи өөртөө л зул өргөвөл таарна гээд Борголжинд өнөөх зүйлсийг хам хум атгуулаад, гэрийн зүг алхлаа. Тэрбээр гэртээ ч оролгүй, мориндоо мордоод “Эрүү цагаан болжмор” уянгалуулсаар давхиж одов оо.

Борголжин хүүхдийн мөрөөсөл болсон энэ айлд нэг ой ч хүрээгүй балчирхан амьтан иржээ. Найман жилийн турш Хүрмэн, Уянга хоёр түүнийг алган дээрээ бөмбөрүүлж, энгэртээ тэвэрч, хүн зоноос харамлан энхрийлж, хамаг бүхнээс хамгаалан өмгөөлж, эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлж өсгөсөн сөн. Тэд ганц охиноо төөрч төрсөн үр минь хэмээн хайрлаж, ганц удаа аяга ч угаалгаж байсангүй.

Гэтэл тээр нэгэн жил Хүрмэнг адууныхаа эрэлд явсан хойгуур шуурганд уруудсан хониныхоо араас гарсан Уянга гэртээ буцаж ирсэнгүй.

Хоёр хоногийн дараа Хүрмэнг гэртээ иртэл гэрийнх нь үүдийг цас хунгарлаад дарчихсан байв. Цасыг малтан арайхийж гэртээ орвол гэр нь мөсөн агуй мэт хөрчихсөн байх бөгөөд зүүн орон дээр хонины хөдсөнд ороолттой Борголжин дөнгөж амьтай голтой юм хэвтэж байв. Борголжин дуу нь гарч чадахгүй болтлоо уйлж, нус нулимсандаа холилдоод, сүүлдээ бүр бээрч орхижээ.

Нэлээд хэд хоногийн дараа сумын захиргаанаас гаргасан эрлийн багийнхан Уянгааг хөлдчихсөн байхыг олсон байна.

Хүрмэн гэрийнхээ хойморт хүрлийтэл барайж суучихаад, ганц ч үг дуугарахгүй, байрнаасаа ч хөдлөхгүй байсаар буяны ажлыг өнгөрөөв. Борголжин аавынхаа хормойноос зуурч, өнжин хонон уйлсан ч эцэг нь түүнийг нэг удаа ч аргадсангүй. Нутгийн олон Уянгыг гэрээс нэлээд зайдуухан байх хэдэн модны дэргэд нутаглуулжээ. Гэтэл буяны ажил дуусч, нутгийн олон гэр гэрийн зүг одох гэж байтал Хүрмэн гэв гэнэтхэн инээмсэглэж босоод, хоймортоо суугаад, галын амны зүгт харцаа чиглүүлж, ганцаараа ярьж эхэлсэн байна.

Тэр цагаас хойш Хүрмэн Уянгааг байгаа мэтээр ямагт ганцаараа ярих болжээ. Айл саахалтынхан нь ч түүнийг чөтгөр шүгэлсэн амьтан хэмээн зайгаа барих болсон байна. Хэдхэн хоногийн дотор Хүрмэн Уянгааг нутаглуулсан хэдэн модны дэргэд очиж буув. Гэтэл тэр хавар өнөөх хэдэн модноос цор ганцхан мод л нахиалжээ.

Энэ бүхнийг үзсэн айл саахалтынхан мухар сүсэг, айдас хүйдэстээ автан, тэднийхээс холдон нүүсэн байна. Ийнхүү цаг ямагт хий юмтай ярьж, эхнэрээ бурхан болсон гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй эцэгтэйгээ хоёулхнаа үлдсэн эрх хонгор Борголжинг хар ажил, хатуужил хоёрт амьдрал сургаад өгөх нь тэр. Борголжин жихүүн бодол сэтгэлд нь хургах төдийхөнд нялх багынхаа сайхан дурсамжуудыг сэргээн санаж, өөрийгөө тайтгаруулдаг байлаа. Гэтэл энэ өдөр тэр яагаад ч юм, урьдын адил хурдан тайвширч чадсангүй. Эхлээд энхрий ялдам ээжийг нь, дараа нь амин хайртай аавыг нь булаасан өнчин ганц модонд анх удаа зэвүүцэхийн ихээр зэвүүцлээ. Борголжин гэр рүүгээ очиж, таван литрийн бетонтой шар тос хайлуулав. Тэрбээр буцлам халуун шар тосоо таван литрийн бетонд хийж, нунтаглаж амжаагүй шуудай дүүрэн арц, хайрцаг шүдэнзний хамт авч өнөөх модны дэргэд очлоо. Бүсгүй арцаа өнөөх модыг тойруулан, нямбай гэгч нь цацлаа. Дээрээс нь шар тосоо асгав…

Ц.БАТТУЯА

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж