Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардсан албан бичгийг НИТХ-ын даргад хүргүүлсэн билээ.
Ингэхдээ хотын дарга Э.Бат-Үүлийг 410 тэрбум төгрөгөөр "гараа угааж", 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендэрт хүүгийнхээ компанийг шалгаруулан, батламж гардуулсан зэрэг үндэслэлүүдийг дурьдан, нийслэлийн төсвөөр хийгдсэн ажлуудын мөнгөн дүн бүхий жагсаалт гарган тавьсан байсан юм.
Энэ асуудалд хотын дарга Э.Бат-Үүл өнөөдөр албан ёсны тайлбар хийж, МАН-ын нэр бүхий 12 гишүүнийг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.
Тэрбээр “Намайг санаанд багтамгүйгээр, хүний ёсноос гадуур гүтгэн, гүжирдэх кампанит ажлыг хэсэг нөхөд зохион байгуулалттайгаар өрнүүлж эхэллээ. Тэд хэвлэлээр гүжир, гүтгэлэг цацаж байна. Энэ нь надад болон миний гэр бүлд эдийн бус хохирол учруулсан" гэсэн юм.
Түүний ярианд анхаарал хандуулна уу.
- Баянзүрх дүүргийн 12 хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт явуулах компаниар Э.Бат-Үүл дарга хүүгийнхээ "Грандлайн" компанийг шалгаруулж, батламж гардуулсан нь хууль бус үйлдэл гэж МАН-ын бүлгээс тайлбарлаж байгаа. Харин дээрх асуудалд Хотын дарга "Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга, хэмжээ бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч шалгаруулах шийдвэрийг би гаргах эрхгүй, оролцдоггүй" гэсэн тайлбар өгч байна.
- МАН-ынхны шүүмжлэлд өртсөн Хотын дарга Э.Бат-Үүл хуулийн хүрээнд асуудлыг шийдэх болсноо албан ёсоор мэдэгдэж, өөрт болон гэр бүлдээ үүссэн сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрт шилжүүлэн нэхэмжилнэ гэв. Гэхдээ тэр энэ удаа хэчнээн төгрөг нэхэмжлэхээ хэлээгүй бөгөөд "Захиргааны хэргийн шүүхээр гомдлоо барагдуулна" гэлээ.
- "Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр" гэдэгчлэн нийслэлийн МАН-ынхны хотын захирагч руу шидсэн бөмбөг буцаж ойж мэдэх юм. НИТХ-ын дарга Д.Баттулга өчигдөр "МАН-ын бүлгийн 12 гишүүний саналыг хүлээн авч, НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх боломжгүй" гэсэн тайлбар хийсэн. Ингэхдээ МАН-ын нэр бүхий гишүүдэд бодит тоо ярихыг тэрбээр анхааруулж байлаа. Тухайлбал, нэг наст цэцэг тарихад 95 тэрбум төгрөг гаргасан гэсэн МАН-ын тооцооллыг НИТХ-ын дарга үгүйсгэж, 2013 онд 230 сая, 2014 онд 250 сая төгрөг нийслэлийн төсвөөс гаргасан гэхчлэн тайлбар хэлсэн билээ. Харин "Рейлбус" буюу төмөр замын автобустай болох санаачлагыг Улаанбаатар төмөр зам хариуцан, санхүүжилтыг өөрсдөөсөө гаргасан байдаг аж. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийнхний асуудал болгон тавьсан шиг найман тэрбум төгрөгийг хотын төсвөөс гаргаж, рэйлбус оруулж ирээгүй гэх тайлбарыг тэрбээр мөн хэлсэн юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД