ГАНДАНТЭГЧЭНЛИН: ЧИНГИСИЙН ШАР ЗУРХАЙ МОНГОЛЧУУДЫНХ БИШ

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

ГАНДАНТЭГЧЭНЛИН: ЧИНГИСИЙН ШАР ЗУРХАЙ МОНГОЛЧУУДЫНХ БИШ

ГАНДАНТЭГЧЭНЛИН: ЧИНГИСИЙН ШАР ЗУРХАЙ МОНГОЛЧУУДЫНХ БИШ

Цаг тооллын маргаан жил жилийн цагаан сарын баярын өмнө үргэлжилдэг. Энэ жил ч бас Хаврын тэргүүн сарын шинийн 1-н бүтэн сарын зөрүү гарав. Идэвхтэй маргадаг хоёр тал буюу Азийн “Шар зурхай”-г баримтлагсад зурхайч М.Намсрай тэргүүтнүүд монголчуудын цагаан сарын баяр Хятадын цагаан сартай давхцаж нэгдүгээр сарын 25-нд болно гэх мэдээллийг өгөөд байна.


МАНЖИЙН ХААНЫ ЗАХИАЛГАТ ЗУРХАЙГААР ХЭДИЙ БОЛТОЛ БУДИЛЖ, ХАА ХҮРТЭЛ ЯВАХ ГЭСЭН ЮМ БЭ?

Монголын чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн, зурхайч М.НАМСРАЙ: 

-Ази даяараа Цагаан сарын баяраа нэг өдөр хийнэ. Тухайлбал, нэгдүгээр сарын 25-нд цагаан төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1 тохиож байна. Монголчуудын цагаан сар нэгдүгээр сарын 25-нд болно. Монголын нууц товчооны дөрөвдүгээр бүлгийн 141 дүгээр зүйл, 1201 оны тахиа жилээр эхэлж байгаа нь жирийн хэрэг биш. Чингис хааны их үйлсийн эхлэл, 1189 оны тахиа жилийг заахын зэрэгцээ “Тахиа жилд Түмэн хөдөлнө. Бэлээхэн хаадын маань зарлигтай, хаан төрийн тооллыг Их Монгол Эзэнт гүрний эрхэнд байсан бүх улс орон өөрийн мэт хэрэглэсээр байхад монголчууд бид өөрсдөө харь төвдийн тооллыг баримталж, өдөр нь, сар нь байнга тасарч, давхардаж, зөрж байдаг, үзэл суртлын хорлон сүйтгэгч Манжийн хааны захиалгат зурхайгаар хэдий болтол будилж, хаа хүртэл явах гэсэн юм бэ гэж би үргэлж хэлдэг хэмээв.

Уг мэдээллээс үүдэн олон нийтийн дунд цагаан сараа  нэгдүгээр сарын 25-нд тэмдэглэхүү, хоёрдугаар сарын 24-нд тэмдэглэх үү гэдэгт төөрөгдөл үүсээд байна.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Төгс буянтын гэх 1704 онд Сүмбэ хамба Ишбалжир гэгч шашны зүтгэлтний зохиосон зурхайг баримтлагсад (Монголын бурхан шашинтны төв Гандандэгчилэн хийдийн лам нар) цагаан сарын баяр Хаврын тэргүүн сарын шинийн 1-н хоёрдугаар сарын 24-нд тохиож байна гэх байр суурийг илэрхийллээ.

ТӨГС БУЯНТЫН ЗУРХАЙГААР ЦАГААН САР ХОЁРДУГААР САРЫН 24-НД БОЛНО 

Зурхайч Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.ТЭРБИШ: 

Монголын цагаан сар Хаврын тэргүүн сарын шинийн 1-нд буюу хоёрдугаар сарын 24-нд тохиож байна. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс цагаан сар нэгдүгээр сарын 25-нд гэж Хятадын зурхайг дагаж байна. Чингисийн шар зурхайн тоолол бол монголчуудын зурхай биш. Ер нь хувьтай хүн хулгана жилд гэх цуу яриаг манжууд өөрсдийн цаг тоололд бэлгэдэж гаргасан хэмээх түүх бий. Энэ утга санааг VIII Богд Жавзандамба хутагт Талми үсэг /язгуурын таван бурхныг бэлгэдсэн/ -ээр адистат үсгийг зурах ёс хэлбэр, дүрс хэмжээ, ач тус, хэлд оршвой хэмээх номдоо “Модон эр хулгана жилд монголчууд төрийг зассан, олон улсын харилцаанд анхаарсан” гэж үгийн далд утгаар монголчууд хулгана жилд ямар ч үйлд барцадтай гэж манжийн бодлого, зурхайг эсэргүүцсэн байдаг. Мөн Богд гэгээнтэн зарим ноёдын лагшин, оюуны мэлмий бүтгэрсэн тул мэлмий нээгч Жанрайсаг бурхныг бүтээж байжээ. Монголчууд шашны төрт ёсны бодлоготой. Үүний том илрэл нь Монголын Гандантэгчинлэн хийд. Ёс томбогор, төр төмбөгөр тул монгол түмэн Гандантэгчинлэн хийдээс гаргасан дүрэм журам, зурхайн тооллынхоо дагуу Төгс буянтын зурхайгаар цагаан сараа хоёрдугаар сарын 24-нд тэмдэглэнэ.

М.Намсрай тэргүүтэй хүмүүс ярихдаа монголчууд манжийн эрхшээлд орсон үедээ төвд зурхайг дагасан гэдэг. Үнэн хэрэгтээ Төгсбуянтын зурхай бол малчин ардад тохирсон, байгаль цаг уураа шинжиж, гариг эрхсийн байрлалыг судалсны эцэст Ишбалжир гуайн зохиосон зурхай юм.

АШИГ СОНИРХОЛ ХАЙСАН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС МОНГОЛЧУУДЫГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА

Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ж.ОДГАРЬД: 

-Монгол түмэн хоёрдугаар сарын 24-нд цагаан сараа тэмдэглэнэ. Ер нь жилийн жилд цагаан сарын баярын өмнө зурхайн талаар ашиг сонирхол хайсан хэсэг бүлэг хүмүүс олны анхаарал татаж мэдээлэл хийж, олныг төөрөгдүүлэх боллоо. Би хувьдаа М.Намсрай, Г.Сарандаваа тэргүүтэй хүмүүсийг зурхайч гэж үзэхгүй байна. Чингис хааны шар зурхай бол монголчуудын зурхай биш шүү дээ. Энэхүү зурхайн тоололд хаврын тэргүүн сарын шинийн 1-н, цагаан сар нэгдүгээр сарын 25-нд гэж тэмдэглэгдсэн. Энэ тооллоор бидний урд хөрш цагаан сарын баяраа тэмдэглэх байх. Чингисийн шар зурхайг  XVI зууны үед Хятадууд гаргасан байдаг. Төгс буянтын зурхайгаас маш хожуу үед гарсан. Тийм болохоор  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс цагаан сар тэмдэглэх тухай төрийн гаргасан шийдвэрийг дагана. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд үндэслэсэн Төгс буянтын зурхайгаар монгол түмний цагаан сар хоёрдугаар сарын 24-нд тохиож байна. Энэ үед хаврын тэргүүн сарын шинийн 1-н таарч байгаа юм.  Байгаль цаг уур нь ч хаврын урь орсныг илтгэдэг шүү дээ" гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
11
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж