УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед УИХ, Засгийн газрын гишүүдийн оролцоо тун хангалтгүй байлаа.
Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бухимдаж, эрх баригчдыг ирцээ бүрдүүлэхийг шаардсан юм. Тэрээр "Үндсэн хуулийн 25.1-т заасны дагуу УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд улсын төсвийг хэлэлцэн баталдаг. Төсөв маань төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулиуд гэсэн бүрдэлтэй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 25.1.4-т зааснаар улсын төсвийг хэлэлцэж байхад Төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагч Ерөнхий сайд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллага, сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ байх ёстой. Бид өчигдөр төсвийн хүрээний мэдэгдлийг хоёрхон сайдтай баталсан. Сайд нар нь алга, Ардчилсан намын гишүүд маань алга болсон. За яахав дээ гээд л явсан. Бид сөрөг хүчин байж та бүхний өмнөөс ирцээ бүрдүүлээд ачааг чинь үүрээд төсвийн хүрээний мэдэгдлээ батлаад явсан. Өнөөдөр дахиад тэгэх юм уу? Бид сөрөг хүчин байж яагаад та бүхний ачааг үүрэх ёстой юм. Гишүүдээ хуралдаа оролцуул, сайд нараа хуралдаанд оролцуул. Ирцгүй хуралдаж байна. Үндсэн хууль зөрчигдөж байна. Тийм учраас МАН-ын гишүүд бид энэ хуралдаанд оролцохгүй. 31 гишүүнтэй хуралдаад явбал Үндсэн хууль зөрчигдөнө шүү. Эрх баригчид ирцээ бүрдүүлэхгүй бол МАН-ын гишүүд хуралд оролцохгүй. Ачаагаа үүрсэн шиг үүр, ажлаа хийсэн шиг хий" гэсэн хатуухан үг чулуудаад авсан юм.
Цаг 12.06 болж байх үед чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн тоо 20 ч хүрэхгүй байлаа. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, Сангийн сайд Б.Болор, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг нар оролцлоо. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс тус бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, О.Содбилэг, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, М.Энхболд, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат, А.Тлейхан нар сууж байв.
Нэмэгдэж орж ирсэн гишүүдийн тоо харин хоёр. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар ирсэн билээ.
Төсвийн тодотголыг хэлэлцэх гэж ч УИХ халтуурдаж байна даа. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ.
Г.ХОРОЛ