Улаанбаатар хотын хүн ам 1990 онд 590 000, 1995 онд 640 000, 2000 онд 790 000, 2005 онд 970 000, 2010 онд 1 130 000 болж эрчимтэй өсч байна. өнөөдрийн байдлаар 1 500 мянга орчим нь нийслэлд амьдарч байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хотын төвлөрөл нэмэгдэж, үүнийг дагасан олон асуудал үүсээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр архитекторууд цугларан “Хот байгуулалтын тулгамдсан асуудал” уулзалтыг зохион байгуулсан юм. энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий архитектор О.Одбаяраас зарим зүйлийг тодруулав.
-Нийслэлд тулгамдаж буй томоохон асуудал бол замын түгжрэл. Энэ талаар цаашид ямар арга хэмжээ авахаар ерөнхий төлөвлөгөөнд тусгаж байгаа вэ?
-Ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар тойрог замын тоог нэмнэ. Энэ ажлын эхлэл болгож Богд уулын арын 18 км замыг ашиглалтад оруулсан. Мөн Туул голын хойд талаар хурдны зам тавих замаар баруун, зүүн чиглэлийг хооронд нь холбоно. Дарь Эх таван буудлыг холбосон тойрог зам хийхээр төлөвлөсөн. Ингэснээр Энхтайваны гудамжаар дайрч хотын зах руу явдаг урсгалыг сааруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хотын төвийн замын ачааллыг бууруулж байгаа юм.
Мөн тусгай зориулалтын автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Энэ мэтчилэн нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг шинэчлэн зохион байгуулалтад оруулах юм.
-Ингэснээр нийслэлийн замын түгжрэлийг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ?
-Нийслэлийн замын түгжрэлийг бууруулна гэдэг харьцангуй асуудал. Учир нь 2012 онд л гэхэд Улаанбаатарт жилд 20-30 мянган машин орж ирдэг байсан. 2014 онд энэ тоо 50 мянга болж нэмэгдсэн. Тиймээс нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад улсын бодлого гаргаж ажиллах нь илүү үр дүнтэй. Жишээ нь буруу талдаа рультэй машиныг таван жилийн хугацаанд оруулахгүй байхаар зохицуулдаг ч юм уу.
Гэхдээ мэдээж замын түгжрэлийг бууруулахын тулд дугаарын хязгаарлалтаас эхлээд янз бүрийн арга хэрэглэж байна. Дээрээс нь нийтийн тээврийн унааг нэмэгдүүлэх арга зам ч бий. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулж байгаа юм.
-Энэ асуудалд тулгамдсан ямар асуудал байдаг вэ?
-Эдийн засгийн асуудал л тулгардаг. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахдаа олон улсын байгууллага, гадны шинжээчдийн саналыг авсан. Маш сайн боловсруулсан гэж болно. Үүнийг хэрэгжүүлэхэд гагцхүү санхүүгийн боломж, мөн эрхзүйн орчноо сайжруулах хэрэгтэй.
-Энэ жилийн хувьд санхүүгийн асуудал хэр байна вэ?
-2015 оны байдлаар зүүн бүсийн ерөнхий төлөвлөгөөг гаргахаар болсон. Харин 2016 онд баруун бүсийн ерөнхий төлөвлөгөөг гаргана. Одоогоор инженерийн шугам, гол магистрал шугамыг тавих ажлыг хийж байна. Ямартай ч энэ ажилд улс, нийслэлээс багагүй хэмжээний хөрөнгө гаргаж байна.
-Ер нь Улаанбаатар хотын төвлөрөл ямар хэмжээнд хүрсэн байна вэ?
-Мэдээж Улаанбаатар хотын төвлөрөл жил бүр өсөн нэмэгдэж байна. хэт төвлөрлийг сааруулахын тулд эхнээсээ нийслэлийн татварын тогтолцоог хэрэгжүүлж байна. Цаашид хот төлөвлөлтийн татварыг ч авах зорилготой байна. Ингэснээр хэт замбараагүй болсон суурьшлыг цэгцэлнэ. Дээрээс нь хот төлөвлөлтийг сайжруулах ажлын санхүүжилтээ ч гаргаж болно гэсэн үг.
БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА, Н.БАТМӨНХ