“ЗГ-тай хариуцлага ярихаас аргагүй байна”

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

“ЗГ-тай хариуцлага ярихаас аргагүй байна”

УИХ-ын гишүүн А.Тлейханаас дараах тодруулгыг хийлээ.


-Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед гишүүдийн ирц хуульд заасан хэмжээнд хүрээгүй байсан. Ийм байтал хурал даргалагч төсвийн хуулийг хэлэлцлээ. Эрх баригч нам ирцээ бүрдүүлсэнгүй гээд нэлээд маргаан гарлаа. Өнөөдрийн чуулган өглөө эхлэхэд ирц хуульд заасан хэмжээндээ хүрсэн байсан уу. Яг юу болоод өнгөрөв өө?

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэх ёстой ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 1 цаг гаруйгаар хоцорч эхэлсэн. Ирц тухайн үед 50 хувьдаа хүрсэн, 40 гишүүн болсон л доо. Гэхдээ өчигдөр УИХ-аар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх болоход сайд нарын олонхи нь эзгүй байсан. Шийдлийн Засгийн газар Ерөнхий сайдыг оруулаад 19 сайдтай. Харамсалтай нь, өчигдөр 5 сайд л байсан. Түүнээс болж, асуудлаа хэлэлцэж чадалгүй чуулганыг завсарлуулсан. Өнөөдөр өглөө хурал эхлэхэд мөн л сайд нар ирц тааруу, Ардчилсан намын бүлгийн гишүүд ч хангалттай ирээгүй байсан. УИХ-аар Төсвийн тухай хууль, төсвийн тодотгол, түүнийг дагалдаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхэд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ёстой. Удаа дараа шаардлага тавиад байхад сайд нар ирэхгүй болохоор нь манай бүлгийн дарга шаардлага тавьж, бид картаа сугалсан.

-Та бүхэн картаа сугалахаар ирц бүр байхгүй болж, хууль хэлэлцэх боломжгүй болно биз дээ?

-Хуулиа УИХ-ын төвшинд хуулийн хүрээнд хэлэлцэхийн тулд ингэхээс өөр аргагүй байна. Эрх баригчид ирцээ бүрдүүлэхгүй байна. Ер нь өнөөдөр ч биш сүүлийн үед чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн тоо хуульд заасан хэмжээндээ хүрдэггүй болсон. Яагаад гишүүд хуралдаа ирдэггүй юм, бүү мэд. Монголын эдийн засаг, нийгмийг дампуу байдалд оруулж, ард түмний амьдралыг унагаачихсан учраас түүнийгээ хэлэхээс ичээд байдаг юм уу.

Хурал даргалж байгаа хүн нь бас будилуулж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр гурван багц хуулийн төслийг хэлэлцэж байхад нэгийг нь сугалж авч хойшлуулъя ч гэж байх шиг. УИХ-ын чуулганы хуралдаанаа дэгийн дагуу хуралдуулж төр шиг л баймаар байгаа юм. Тэгж чадахгүй тоглоом тохуу болгож УИХ-ын нэр хүндийг ч унагаж гүйцлээ.

Эдийн засаг хүндэрч байна шүү дээ, ийм үед бид 2015 оны төсвийн тодотголоо чамбай хэлэлцэх ёстой. Гэтэл ирдэггүй. Улсынхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг нээлттэй хэлэлцэхэд ичгэвтэр байгаа бол хаалттай хуралдаан хийж Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна, юунаасаа болов, гарц нь юу байна гэдгийг яриад нэгдсэн ойлголтод хүрч болно. Ингэе гэхээр бас хийхгүй. Тэгсэн хэрнээ Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцье гэдэг. Ийм УИХ байж болох уу. Албан тушаалаа ашиглаж, идэж уусан нөхдүүдийг хэлэлцэх болохоор хаагаад хэлэлцдэг.

Эдийн засгийн асуудал хэлэлцэх болохоор хойш суугаад ирдэггүйд нь харамсч байгаа.

-УИХ-аар Төсвийн тухай хуулийг ирц муутай хэлэлцэж байсан тохиолдол үгүй. Шаардлага тавиад байхад хангагдахгүй учраас Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавьж яагаад болдоггүй юм гэдэг яриа танай бүлгийн гишүүдийн дунд гарч эхэлсэн юм уу?

-Тийм ээ, үдээс өмнөх хуралдаанаар бид картаа сугалж гараад хоорондоо зөвлөлдсөн. Энэ бол бүлгийн хурал биш шүү. “Байдал хүндэрч байна, төсвөө ч хэлэлцүүлж чадахгүй Засгийн газар байж болох уу” гээд ярьсан. Сайд нар нь ирэхгүй, юу ч хийж явдаг юм. Төсөв гэдэг бол сайд нарын хамгийн түрүүнд сууж хийх ажлын нэг. Монгол Улс дараа онд ямар байх вэ гэдгийг харуулж байгаа том толь. Энэн дээр л ингэж сайд нар идэвхигүй оролцож байхад цаашдаа Засгийн газар сайн ажиллаж чадна гэж итгэл үзүүлэхэд эргэлзээтэй байгаа учраас би хувьдаа Засгийн газарт хариуцлага тооцоход болохгүй юм байхгүй гэж үзэж байгаа. Ийм Засгийн газартай яваад улам л дордоно уу гэхээс сайжрах төлөв харагдахгүй байна. Бид хүлээсэн. Энэ хооронд хамтарч үзлээ, хөөгдөж гарлаа. Үр дүн бахь байдгаараа л байгаа шүү дээ. Тийм учраас Засгийн газар ажиллаж чадах уу, үгүй юу. Хариуцлага тооцвол яасан юм бэ гэдэг яриа гараад л байна.

-Ирэх долоо хоногт Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх чиглэл байгаа юу?

-Үндсэн хуулийн дагуу Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг гишүүдийн 19 нь дэмжиж гарын үсэг зурж, хуулийн төсөл мэдүүлсэн нөхцөлд хэлэлцдэг. Гарын үсэг цуглуулаад эхэлсэн, одоогийн байдлаар 15 хүрсэн гэж сонсогдож байна лээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж