Ж.Ганбаатар: Аж ахуйн нэгж чинь дайсан болчихсон уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

LiveЖ.Ганбаатар: Аж ахуйн нэгж чинь дайсан болчихсон уу?

Ж.Ганбаатар: Аж ахуйн нэгж чинь дайсан болчихсон уу?
12 : 45
2020-1-17

Санкцийг нь нэмэгдүүлэхээр улайрахаа боль

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.  

О.Баасанхүү: -Торгоно гэдэг шоронгоос дутахгүй. Таван жил зорчих эрх гэдэг чинь гэрийн шорон гэсэн үг. Тийм учраас таван жил гэрт нь хорьё гэж ярьж болохгүй. Санкцийг нь нэмэгдүүлэхээр улайрахаа боль.

Х.Болорчулуун: -Монгол Улсад үйлдвэрлэл аж ахуйн нэгж, бизнес эрхлэхэд хүндрэлтэй. Хязгаарлагдмал зах зээлтэй. Үйлдвэрлэгч гэхээсээ Монгол Улс хэрэглэгч улс болсон. Эрүүгийн хариуцлагаар дарамтална гэвэл хэцүү. Оффшорт мөнгө нуугаад, татвараас нуугдсан хүмүүсийг шийтгэнэ гэдэг дээр хоёр гараа өргөн дэмжинэ.

Энэ үеэр хурал даргалагч Л.Энх-Амгалан гишүүн эрүүгийн хуулин дээр байгаа заалтыг дахиж чангаруулж оруулж ирж байгаа нь бас буруу болохыг хэллээ.

Санал хураалтад 44 гишүүн оролцож, 12 нь дэмжсэнээр хууль батлагдсангүй. Иймд Их хурлын дэгийн тухай хуулийн 24.4-т зааснаар хууль санаачлагчдад нь буцаав.

Хуралдааны төгсгөлд хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулав.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 52,3 хувиар батлав. Эрүүгийн хэрэг хянан байцаах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олонх дэмжээгүй тул хууль санаачлагчдад буцаалаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь дэмжих санал хураалтад 44 гишүүн оролцож, 25 нь дэмжсэнээр 56.8 хувийн саналаар батлагдав.  

Энэ үеэр Х.Нямбаатар гишүүн 40 хувийн саналаар унасан хуулийн төслийн санал хураалтыг дахин явуулж өгөхийг хүслээ. Тэрбээр “Бид саарал жагсаалтаас л гарах гэж үзээд байгаа. Энийг эргүүлж оруулж ирмээр байна. Санал хураалтыг хүчингүйд тооцож өгөөч” гэв. Гишүүний горимын саналыг дэмжье гэснээр санал хураахад дахин дэмжигдсэнгүй.

Ийнхүү УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Б.ЖАРГАЛ

11 : 49
2020-1-17

Ж.Ганбаатар: Аж ахуйн нэгж чинь дайсан болчихсон уу?

УИХ-ын чуулганы Баасан гариг (2020.01.17)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Хуралдааны эхэнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2020 оны  нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Хууль зүйн байнгын хороонд танилцуулжээ.

Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Д.Баттөмөр: -Энэ хуулинд өөрчлөлт орно. Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон орлогоо хууль бусны эргэлтэд оруулахыг хэлж байна. Нэгд, Сангийн яамнаас асууя. Далд эдийн засаг, сүүдрийн эдийн засгаа ил гаргах талаар Сангийн яам юу хийж байна вэ? Хар тамхи гэдэг асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах асуудал. Хар тамхины худалдаа, хүн худалдах, дээрэм зохион байгуулах зэрэг гэмт хэргийг араасаа дагуулдаг аюултай. Далд эдийн засаггүй улс гэж алга. Яг бодит байдал дээр саарал жагсаалтад орсон оношоо зөв тогтоож чадаж байна уу? Хөрөнгө оруулагч нартайгаа учраа олох ёстой шүү дээ. ФАТФ-ийн дөрвөн асуудал сүүдрийн эдийн засагт хэдэн хувь эзлээд байна. Гуравт, Монголбанкны ерөнхийлөгч асан 5 хувийг ярьж байна гэсэн. 95 хувийг нь сонссон юм уу?

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: -Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. 9,2-15,7 хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад ялангуяа манай НӨАТ-ын шинэ хууль нэлээн үр дүн өгсөн. Татварын тайланг хялбаршуулсан байгаа. Татварын хуулинд өөрчлөлт оруулсан, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.

Хууль зүйн Дэд сайд Г.Элбэгсайхан: – Хар тамхитай холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт орж, хуулийг чангатсан байгаа.

Ж.Ганбаатар: -Дарга нар мөнгө угаах, татвартай холбоотой асуудлаар халиад яриад байна. Саарал жагсаалттай холбоотой дөрөвхөн л асуудал байгаа. Түүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалтаас гарна. Авлига авсан хүмүүс мөнгө угаасан байх магадлалтай гэсэн асуудлыг анхааруулсан. Хилээр орж ирж байгаа мөнгийг нуугаад орж ирж байгаа дээр тавьж байгаад хариуцлагаа сайжруул гэсэн асуудал бий. Одоо аж ахуйн нэгж чинь дайсан болчихсон уу? Нэг номерын дайсан чинь аж ахуйн нэгж болчихсон уу? Оффшорт байгаа мөнгөтэйгөө тэмцээч. Зүгээр хөдөлмөр хийгээд, ажлын байр бий болгоод яваа хүнийг дарамтлах гээд байгаа юм уу? Дөрвөн заалтыг зас  гэж өнөөдрийн хууль яригдаж байгаа. Энэ заалтуудыг зассанаар Саарал жагсаалтаас гарна гэдэгт итгэж байгаа. Цаанаас ирсэн шаардлагын талаар ярь.

Б.Баттөмөр: -Дөрвөн асуудлаас гадна бас бус асуудлууд байна гэж бодож байгаа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд. Тиймээс эрсдэлүүдийг сайн тооцох ёстой. Монголын шүүх, мөрдөн байцаалтад хэрэг удаж байгаа. Мөнгө угаасан, оффшор асуудал гээд олон зүйл бий. Аливаа өвчнийг оношлохын тулд оношоо зөв тавь.

Саналын зөрүүтэй саналын томъёолол нэг гарсантай холбогдуулан гишүүд асуулт асуув.

Д.Хаянхярваа: –Энэ бол хамгийн гол нь Саарал жагсаалттай холбоотой асуудлыг яриад, гарахын тулд эхний хуулиудаа батлаад байна. Хэдэн хуулинд өөрчлөлт оруулж, хууль баталснаар саарал жагсаалтаас гарахгүй юм байна гэж хараад байна. ФАТФ манайхыг саарал жагсаалтаас гарахын тулд шалгалт нь зургаан сар үргэлжлэх юм байна гэсэн мэдээлэл би авсан. Энэ хууль гаргана, Саарал жагсаалтаас гаргах календарьчилсан төлөвлөгөө гэж Сангийн яам дээр байна уу. Үүнтэй холбоотой нэгдсэн зохион байгуулалттай ажил хийж байна уу гэдэг чухал. Нэгд, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёрт төр хувийн хэвшлийнхний хоорондын механизмыг бэхжүүлэх. Хууль л баталчихвал саарал жагсаалтаас гарчихна гэсэн ойлголт байгаад байна. Цаана нь зөндөө асуудал байна.

Б.Баттөмөр: -Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх маш ноцтой асуудал. Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулаад хар тамхины асуудал болчихлоо гэж бодож байвал эндүүрэл, Элбэгзаяа сайд аа. ФАТФ-ын 40 зөвлөмж, бидний хийх ёстой л ажил шүү дээ.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад 45 гишүүнээс 25 нь зөвшөөрч, 55,6 хувиар хуулийн төсөл дэмжигдэв. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталъя гэсэн санал хураалтад 45 гишүүн оролцсоноос 23 нь дэмжиж, 51,1 хувийн саналаар хууль батлагдав.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дэмжих санал хураалтад 45 гишүүн оролцож, 27 нь дэмжин 60 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 45 гишүүнээс 29 нь дэмжиж, 64 хувийн саналаар батлагдав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж