&#34Хүүхдүүд зовох ёсгүй&#34

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

&#34Хүүхдүүд зовох ёсгүй&#34

“25 дугаар суваг” телевизийн Гүйцэтгэх захирал А.Энхзултай ярилцлаа.


-1000 төгрөг төслийг хийх санаа хэзээнээс төрж өнөөдөр бодитоор хэрэгжиж байна ва?

-Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн энэ тухай төлөвлөж эхлэсэн. Анх түлэгдсэн хүүхдүүд цахим хуудсуудаар хандив, тусламж гуйсан заруудыг хараадхувь хүнийхээ зүгээс тодорхой хэмжээгээр тусладаг байсан.Хамгийн их цохилт өгсөн нь Цэрэнтогтох хүү. Монгол хүүхдүүд өнөөдөр гэртээ байж байгаад түлэгдэж, бэртэх нь их байна. Дээрээс нь сүүлийн үеийн тоног төхөөрөмж байдаггүй учраас маш их мөнгөөр гадагшаа явж эмчилгээ хийлгэж байгаа нь асуудлыг бүр нухацтай авч үзэхэд хүргэсэн. Тиймээс телевиз гэдэг том хүчийг буяны үйлсэд ашиглахаар шийдсэн. Манай телевиз өмнө нь Тунгалаг гэдэг бүсгүйд Танайд хоноё нэвтрүүлгээр туслаж байсан.Бусад телевизүүд маань сайн үйлсийн аяны нэвтрүүлгүүдийг бол байнга хийдэг. Гэхдээ яг “1000 төгрөг” шиг өргөн хүрээний кампанит ажил манай телевизийн салбарт хийгдэж байгаагүй.

Одоогоор Монгол улсын түлэнхийн төвд арьс нөхөх хагалгаанд хэрэглэх арьсыг биеэс хуулж авахдаа Оросын дээр үеийн гар төхөөрөмжийг хэрэглэдэг. Энэ нь арьсыг жигд авдаггүй, авсан арьс нь тасарч цоорох, их арьс авах шаардлагатай болгодог 20-р зууны механик төхөөрөмж. Одоо 21 дүгээр зуун гараад хичнээн жил болж байна. Бид одоог хүртэл гар бриткатай явж байна гэдэг бол аймшигтай. Дээрээс нь донор болон хиймэл арьс хөлдөөгч аппарат, хөргөгч хэрэгтэй байна гэсэн. Энэ аппаратыг авч өгснөөр хиймэл арьс нөхөх хагалгааг монголдоо хийх боломж бүрдэнэ, донор арьсны нөөц бий болно,заавал гадаад руу өндөр зардлаар хиймэл арьс нөхүүлэх хагалгаанд явах шаардлагагүй болно.

Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй, Монгол гэрт амьдарсаар ирсэн одоо ч амьдарч байна, амьдарсаар ч байх нь тодорхой. Гэтэл ил зуухнаас жаахан хүүхдийг мянга хол бай гээд ойлгохгүй, хүүхэд л бол хүүхэд түлэгдсээр л байх юм.Монголчууд бид чинь цөөхүүлээ. Гэтэл арай гэж өсөн торниж байгаа бяцхан хүүхдүүд түлэгдэж хөгжлийн бэрхшээлтэй болж, жилд 70 гаруй хүн түлэгдэлтээс болж амиа алдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Хамгийн наад зах нь алгаа түллээ гэхэд хүүхдийн алга тэнийхгүйгээр арьс нь таталдаад үлдэх жишээтэй. Ингээд үлдэнэ гэдэг бол тэр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй иргэн болж байна гэсэн үг. Ийм олон сэтгэл өвдөж, зүрх эмтрэм байдлуудыг өөрчлөхийн тулд “1000 төгрөг” төслийг хэрэгжүүлж байгаа.

-Аян өрнүүлэхийн тулд хэдэн зуун ажилтантай томоохон компаниуд том багаараа ордог ажил. Танай телевизийн хувьд ямар байна?

-Бид маркетингийн талаасаа “СПОТ” агентлагаас зөвлөгөө аваад хамтран ажиллаж байгаа. Тэднийхэн манай телевизийн хамт олны зоригтойг гайхаад байгаа. Гэхдээ манай “25 дугаар” суваг телевизийн хамт олон маань ачаалал дааж сурсан, нэг зүтгэсэн ажлынхаа ард амжилттай гарч сурсан нэгэн цул баг. Дээрх хоёр тоног төхөөрөмжөө бид авч ирээд тэр их зовсон шаналасан хүүхдүүд, түлэнхийн төвийн эмч нартаа гардуулж өгөх мөчийг бодох үед их урам зориг авч ажиллах хүч маань сэргэдэг. Тэр өдөр бол манай телевизийн хувьд түүхэнд тэмдэглэмээр, ажилтан болгон маань бахархамаар, хүүхэд бүр эрүүл байгаасай гэсэн итгэл найдвар өвөртөлсөн аз жаргалтай өдөр байх болов уу. Тэр өдрийг л тэсэн ядан хүлээж байна. Чадах чинээгээрээ туслаж байгаа байгуулага компаниуддаа маш их талархаж байна. Мөн аянд маань нэгдэж байгаа халуун сэтгэлтэй иргэн болгондоо талархсанаа илэрхийлмээр байна.

-Эдийн засаг хүнд байгаа үед яг ийм төсөл хэрэгжүүлэхээр мөнгө бүрдэнэ гэдэгтээ хэр итгэлтэй байна?

-Бид “1000 төгрөг” төслийн логогоо батлахдаа олон жижиг зүрхнүүд нийлээд нэг том модыг бүтээж байгаагаар сонгосон. Монголчууд маань их сайхан сэтгэлтэй ард түмэн. 110 сая төгрөг гэдэг бол яаж харах вэ гэхээс шалтгаалж их өөр. Зарим гишүүдийн улсаас авч ашигладаг машины үнэтэй харьцуулахад их инээдэмтэй мөнгө. Хэдхэн гишүүний 7хоног өөр нэг улстай танилцах төдий зугаалаад ирдэг мөнгө. Энэ мэт өнцгөөс харвал маш бага мөнгө. Харин сэтгэл зүрх хүч хөдөлмөрөө шингээсэн Монголчуудын маань хүн бүрийн өгөх 1000 төгрөгөөс бүтсэн 110 сая төгрөг гэдэг өнцгөөс харвал их үнэ цэнэтэй их мөнгө, их ч тус дэм.

-Танайх аянаа яагаад “1000 төгрөг” гэж нэрлээд 1000 төгрөгөөр тогтсон юм бэ?

-5000 төгрөг гэхээр арай их сонсогдох гээд байсан.10000 бол хүмүүст бүр их мөнгө санагдана байх.Тэгээд л 1000 төгрөгийг бид бодохдоо зуун мянган хүн мянган төгрөг өгөхөд зуун сая төгрөг босохоор байгаа юм. Тэгэхээр гурван сая ард түмэн дундаас 1000 төгрөг хандивлах зуун мянган халуун сэтгэлтэй ард түмэн байгаа гэдэгт бид бүрэн итгэсэн. Бид байгууллагуудтай уулзаад төслөө танилцуулаад явж байхад манай ард түмэн 1000 төгрөг гэлтгүй өдрийнхөө цалинг өгье,5000,10000 төгрөг хандивлья гэсэн хүмүүс маш их байна. Энэ нь бидэнд маш их хүч, урам зориг өгч байгаа.

-Цаашдаа “1000 төгрөг”төслөө үргэлжлүүлэх үү? Ямар давтамжтай байх бол, сэдвээ с яаж сонгох вэ?

-Эхний “1000 төгрөг” төсөл сайн үргэлжлэвэл цаашаа үргэлжлүүлье гэж бодож байгаа. Уг нь энэ төр засгийн хийх ёстой ажил гэхдээ нөхцөл байдал нь ийм, эдийн засаг хүнд байгаа үед бид бүхэн зөвхөн шүүмжлээд, телевизээрөдөр болгон муулаад суухын оронд бид өөрсдөө бага ч гэсэн хувь нэмрээ оруулья гэж бодсон. Шүүмжлээд суухын оронд ядаж нэг шүдэнз асаа гэдэг үг байдаг даа. Манай телевиз “Ухаарал хайрлахуй” гэдэг төсөл хэрэгжүүлж байсан. Учир нь нийгэмд маш их аймшигтай гэмт хэргүүд гарч байсан. Эцэг нь хоёр хүүхдээ машинд шатаачихлаа, бүхэл бүтэн айлыг гаднаас нь түгжиж байгаад галдлаа, ээж нь гурван настай охиныхоо толгойг нь таслаад тэврээд явсан гэх зэрэг Монгол хүний ухаан, ухамсар нь яачихсан юм бэ гэмээр балмад явдлууд их гарсан. Уг нь Монголчууд бид ийм ард түмэн биш шүү дээ. Энэ үед бид зөөлрүүлье , ухаанд нь юм хийе, ухамсарт нь сануулья гэдэг үүднээс “Ухаарал хайрлахуй”төслөө хэрэгжүүлсэн. Жилийн хугацаанд Монгол улсын өнцөг булан бүр рүү явж сүм хийд болгоноос лам нар авч ирж эцэг эхийн хайр, хүүхдээ хүмүүжүүлэх , бие биенээ уучлах , гэр бүлийн үнэ цэнийн тухай гэх мэт сэдвээр өдөр бүр таван минут нэвтрүүлэг гаргасан. Энэ нэвтрүүлгээсолон сайхан зүйлсийн утга учрыг ойлгож ухаарлаа хэмээн олон хүн талархсан сэтгэлээ телевиз рүү утасдаж илэрхийлж байсан.

-Аян дуусаад гардуулан өгөх төхөөрөмжөө өөрсдийн мөнгөөр захиалчихсан байгаа юм уу?

-Бид “1000 төгрөг” төслийнхөө бэлтгэл явцад“Омбол” ХХК-ийн хамт олонтой уулзсан. Манай хамт олон “1000 төгрөг” төслөө аравдугаар сарын 19-ний өдөр нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлгээр өндөрлөнө. Ингэхдээ хоёр төхөөрөмжөө гардуулж өгөх гэсэн юмаа. Эмнэлэгийн төхөөрөмжийг гаалиар оруулж ирэхэд заавал тэр чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй компани л оруулж ирэх хуультай. “Омбол” компаниас дээрх хоёртөхөөрөмжийг захиалж өгөх боломж байна уу, ямар үнэтэй байдаг вэ та нарт ямар боломж байна вэ гээд үнийн саналыг нь авсан. Бид долоо хоногийн хугацаанд мөнгөө цуглуулаад аян дуусаад дараа нь бид захина гэхээр сар, хоёр сарын хугацаа зарцуулахаар байсан. Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг бид аяны хугацаа дуусаад төхөөрөмжөө гардуулмаар байна гэхэд “Омбол” ХХК-ийн захирал Мөнхгэрэл их сайхнаар хүлээж авсан. Мөнхгэрэл захирал бид өөрсдөө мөнгийг нь хариуцаад захиалья хандивын мөнгөө бүрдэхээр та нар мөнгөө шилжүүлээрэй гэж цэвэр итгэлийн хүрээнд асуудлаа шийдсэн. Энэ сайхан боломжийг олгосон “Омбол” ХХК-д маш их талархаж байна. Аравдугаар сарын 19-ний өдөр хэлэлцүүлэг дээрээ хоёр төхөөрөмжөө гардуулж өгөөд давхар давхар баяртай үйл явдал болно гэж найдаж байна. Мэдээж мөнгө маань цуглах болов уу гэжэмээлгүй яахав. Гэхдээ Монгол хүний өгөөмөр сайхан сэтгэл, нэгнээ гэсэн өрөвч нинжин чанарт тэгтлээ эргэлзэхгүй байгаа учир 110 сая төгрөг цугларна гэж итгэж байна.

-Хандивын данс Намуужин гэдэг хувь хүний нэр дээр байна. Яагаад хувь хүний нэр дээр данс байгаан, ийшээ итгэж хандиваа илгээж болох уу гэсэн асуултууд их байна. Та тайлбар өгөөч?

-Буяны хандивын дансыг байгууллагын данстай холихгүйн тулд тусдаа санхүүгийн ажилтан Намуужингийн нэр дээр данс нээсэн. Хүлээн авагчийн нэр дээр Намуужин гэж эргэлзэлгүй бичээрэй.

-Буяны ажил тань зорилгодоо хүрээд үр өгөөж нь тэр хүндээ хүрэхийг харах танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

-Үнэхээр сайхан байдаг. Энэ хорвоод ямар ч гоё хувцас худалдаж авсан, хичнээн том м2, хэдэн давхар байранд амьдарснаас ч илүү хүнд хамгийн их аз жаргал өгдөг зүйл бол буян хийж бусдад туслаж баярлуулах гэж би хувьдаа ойлгодог. Миний бодлоор амьдралын утга учир бол сайхан хувцас өмсөх , сайхан байшинд амьдрахдаа гол нь биш, ажилдаа амжилт гаргахаас ч илүү сайхан зүйл бол бусдад туслах. Буян хийчихээд бусдыг баярлаж байхыг харах, бусдад ямар нэг байдлаар хэрэгтэй зүйл хийгээд тэр нь бусдад үр өгөөжөө өгч байгааг харах, мэдрэх шиг сайхан зүйл байхгүй. Манай “25 дугаар“ суваг телевизээс хийж байгаа энэ үйл бол хамгийн гол нь нийтэд уриалж хэлэхэд нэг хүнд зориулж туслаж байгаа хэрэг биш түлэгдэж зовж байгаа олон мянган хүнд туслалцаа үзүүлж байна гэдгээрээ их том цар хүрээг хамарсан их ач холбогдолтой зүйл юм.

-Түлэгдэлтээс болоод хүүхдүүд эндэх нь их байна. Ирээдүйдээ хөгжлийн бэрхшээлтэй болох нь их байна. Энэ оруулж ирж байгаа төхөөрөмж тодорхой хэмжээгээр энэ эрсдлийг бууруулах уу?

-Энэ төхөөрөмж нь түлэгдсэн хүүхдүүдийн өвчин шаналалыг маш ихээр бууруулах багасгах боломжтой. 21-р зуунд бүх зүйл хөгжиж байна. Хүнийг аль болох өвтгөхгүй байх, өвчнийг нь зовиур багатайгаар хурдан эмчлэх зориулалттай тоног төхөөрөмжүүд гарсаар байна. Энэ хөгжлийн үр шимийг Монгол хүн бүр, монголын бяцхан үрс бас хүртэх эрхтэй. Америк, Солонгос хүн өвдөлтийг хамгийн багаар мэдэрч эмчлэгддэг, түлэгдсэн бол сорви багатай бүр сорвигүй ч эдгээд гарч байхад яагаад адилхан хүн байж Монголд төрсөн гэдгээрээ илүү зовж өвдөж, хөгжлийн бэрхшээлтэй болж, амиа алдах ёстой юм бэ?Бид энэ төхөөрөмжийг оруулж ирснээр эдгэх нөхцлийг нь нэмэгдүүлж өгч байгаа. Одоо хэрэглэж байгаа20-р зууны төхөөрөмжөөр эмчлэгдэж байгаа хүн бидний авч өгөх шинэ төхөөрөмжөөр эмчлэгдэх хүн хоёр хоорондоо асар их ялгаатай байх болно.

-Та “1000 төгрөг” аянаас өөр хүүхдийн төлөө юу хийдэг вэ?

-АНУ-д борлуулалтаараа тэргүүлж байгаа 0-2 насны хүүхдийн хоолны “ Дэлхий дээрх хамгийн шилдэг хүүхдийн хоол” нэртэй номны эрхийг Америкийн хэвлэлийн компаниас худалдаж аваад Монголд албан ёсны зөвшөөрөлтэй гаргасан. Учир нь би хүүхдээ төрүүлчихээд хүүхэддээ шим тэжээлтэй сайн хоол өгмөөр санагдсан. Тэгээд яг өөрөө бодохоор бантангаас өөр хоол санаанд орж ирэхгүй. Номын дэлгүүрээр явахад манайд бас иймэрхүү төрлийн ном байхгүй байсан. “ Дэлхий дээрх хамгийн шилдэг хүүхдийн хоол” номонд хүүхдэд өгч болох хоол, болохгүй хоол, ямар витамин хэрэгтэй, энэ үед нь хоолны дуршил сайжруулах юу өгөх вэ гэх мэтээр хоолноос гадна маш олон хэрэгтэй мэдээллүүд байсан. Манайд сүүлийн үед ханиад хүртэл аймшигтай болчихсон байна. Би найзууддаа тоглоомоор ярьж байсан. Энэ ханиад бүр амилаад босч ирээд зодохнээ гэж. Ханиад л гэхэд бөөлжүүлдэг, гүйлгэлэг, өндөр халуурдаг, хоолой боодог гээд есөн шид нь бүрдчихсэн. Тэгэхээр заавал ханиад туссан үед нь эмээр хүүхдээ бөмбөгдөх биш, хүүхэд эрүүл чийрэг өсөх, оюун ухаан бие бялдрын хувьд ч тэр ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эрүүл хооллолт гэдэг маш чухал юм. Харин би энэ хэрэгтэй мэдээллийг ганцхан өөрөө аваад өөрийнхөө хүүхдэд хоол хийж өгөөд дуусахыг хүсээгүй. Ном эрхэлдэг хүмүүс мэдэж байгаа байх. Нэг ширхэг ном гаргах тэр тусмаа ингэж үнэтэйгээр эрхийг нь худалдаж авах бол ашиг гэх юм ерөөсөө байхгүй. Хэвлэлтийн “Эдмон”компаниас авчихаад номоо тэврээд явж байх яг тэр мөчид бол би энэ хорвоод байхгүй аз жаргалыг мэдэрч байсан. Хүмүүст хэрэгтэй юм хийнэ гэдэг бол хамгийн сайхан аз жаргал, сайхан мэдрэмж.

Б.БАЯР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж