Влад Филат
Фото: Bta / Zumapress / Global Look
Молдавт тус орны ерөнхий сайд асан, парламентын гишүүн Влад Филатыг улсын хөрөнгө шамшигдуулсан хэргээр гурав хоногийн хугацаатай баривчилжээ. Энэ тухай Авлигатай тэмцэх Үндэсний төвийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Анжела Старинская мэдээлэв. Ерөнхий прокурорын өгсөн ордерийн дагуу түүнийг парламентын ордонд баривчилсан байна.
Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Филатыг авлигын хэрэг болон банкны системээс мөнгө завшсан хэрэгт буруутгаж байна. Авлигын төвийн мөрдөн байцаагчид мөрдөн байцаалт явуулах хугацаанд түүнийг 30 хоногоор баривчлуулах хүсэлтийг шүүхэд тавих талаар яригдаж байгаа бол Филат өөрийн гэм буруугүйг батална гэдгээ хэлжээ.
Молдавт есдүгээр сарын эхээр улс төрийн хямрал эхэлжээ. Молдавын гурван банкнаас нэг тэрбум ам.долларыг офшорын бүсэд гаргасан тухай “Зууны хулгай” гэж нэрлэгдсэн хэрэг энэ хавар мандсан нь хямралыг өдөөсөн юм. “Эрхэм чанар ба үнэн” нэртэй хөдөлгөөнийхөн парламентын ээлжит бус сонгуулийг ирэх жилийн хавар явуулахыг хүсч, Ерөнхийлөгч болон Засгийн газрыг огцрохыг шаардан, гудамжинд жагссан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР