УДЭТ-ын 85 жилийн ойд зориулан нэгэн номон суварга боссон нь тус театрт 30 жил ажиллаж, нүүр хувиргалтын гайхамшигийг үзэгч түмэнд хүргэж байгаад чөлөөндөө гарсан нүүр хувиргагч Ө.Уранчимэгийн бүтээсэн “Нүүр хувиргалтын үндэс” ном билээ.
Тус номын нээлт өчигдөр “Интер” номын санд болсон бөгөөд театрынхаа ойд зориулсан энэхүү номын нээлтэд Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Гантөмөр тэргүүтэй УДЭТ-ын ахмад уран бүтээлчид уригдан ирсэн юм. Нээлтийн ёслолын ажиллагааг нээж, МУГЖ Г.Равдан “Монголын театрын урлагийнхны дүр бүтээх ажилд үнэтэй хувь нэмэр оруулдаг ажилчид бол арын албаныхан байдаг.
Үзэгчдийн өмнө жүжигчид дүрдээ орж жүжиглэх, тэдний сэтгэлд хүрэхэд тухайн дүрийн онцлог, зүс царайг бодит мэт болгох нь их чухал байдаг. Тиймээс бид өнөөдөр театрынхаа арын албаны ажилчдын хөдөлмөрийг олон нийтэд таниулсан, энэ чиглэлээр суралцаж буй залуусын гарын авлагыг өлгийдөн авч байна” гэсэн юм. Тус ном нь нүүр хувиргалт урлаг болтлоо хөгжиж ирсэн түүхийг нэг бүрчлэн өгүүлж, зохиолын баатрыг хэрхэн үнэмшилтэй бодит мэт харагдуулах талаар тодорхой тусгаснаараа онцлог аж. Уран сайхны дүрд жүжигчдийн нүүрийг хэрхэн хувиргаж, өөрчлөх талаар ном, гарын авлага байдаггүй бөгөөд энэхүү номыг туурвих үндсэн шалтгаан нь тэр болжээ.
Тус номын зохиогч урлагийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа хуримтлуулсан туршлага, бусад орны нүүр хувиргалтын түүх дээр үндэслэн бүтээлээ 10 гаруй жилийн өмнөөс бичиж эхэлсэн аж. Номын агуулга есөн бүлгээс бүрдсэн байна. Үс засалт болон нүүр хувиргалтын ерөнхий түүх, театрын нүүр хувиргалтын үүсэл хөгжил, нүүр хувиргалтын хэрэгсэл ба эрүүл ахуй, нүүр хувиргалтын анатоми үндэс гэх мэтээр бүлгүүдээ ангилжээ. Энэ нь тухайн сэдвийн агуулга, хамаарах ойлголтуудыг нэг дор багтааж, уншихад хялбар болгосон юм байна. Мөн энэхүү номыг бүтээхэд Нацагням агсны хувь нэмэр, санаачилга их үүрэгтэй байсан гэдгийг зохиогч болон ахмад уран бүтээлч нар онцолж байлаа.
Ёслолын ажиллагааны үеэр театрын урлагийнхан 85 жилийн ойгоо угтаж, маш олон уран бүтээлч номон суварга босгон, өөрсдийн болон театрынхаа түүхийг бичиж байна гэж УДЭТ-ын ерөнхий захирал Д.Цэрэнсамбуу хэлсэн юм. Мөн тэрбээр “Театрын урлаг гэдэг бол хамтын ажиллагаа. Энэ ажлын үр дүн ямар байхыг шийддэг, хариуцлагатай хүмүүс бол арын албынхан.
Тиймээс энэ хүмүүст зориулсан тусгай гарын авлага өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаад ихээхэн олзуурхаж байна. Энэ бол нүүр хувиргагчдын гарын авлага, ширээний ном болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. Түүнчлэн “Нүүр хувиргалтын үндэс” номыг УДЭТ-ын номын архивт албан ёсоор хүндэтгэн залах болсноо мэдэгдсэн юм. “Нүүр хувиргалтын үндэс” ном бол жүжигчдийн нүүр хувиргалтын онцлог, хувь хүний нүүрний төрх, өөрийн онцлогтоо тохируулан нүүр будалтыг хэрхэн хийх зэрэг олон сонирхолтой мэдээллүүдийг танд өгөх болно.
Т.АРИУНБАЯР
Эх сурвалж: www.mminfo.mn