Б.Отгонтөгс: Санхүүгийн сахилга баттай ахмадуудаа төр ялгаварласан | News.MN

Б.Отгонтөгс: Санхүүгийн сахилга баттай ахмадуудаа төр ялгаварласан

Б.Отгонтөгс: Санхүүгийн сахилга баттай ахмадуудаа төр ялгаварласан

"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. Энэ удаагийн ярилцлагын зочноор Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, МИУИС-ийн багш, судлаач эдийн засагч Б.Отгонтөгс, Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн дарга, санхүүч Б.Ганбаяр нар уригдав.


Н.ЛУВСАНЖАВ: АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН НӨӨЦ БОЛОМЖ ШАВХАГДААГҮЙ

Одоогоос 28 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ ардчилсан Үндсэн хуулиараа тунхаглан баталсны өдөр даваа гаригт /2019.01.13/ тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжавтай ярилцлаа.

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. "Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм" гэж Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид гуай онч, мэргэн тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийн эл өдөр монгол хүн юу санаж бодож, мэдэж байх ёстой вэ?

-Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулийнхаа ач холбогдлыг нь ухаж бодох ёстой өдөр өнөөдөр тохиож байна. Үндсэн хуулийнхаа үзэл, баримтлал түүнд орсон заалт бүрийг сайн судалж, мэдэх ёстой баримт бичиг гэдгийг энэ өдөр бид санах ёстой. Үндсэн хуулийн тухайн заалт миний амьдралд яаж тусч байна, ямар үр нөлөө үзүүлж байна гэдгийг бодож эргэцүүлэх ийм л өдөр.

-Шинэ Үндсэн хуулийг батлах тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал ямар байв?

-1980-аад оны сүүлээр хуучин социалист системийн орнуудад гарсан хамгийн том өөрчлөлт болох Зөвлөлт холбоот улс задарснаар бүхэлдээ социалист систем задарсан. Улс орнуудад ардчиллын давалгаа эхэлж, БНМАУ социалист системийн нэг хэсэг байсны хувьд дээрх өөрчлөлтүүд манай улсад нөлөөлөхөөс өөр аргагүй ийм үйл явц болсон. Ардчилсан хувьсгалыг Монгол Улс харьцангуй тайван замаар хийж, улс төрийн болон эдийн засгийн эрс шинэчлэлийг зэрэг хэрэгжүүлэх үндсийг тавьсан шинэ Үндсэн хуулиа баталсан юм. Эрдэмтэн, судлаач, сэхээтнүүд олон намын тогтолцоо, олон урьгалч үзлийг төлөвшүүлэх, иргэдийн өмчтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, халдашгүй чөлөөтэй байх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох зэрэг иргэний эдийн засаг, нийгэм, улс төрийн эрхийг жинхэнэ ёсоор нь баталгаажуулах асуудлыг тусгасан шинэ Үндсэн хуулийн төслийг санаачилж, Ардын Их Хуралд ирүүлж байсан. Нийгмийн эрс өөрчлөлт зайлшгүй гэдгийг нийтээрээ ойлгож, дэмжиж байсан нь тухайн үеийн онцлог байв.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншаарай.


Б.ОТГОНТӨГС: САНХҮҮГИЙН САХИЛГА БАТТАЙ АХМАДУУДАА ТӨР ЯЛГАВАРЛАЛАА

МУИС-ийн багш, судлаач, эдийн засагч Б.Отгонтөгстэй ярилцлаа.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг УИХ-аас баталснаар ахмадын зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэх боллоо. Уг хууль хэрэгжсэнээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ойролцоогоор 800 тэрбум гаруй төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ойлгосон. Хэрэв Цагаан сарын өмнө ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж дээрх хэмжээний мөнгө эдийн засагт орж ирвэл энэ нь инфляцид сөргөөр нөлөөлнө. Зах зээлд их хэмжээний мөнгө хэвлэгдэн гарч эдийн засагт нийлүүлэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг. Монгол Улсын эдийн засгийн онцлог нь манайд ахиу импортлох хандлага өндөр. Ахиу импортлох хандлага гэдэг нь жишээ нь нэмэлт 100 төгрөгийн орлого олоход түүнээсээ 70-80 төгрөгөөр импортын бараа худалдан авахыг хэлнэ. Үүнд ААН, өрх, иргэний аль аль нь адилхан. Ялангуяа Цагаан сарын өмнөхөн худалдан авалт ихээр хийгдсэнээр нэг юань, ам.доллартай харьцах төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, энэ хэрээр төгрөгийн ханш суларна гэсэн үг. 2740 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар 2750 төгрөг болж төгрөгийн ханш суларна. Ингэснээр эдийн засагт бүхэлдээ нөлөөлж бүх хүний худалдан авах чадварыг бууруулах сөрөг талтай. Монгол Улс нийт 900 мянга гаруй өрхтэй үүний тодорхой хэсгийг ахмадууд эзэлдэг. Гэтэл эдийн засагт учрах дээрх сөрөг нөлөөллүүд 900 мянган айл өрхийн худалдан авах чадварт нь хүндээр тусна.

-Өөр эрсдэл бий юу?

-Банкны салбарт сөргөөр нөлөөлнө. Банкуудын хувьд тэтгэврийн зээл хамгийн сайн төлөгддөг, найдвартай зээлийн төрлийн нэг нь. Ахмадын тэтгэврийн зээлийг төрөөс чөлөөлөх шийдвэр гарснаар бусад төрлийн зээлийг хэрхэх бол гэдэг хүлээлт зээлдэгчдийн дунд бий болж, тогтворгүй байдал банкны салбарт үүсэх эрсдэлтэй. Мөн ёс суртахууны гажуудал бий болох талтай. Тухайлбал, бусад төрлийн зээлтэй буюу цалингийн, малчны, ипотекийн зээлийг сонгуулиас өмнө аль нэг улс төрийн нам нь тэглэчих болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсэх талтай. Банкны зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй хүлээж, харзнах байдал бий болох хэрээр найдваргүй зээлийн түвшин өсч банкны секторт сөрөг нөлөөлнө.

Нөгөө талаас Үндсэн хуульдаа “Хүнийг гарал угсаа, яс үндэс, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан. Гэтэл төрөөс хүн амынхаа нэг хэсгийнх нь санхүүг дэмжээд нөгөө хэсгийнх нь санхүүг дэмжилгүй ялгаварлаж болохгүй. Мөн энэ нь ахмадынхаа дунд тэгш бус ялгаварлан гадуурхалт бий болгож байгаа юм. Тэтгэврийн зээл авалгүйгээр санхүүгийн сахилга баттай, хэрэглээндээ тооцоотой хандаж байсан ахмадуудад 1 сая төгрөгийн үнэт цаас өгнө гэдэг нь иргэдээ ялгаварласан шийдвэр.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншаарай.


"МОНГОЛЫН СИЙЛБЭРЧИД ЦАС, МӨСНИЙ УРЛАГААР ДЭЛХИЙД ГАЙХАГДДАГ"

БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулсан цасны фестивальд Монгол уран бүтээлчид “Биднийг авраач” бүтээлээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн. Уг бүтээлийг урласан бүтээлчийн нэг мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Цагааны Мөнх-Эрдэнэ гэдэг. Би 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран сийлбэрч мэргэжлээр төгссөн. Одоо Улаанбаатар хотод амьдардаг. Чөлөөт уран бүтээлч.

-Хэдхэн хоногийн өмнө Монгол уран бүтээлчид БНХАУ-д зохион байгуулсан Чанчун, Харбин хотуудын цас, мөсний фестивальд амжилттай оролцсон гэж дуулсан. Энэ фестивальд оролцсон уран бүтээлчдийн амжилтын талаар ярилцлагаа эхэлье?

БНХАУ-ын Чанчун болон Харбин хотноо жил бүр зохион байгуулдаг цасны фестивальд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн. Монгол цасны тэмцээнд З.Ганжаргал ахлагчтай баг тэргүүн байр, Д.Цэрэнбат ахлагчтай баг гуравдугаар байр тус бүр эзэлсэн.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 14-ны өдрүүдэд болдог олон улсын мөс, цасан баримлын тэмцээнд энэ жил дэлхийн 18 улсын 37 багийн уран бүтээлчид оролцсон.

Мөн Чанчун хотноо өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулсан олон улсын мөс, цасан баримлын тэмцээнд Монгол Улсаас найман уран сийлбэрч оролцож, амжилт гаргалаа. Жишээлбэл, тус тэмцээний мөсний төрөлд манай баг хоёрдугаар байр, Б.Доржнамжил ахлагчтай баг гуравдугаар байранд шалгарсан бол цасны төрөлд Г.Энх-Эрдэнэ ахлагчтай баг дэд байр, манай баг гуравдугаар байранд орсон юм.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


"ТАХИЙН ТҮҮХИЙГ ДАВТАЖ ЯВАА МОНГОЛ БӨХӨН" 

Монгол бөхөн сүүлийн гурван жилийн дотор олноороо хорогдож, устах аюул нүүрлээд байна. Бөхөнг хэрхэн хамгаалах боломжтой талаар  доктор, профессор С.Дуламцэрэнтэй ярилцлаа. Тэрбээр социализмын үед анх удаа Алтайн өвөр говьд монгол бөхөн нутагшуулах ажлыг удирдаж байсан эрдэмтэн юм.

-Ярилцлагаа монгол бөхөн сэргээн нутагшуулсан туршилтын ажлаас эхэлье. Таныг энэ ажлыг хийхэд гар бие оролцсон гэдэг. Яагаад монгол бөхөнг сэргээн нутагшуулах болсон юм бэ. Туршилтын ажлын түүхээсээ хуваалцаач?

-Монгол бөхөнг нутагшуулах санаа 1960-аад оны сүүл 1970-аад оны эхэн үед гарсан. Бид 1960-аад оны сүүлчээс эхэлж монгол бөхөнг судлах ажлыг хийж байлаа. Зарим хэсэгтээ хэдхэн арав, өөр газартаа хэдхэн зуу хүрэхгүй толгой бөхөнг өсгөн үржүүлэхгүй бол мөхөхийн даваан дээр байна гэж ойлгосон тул энэ үеэс эхэлж манай төр засаг, мэргэжилтнүүд, эрдэмтэд цөмөөрөө л санаа зовж, энэ амьтныг сэргээн нутагшуулах талаар судалж эхэлсэн. Үүнд мөн ЗХУ-ын бөхөн гөрөөс судлаач эрдэмтэд ч оролцсон юм. 1970-аад оноос монгол бөхөн сэргээн нутагшуулах ажлын эхлэлийг тавьсан түүхтэй.

-Энэ ажлыг төрөөс анхаарч, хэрэгжүүлсэн гэсэн үү?

Тэр үед Д.Майдар дарга Монголын Байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн төв зөвлөлийг тэргүүлдэг байсан нь монгол бөхөнг нутагшуулах талаар Намын төв хороонд санал оруулах шалтгаан болсон байх.  Ингээд удалгүй МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Ан амьтны баялгийг хамгаалах, агналтыг журамлах зарим арга хэмжээний тухай” 1979 оны I тогтоолын 2-р заалтын “в”-д … бөхөн зэрэг ховор, ховордсон амьтныг урьд байсан нутагт нь нутагшуулах ажлыг төлөвлөгөөтэйгөөр зохиож байсугай” гэж цохон тэмдэглэсэн нь дээрх санааг бодит ажил болгох үндэслэл болсон. Ингээд эрдэмтэн судлаачид Д.Майдар даргын өрөөнд дуудагдаж судалгаа эхлүүлэх үүрэг авч хээрийн судалгааг Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн хээрийн судалгааны ангийн дэд эрдэмтэн Г.Н.Сапожников, тухайн үед эрдэм шинжилгээний дадлагажигч байсан Л.Амгалан, Говийн их дархан газрын мэргэжилтэн Ж.Бадамханд, С.Пүрэвдорж зэрэг бидний судлаачид гүйцэтгэсэн юм.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


"СЭТГҮҮЛЧДИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ЯЛЛАХ НЬ ЭРХ БАРИГЧДЫН СОНИРХОЛ"

Эрүүгийн хуульд шинээр орсон зарим заалтын талаар  МУИС-ийн дэд профессор, доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар баталсан. Гүтгэх гэдэг заалтыг Зөрчлийн хуулиас хасч, Эрүүгийн хууль руу буцааж оруулж байгаа нь нийгэм дэх эрүүл шүүмжлэлийг дарах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд маш халтай өөрчлөлт болохоор байна. Таны хувьд уг заалтыг амьдралд хэр нийцтэй гэж харж байна вэ?

-Гүтгэх үйлдлийн дийлэнх нь сэтгүүлчид рүү, эсвэл хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болдог учраас үүнийг Эрүүгийн хуульд оруулж хэрхэвч болохгүй. Тэр бүү хэл Зөрчлийн хуулиар ч шийтгэж болохгүй гэдэг байр суурийг би анхнаасаа баримталж ирсэн. Иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан. Эрх баригч нам Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гүтгэх буюу худал мэдээлэл тараах үйлдлийг Эрүүгийн хуульд оруулж байгаагийн цаад зорилго нь сэтгүүлчдийн амыг барих, Эрүүгийн хэрэг үүсгээд сэтгүүлчдийг хуулийн байгууллагын үүдэнд өглөө, оройгүй уяатай байлгах гэсэн санаа. Тиймээс энэ заалтыг зарчмын хувьд дэмжих боломжгүй. Нэг талаасаа дэлхийн нийтлэг жишиг, нөгөө талаасаа хэвлэлийн эрх чөлөөг боомилох асуудал. Төрийг тунгалаг байлгах, нийгмийн болж, бүтэхгүй бүхнийг ил болгодог гол хүмүүс бол сэтгүүлчид.

Хоёрдугаарт, Зөрчлийн хуулиар ч сэтгүүлчдийг шийтгэж болохгүй. Бусдын нэр хүндэд халдсан эсэхийг нь Иргэний хуулиар шийдэх боломж одоо ч бий. Өөрөөр хэлбэл, иргэний журмаар хоёр талаасаа нотлох баримтаа гаргаад нэр төрд нь халдсан эсэхийг тогтоох боломжтой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагагүй. Ингэснээр тухайн хүн буруу зүйл хийгээгүй гэдгээ нотлох бус эсрэгээрээ гэдийж суучихаад “Сэтгүүлч намайг гүтгэлээ” хэмээн хуульчлагдсан дарангуйлал бий болгох аюултай.

-Ер нь бол сэтгүүлчдийг л хүн гүтгэдэг гээд байдгаас биш улстөрчид ч гэсэн хүн гүтгэдэг шүү дээ. Худал мэдээлэл тараасан нь батлагдвал Эрүүгийн ял оногдуулахгүй, мөнгөн торгууль, зорчих эрхийг хязгаарлах зохицуулалттай гэж хууль санаачлагчид нь хуулиа хамгаалж байгаа?

-Эрүүгийн хэрэг үүсгэж байна гэдэг чинь урт удаан хугацаагаар сэтгүүлчийг хуулийн байгууллага шалгаж, дарамтална гэж ойлго. Шийтгэл нь торгуулийн боловч энэ бол ял. Ял гэдэг нь зөвхөн шоронд хийх гэсэн ойлголт биш. “…Нэг сараас гурван сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт нь сэтгүүлчийг гэрийн хорионд байлгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийг хамгийн багадаа зургаан сар цагдаж, “уяатай нохой” шиг хуулийн байгууллагын үүд сахиулах болно. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах гэж байгаа нь угтаа эрх баригч намын сонирхол. Сонгууль дөхөж байгаа энэ үед сэтгүүлчид эрх баригчдын муу, муухай асуудлыг гаргаж ирэхээс нь урьтаж оруулсан хууль гэж харж байна.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


"ТЭТГЭВЭРТ ГАРААД ПАУЭРЛИФТИНГЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН"

Спорт хүнийг залуужуулж, тууштай байдалд сургадаг хэмээн ярих дуртай түүнийг Дашийн Намхайдорж гэдэг. Тэрбээр нас бол тоо гэдгийг амжилтаараа батлан бусдад үлгэрлэж яваа ахмад тамирчдын нэг. Өдгөө 70 настай тэрбээр бодибилдинг, пауэрлифтингийн төрлөөр 15 жил тасралтгүй хичээллэжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө болсон пауэрлифтингийн УАШТ-ий ахмадын ангиллаас дөрвөн алтан медаль хүртэж амжилтаа ахиуллаа.

Түүний дараагийн оролцох тэмцээн бол бодибилдинг, фитнессийн “Монголын мистер-2020” юм. Ийнхүү тус тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж буй Д.Намхайдоржтой ярилцлаа.

-Сайн байна уу. Удахгүй болох “Монголын мистер-2020” тэмцээнээс яриагаа эхлүүлье.  Тэмцээний бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ утгаараа “Перфект боди” клубийн багш нар намайг залууст үлгэр дууриал болоосой гэсний үндсэн дээр тэмцээнд оролцооч гэж зөвлөсөн. Хэдхэн хоногийн өмнө пауэрлифтингийн УАШТ-д орсон болоод ч тэр үү биеийн өөх, хоол унд, бэлтгэл яг таарчихсан байна.

-Таны хувьд бодибилдинг, пауэрлифтингийн төрлөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

Паэурлифтингийн төрлөөр 15 дахь жилдээ буюу тэтгэвэрт гарснаасаа хойш хичээллэж байна. Энэ хугацаанд завсраар нь бодибилдингээр 2004-2008 онуудад идэвхтэй хичээллэж, мастер ангилалд 2004 онд 2006, 2010 онд түрүүлж байлаа. Өөрөөр хэлбэл 60 настайдаа фитнесээр хичээллэсэн гэсэн үг л дээ.

-Саяхан зохиогдсон пауэрлифтингийн УАШТ-ий ахмадын ангиллаас дөрвөн алтан медаль хүртжээ. Сэтгэгдэл хэр байв?

-Мастер гурав жинд гурван алт, нийлбэртэйгээ дөрвөн алт авлаа. Тус тэмцээнд гурван төрөл буюу суултаар 180 кг, шахалт нь 117.5 кг, таталт нь 200 кг-ийг татсан. Тэгэхээр би биеийн жингээсээ гурав дахин илүүг өргөсөн байгаа юм. Хүний бие дасгал хөдөлгөөн хийж л байвал насны хязгаарт баригдахгүй амжилт гаргадаг гэдгийг би өөр дээрээ үзүүлж байна.

-Энэхүү спортын төрлийг яагаад сонирхох болов. Залуудаа та бөх барилдаж байв уу?

Бодибилдинг бүх спортын хаан гэгддэг их гоё спорт. Хүмүүсийг гоё галбиртай болгохоос гадна тууштай байдалд сургаж, нэг ёсондоо төлөвшүүлдэг. Энэ дотроо паэурлифтингийн төрөл онцлогтой. Пауэрлифтингээр уйгагүй хичээллэсний үр дүнд 2015-2018 онуудад дэлхийн гурван удаагийн, Азийн дөрвөн удаагийн аварга боллоо. Энэ бол 54 настайгаасаа хойш авсан медаль шүү дээ.

Харин залуудаа 1969-1972 онд спортоор хичээллэж байгаад спортоос хөндийрч тээврийн жолооч болсон. Ингээд 50 гаруй жил тээвэрт явлаа. Хөдөө гадаа их явахаас гадна хилийн аймгууд, хилийн отряд, заставын жолоочоор ажиллаж байгаад 2000 онд Монгол Улсын гавьяат тээвэрчин  цолыг хүртсэн.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


"ТЭТГЭВЭРТ ГАРААД МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ АЯЛАЛД ГАРАХ ХЭРЭГТЭЙ"

Монголчууд бид ахмад настнаа хэр анхаарч байна вэ. Ахмад настныхаа сэтгэл зүйн байдлыг хэр мэдэх вэ. Ахмад настны сэтгэл зүйн байдлын талаар Монголын урлагийн сэтгэл судлалын төвийн гишүүн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ахлах зэргийн эмч Т.Мандхайтай ярилцлаа. Тэрбээр ардын уран зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Бааст агсны ач юм.

-Монголд ахмад настны сэтгэл зүйн байдал ямар түвшинд байна вэ?

-Монголын байдлыг ярихын өмнө дэлхийд ахмад настны эрүүл мэнд, сэтгэл зүйн байдал ямар байгааг дурдах хэрэгтэй болов уу. Дэлхийн 10 хүн тутмын нэгийг 60-аас дээш насны хүн эзэлж байгаа. Сүүлийн жилүүдэд насжилтаар нь дэлхийн зарим улс орныг “super aged” буюу хэт өндөр насжилттай улс гэж нэрлэх болсон. Үүнд, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц зэрэг олон улс ордог. Мөн XXI зууны дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн нэгдүгээрт настны сэтгэцийн эмгэг судлалын салбар ороод байна. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд дундаж насжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор ахмад настай хүмүүсийн биеийн өвчин эмгэгээс гадна сэтгэл зүйн эрүүл мэндийг анхаарах цаг ирээд байгаа.

–XXI зуунд настнуудын өмнө тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу байна вэ? 

-Дэлхийн олон оронд 60-аас дээш насны хүн ам ихсэхтэй зэрэгцэн тэнэгрэл ихэсч байна.

-Өндөр наслахын зэрэгцээ, бүтээмж өндөртэй буюу чанартай амьдрах нь чухал. Хэрхэн чанартай урт наслах вэ?

-Сайхан асуулт байна. Одоогийн цаг үед хэрхэн урт наслах вэ гэхээс илүүтэйгээр хэрхэн амжилттай, чанартай, эрүүл наслах вэ гэдэгт илүү анхаардаг болсон. Тиймээс ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл насжилт гэдэг ойлголтыг түлхүү түгээж байна. Энэ ойлголтод биеийн өвчин эмгэггүй байхаас гадна нийгмийн идэвх оролцоотой, амьдралдаа сэтгэл хангалуун байх, танин мэдэхүйн байдал зэрэг багтдаг. Жишээ нь, оюун ухаан, танин мэдэхүйн байдал буурвал тэнэгрэл буюу хүмүүсийн ярьж заншсанаар өтлөх, зөнөгрөх эмгэг энэ насанд түгээмэл үүсдэг. Эрүүл амьдралын хэв маяг нь өөрөө тэнэгрэлээс урьдчилан сэргийлдэг гэж үздэг. Иймээс эрүүл насжилтыг хүсч байгаа бол эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх шаардлагатай болно. Үүний тулд ахмад настнууд маань наад зах нь эрүүл хооллолтыг эрхэмлэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, архи, тамхи хорт зуршлаас татгалзан, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй юм.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


Д.ГАНБАЯР: МОНГОЛБАНК УДИРДАХ ЗӨВЛӨЛТЭЙ БОЛОХ ЁСТОЙ

Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн дарга, санхүүч Б.Ганбаяртай ярилцлаа.

 -Тэтгэврийн зээлийг тэглэснээр Монгол Улсын эдийн засагт хүндрэл учрах нь тодорхой боллоо. Санхүүчийн хувиар энэ талаарх санал бодлоо хуваалцахгүй юү?

-Энд нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Улс төрчид зээл авч байгаа хүн ядуу гэдэг ойлголтоос салмаар байгаа юм. Компани, өрх, улс болгон зээл авдаг. Зээл бол санхүүгийн бүтээгдэхүүн. Түүнийг авч арилжаанд орж, хэд дахин илүү үр өгөөж хүртдэг. Бүр мөнгөгүй болоод нэг удаа цагаан сар, баяр тэмдэглэхээр зээл авч байгаа зарим хүмүүс байж болно. Гэхдээ энэ нь зээл авч буй хүмүүсийн маш бага хувь нь. Нөгөө талаасаа хүмүүс өөртөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт буюу ирээдүйд хөрөнгө оруулалт хийх зорилгоор зээл авдаг гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэтгэврийн зээлийг тэглэж буй асуудал нь Монгол Улс болон эдийн засагт асар том хохиролтой. Яагаад гэхээр, 2016 онд шинэ засаг засаг авахад долларын ханш 2050 төгрөг байсан. Одоо 2700 руу орчихлоо. Энэ хугацаанд 700 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ хугацааны эдийн засгийн мөчлөгийг харахад 2016 оноос хойш эдийн засаг өсөлттэй гарсан. Шинэ засаг гараад, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа. 2017 онд 5.3 хувьтай, 2018 онд 6.9 хувьтай, 2019 онд 7.2 хувьтай өсөлттэй явсан.

-Долларын ханш өсөх үндэслэл байгаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ, ямар ч үндэслэл байхгүй. Энд гаднаас орж ирсэн зээлийн өр төлбөрийн хэмжээ харагдаж байгаа. Одоогоор Монгол Улс 30 тэрбум долларын өртэйгөөс Засгийн газрын өр 7.3 тэрбум, Төв банкных 1.9 тэрбум. Засгийн газрын өрийн хэмжээ 2016 онд байснаасаа бараг нэг дахин илүү нэмэгдсэн. Гаднаас хангалттай доллар орж ирсэн. Дээрээс нь худалдааны баланс гэвэл 2019 оны байдлаар 1.4 тэрбум долларын нэмэхтэй буюу эерэг гарсан. Бидний импортлохоосоо илүү экспортлож буй бүтээгдэхүүн их байсан. Гэтэл Монголбанкны М2 буюу мөнгөний нийлүүлэлт 19.8 их наяд төгрөг байна. Монголбанкнаас гаргаж буй мөнгөний хэмжээ их болчихоод байгаа. Дээрээс нь 2020 оны төсөв 2.4 их наядын алдагдалтай гарсан. Энэ бол маш ноцтой асуудал. Үүгээр дамжуулаад төсвийн тодотгол зайлшгүй хийх ёстой байсан. Тэтгэвэр тэглэх асуудалтай холбоотойгоор эрх баригч МАН, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн тодотгол хийхгүй гэж байна.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншаарай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mgl 2020-01-18 103.57.95.152

Tiishd. Durakuud. Heleh ug alga.

Avatar

bi 2020-01-18 150.129.143.199

Battulgiig ih demjsen daanch iim teneg gedgiig odoo l medlee

Avatar

Зочин 2020-01-18 122.201.22.207

Отгонтегс зээл тэглэхин хор уршгиг сан таилбарлажээ. Эдин засаг. Энэ шиидвэр муу нелеелснеер зээлээ тэглуулсэн ч гэсэн бух иргэд 6 сарын дараа хохирол амсаж эхэлнл. Сая оросын шинэ еренхии саид ямарч зээлииг тэглэхгуи зээл тэглэснээр бух иргэд хохирч цеехен хун тур зуур хожино гэсэн баисан

Avatar

Зочин 2020-01-18 202.179.26.47

Тэгсэн.

Avatar

ЗОЧИН 2020-01-18 202.126.89.240

ТАРВАГЫГ ДАГАЖ КАРЕРАА ДУУСГАСАН ӨНӨРБАЯР ГЭГЧ ДУРАК ЮУ Ч ДОНГОСООД НЭМЭРГҮЙ ГЭДГЭЭ ОЙЛГОДОГГҮЙ !!! ХА ХА ХА !!! ХАР АВИЛГАЧ !!!

Avatar

Зочин 2020-01-18 203.91.115.45

Өрийн сэтгэлийн дарамтанд байгаа ахмадуудад нэг удаа туслах ч сайхан буян. Мэдэх мэдэхгүй хууль, ойлгогдох ойлгогдохгүй яриагаар амьжиргаагаа хийж сурсан залуучууд аа гэж

Avatar

Зочин 2020-01-18 203.91.115.45

Санхүүгийн сахилга баттай, сайхан сэтгэлтэй ахмадууддаа, хэрхэн атаархах, хэрхэн барьцах гэсэн муу чанаруудыг заачих юм. Хүүхдүүдэд бол бүүр болохгүй шүү. Улс төрчид дотроо л үзэлцэнэ биз

Avatar

Иргэн 2020-01-18 202.9.46.219

Эцэг, эх хүүхэддээ ямар нэр өгөх нь та нарт ямар ч падлийгүй. Хуцалгүй дуугай өөрийнхөө хүүхдэд өгөх нэрээ л бод. Хүний хэрэгт хошуу дүрсэн эргүү оркууд дүүрэн болжээ.

Avatar

Зочин 2020-01-18 64.119.17.78

Uchral, Solongo gedeg bas emegtei hunii ner gedeg. iim nertei bol eregtei bol yadiin bol doo

Avatar

Зочин 2020-01-18 64.119.17.78

Dolgoon, Namuun gedeg bas eemgtei ohini ner. iim nertei er hun zaluu yugaa hiine. humuus yum bodmoor. Olzihuu huudee iim ner ugnu doo oor hen baihab.

Avatar

Зочин 2020-01-18 64.119.17.78

Tamir gedeg japan helend miss hurhuun ohin gesen utga gargadag . eregtei hun im nertei bol boon onigoo doo. Tsetseg gedeg eregtei hun zaluu bainuu.

Avatar

Зочин 2020-01-18 64.119.17.78

haranga Hatanbaatar Lhagbasuren ahiin duude Aizam Battor minii duu ahiinha gabyat yuyigchin bas toriin shagnaliig abaarai. tegeed horshoi gabyat yuyigchin horshoi toriin shgnalt geey yaby bai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж