-Данхайсан төрөө цалинтай байлгах гэж дарамт болсон төсөв оруулж ирж байна гэж МАН-ынхан шүүмжлэв-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Өнөөдрийн хуралдаанд сөрөг хүчнийхэн буюу МАН мөн ИЗНН-ынхан хуралдаа маш идэвхтэй оролцож байна. Харин эрх барьж байгаа Ардчилсан намаас Засгийн хэдэн сайдуудаас бусад нь хуралдаа оролцсонгүй. Улс төр хийх болохоороо нүд, шүд нь гялалзаад ирдэг Ардчилсан намын шударгуу улстөрчид төсвийн хэлэлцэх асуудалд идэвхтэй оролцохыг сөрөг хүчнээс шүүмжилсэн юм.
ГИШҮҮДИЙН БАЙР СУУРЬ
- Л.БОЛД:
-Олимпод оролцох тамирчдаа төсвөөрөө дэмжээд явмаар байна. Энэ бол хэдэн тамирчдын асуудал биш, нийт монголчуудын эрүүл мэнд, эв нэгдлийн асуудал. Үүнийг шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Олон спортын холбоо байгаа. Тэд өөрсдөө хөөцөлдөөд ирэхээр эндээ хүнд суртал гаргачихдаг. Бид нар ирэх хавар гэхэд хөнгөн атлетикийн анхны замтай болох гээд тэмүүлж байна. Үүнийг засаг дэмжиж өгөөч.
- САНГИЙН САЙД Б.БОЛОР:
-Болд гишүүн ээ, та бид хоёр энэ асуудлаар нэлээд ярьсан. Гэхдээ би өнөөдөр шууд шийдчих асуудал биш. Ирэх жил олимпод оролцох тамирчдын мөнгөнд багагүй хөрөнгө төсөвлөсөн. Бид олимпод оролцох тамирчдаа дэмжээд явж байгаа.
- Ё.ОТГОНБАЯР:
-Мах экспортолно гээд байсан чинь улсаас “Мах экспо” компани байгуулчихлаа. Одоо тэгээд хувийн хэвшлийнхний хийж байсан ажлыг нэг тамга барьсан нөхөр суугаад шийддэг болох нь байна шүү. Энэ танхимаа хар л даа, эрх барьж байгаа нам мөртлөө сайдуудаас нь өөр хүн алга байна… Р.Гончигдорж гишүүн ээ, та энд хуралдаан зохион байгуулж байгаа болохоос их сургуулийн танхимд математик зааж байгаа биш шүү. Та сүүлийн үед хуралдаадын дэгийг их зөрчиж байгаа. Болсон болоогүй төрийн далбааны өндөрлөг, зөвлөгөө өгөх төв энэ тэр барьж байхаар та нар тэр Хавдрын эмнэлэг томографик аваад өгөөч. Далд эдийн засгаас хэдэн төгрөг орж ирнэ гэж төсөвт тооцсон юм бэ?
- Б.БОЛОР:
-Отгонбаяр гишүүн энэ талаар олон асуулаа. Асуулт нь ч өөрчлөгдөхгүй, миний хариулт ч өөрчлөгдөхгүй юм даа. Далд эдийн засгаас орж ирэх мөнгийг багаар тавьсан. Өсвөл сайн л байна. Бид нарын яриад байгаа төсвийн төсөөлөл чинь зөв үү гэдгийг л лавлаад байгаа юм шүү дээ. Хоёр хөршийн эдийн засгийн өсөлт буурч байхад манайх өснө гэдэг зөв төсөөлөл мөн үү?
- Ө.ЭНХТҮВШИН:
-Төсвийг ойлгож, зардлаа багасгая гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ цалин хасна, тэтгэвэр нэмэхгүй гэсэн хэрнээ нөгөө талдаа 100 гаруй тэрбум төгрөгөөр шинэ объект барина гэдгийг гайхаад байна. Уучлаарай, зуун тэрбум биш урсгал завсар энэ тэрээ нэмбэл 900 тэрбум болно. Цалин хасна гэж хэлчихээд Эрдэнэт хотод өчнөөн мөнгөөр угтах хаалга барихаар ярьж байна. Тэтгэврийн насыг нэмнэ, тэтгэврийн мөнгийг нэмэхгүй гэсэн мөртлөө Нийгмийн даатгалаас 30 тэрбум төгрөгөөр барилга барьж өгч яах гээд байгаа юм бэ. Энэ тэгээд “ядарсан” төсөв мөн үү. 2016 онд хэзээ бүтээн байгуулалт явж байсан юм бэ… Тэр их хурлын цалингаа хасдаг юм байгаа биз. Би хувьдаа зөвшөөрч байна.
- С.ДЭМБЭРЭЛ:
-Дараагийн хэлэлцүүлгийн үеэр би Засгийн газрын өрийн хэмжээг өнөөгийн үнэ цэнээр нь болон нэрлэсэн үнээр нь тооцсон судалгааг сонсоно. Сайд нараас сая нэг зүйл ажиглагдлаа. Өмнө нь ширээ тавьж өгөөч, хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгөөч.
- Ж.ЭНХБАЯР:
-Миний үг хэлэх эрхийг та битгий за. Макро эдийн засгийн суурь үзүүлэлтийг зөв тооцоод, орлогоо бүрдүүлж, зөв хуваарилах ёстой. Ирэх оны төсөвт Монгол Улсын иргэн бүр анхааралтай хандаж байгаа. Экспортын чиг баримжаагаа буруу тооцсон. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиа буруу тооцсон. Данхайсан төрийн албан хаагчдаа цалинтай болгох гээд жирийн иргэддээ дарамт болсон төсөв оруулж ирж байна. Төсвөө алдагдалгүй батлаад ирэх онуудад өр төлөх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Санхүүгийн сахилга бат алдагдсан төсөв орж ирж байна. Ард түмнээ битгий хуур. Эдийн засаг дампуурч байгааг хэл, валютын нөөцөө шавхсанаа хэл… Орост өргөн хэрэглээний барааны үнэ буурсан. Шатахууны үнэ хямдарсан, үр тарианы үнэ хямдарсан, барилгын материал хямдарсан. Шатахуунаа нөөцөлсөн байх ёстой. Данхайсан төрөө тэжээж, зам, байшин барьж, дундаас нь хувь авах явдал чинь байсаар байна. Баахан өр авлага хийсэн. Үүнийгээ засаач ээ.
- Ч.ХҮРЭЛБААТАР:
-Эдийн засгийн өсөлтөө хэт дураар тавьсан. Ирэх жил эдийн засаг энэ жилийнхээс улам хүндэрнэ. Төсвийн орлогынхоо 50 хувийг өр, өрийн үйлчилгээнд төлж байгаа. Үүнийг зогсоох гол арга бол төсвийн алдагдлыг тэглэх явдал. Гэтэл төсвийн алдагдлыг 575 тэрбумаар нэмээд орж ирсэн байна. Тэвчих зардал төсөвт олон байна. Хасах зардал их байна. Ард түмний гэдэс тасрах нь. Үүнийгээ татаж аваад, зөв болгон оруулж ирвэл сайн байна. Та нар тэгж чадахгүй л дээ. 2015 оны төсвийг алдагдалгүй болгож баталмаар байна шүү дээ.
- Ё.ОТГОНБАЯР:
-Төсвийн төсөл дээрээ анхаараач ээ. Төсөв өөдрөг байна, энийгээ буулга гээд байгаа нь “муухай” байлгах гээд байгаа юм биш. Тансаглалыг чинь бууруулах гээд байгаа юм шүү дээ. Бүтэц данхар болох нь зөв. Яахлаараа та нар дараагийн засгийнхаа бүрэн эрхэнд халддаг юм. Та нар өөрсдөөсөө цомхотголоо эхлүүл. Яахаараа хүний дээлийг хасдаг юм, өөрсдийнхөө дээлнээс хас.
- Б.ГАРАМГАЙБААТАР:
-Үнэхээр яриад байгаа шиг бүх зүйл харлачихсан юм уу гэтэл үгүй юм. Бидэнд өөдрөг сэтгэл алга болсон юм биш үү. Энэ оны төсөв арай шинэлэг байдлаар орж ирж байгаа гэж харж байна. Засгийн газрыг дараагийн засгийн эрхэнд халдлаа гэж ярихгүй. Хамгийн харамсалтай нь, Ардын намын гишүүд төсвийг хэтэрхий харлуулж байна.
Ингээд үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр санал хураалт явуулж, 38 гишүүн буюу 73 хувь нь дэмжсэнээр уг асуудлыг "Хэлэлцэх нь зүйтэй" гэж үзэн, хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Одоо УИХ-ын гишүүд УИХ-ын даргын өрөөнд даргын зөвлөлийн хуралд оролцох юм байна. Харин үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
Б.ХОНГОР