Туйлбаргүй ДАРГА буцахдаа АМАРХАН

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Туйлбаргүй ДАРГА буцахдаа АМАРХАН

Туйлбаргүй ДАРГА буцахдаа АМАРХАН

Улаанбаатарын хотын даргаар С.Амарсайхан сонгогдоод жил шахам болж байгаа билээ. Монгол Улсын хүн амын гуравны нэг нь амьдардаг нийслэл хотод өнгөрсөн нэг жил ямар бодлого шийдвэр гарч, ухарч буцаж байсныг тоймлон хүргэе. 


ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ТАВ ДАХИН НЭМЭХ ТОГТООЛЫГ ЦУЦЛАВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан  2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр болж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь нийгмийн талцуулахад хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Улмаар арванхоёрдугаар сарын 6-ны өдөр  НИТХ хуралдаж “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болгож хотын дарга шийдвэрээсээ дургүйхэн ухарсан юм.

Хотын захирагч С.Амарсайхан  “Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Харамсалтай нь, улс төржилтөөс болж энэ шийдвэрээ цуцлахад хүрээд байна. Сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг  хасч 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа гэх зүйлсээс бүрдүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна” хэмээн  мэдэгдсэнээр уг асуудал намжсан. Хэрэв тус журам хэрэгжиж  эхэлсэн бол 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс  төлбөрийн хувь хэмжээнд ингэж  өөрчлөлт орох байв. 

ЗАМЫН  А, В, С  БҮСЧЛЭЛ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОВ

Шийдвэр гаргах түвшнийхэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах   нэгэн “мэргэн” санаа олсон нь нийслэлийн замыг гурван бүсчлэлд хуваах байлаа. 2019 оны долдугаар сард нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу, В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгээр зорчихоор тусгасан байдаг. Ингэснээр хотын А, В бүс дэх автомашины хөдөлгөөн 50 хүртэл хувиар буурна гэж албаныхан тооцсон байсан.

Тэд үүнийгээ хэрэгжүүлсэн бол  татвараа төлсөн, торгуульгүй, техникийн улсын үзлэгт тэнцсэн жолооч нар А, В бүсээр зорчих байв. Гэвч, энэхүү шийдвэрийн талаар  иргэд үзэл бодлоо янз бүрээр илэрхийлсэн. Дийлэнх нь эсэргүүцсэн. 

Хотын захирагч С.Амарсайхан “Бүсчлэлд хуваах ажил цаг үеийн шаардлагадаа нийцсэн, хүмүүсийн ухамсар, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ач холбогдол, хэрэгжүүлэхгүй бол ямар хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15 хүртэл хэд хэдэн хувилбараар санал асуулга явуул. Ингээгүйгээс болж замын түгжрэлийг шийдэх бус торгууль хураах ажил болж олон нийтэд харагдаад байна” хэмээн үүрэгдэв.

Удалгүй наймдугаар сарын 15-нд Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийж   бүсчлэлд хуваах зохицуулалтыг иргэдийн ихэнх дэмжээгүй гэх шалтгаанаар бүсчлэлийг түр хугацаагаар хойшлуулахаар болсноо дуулгасан юм.

100 АЙЛЫН БАРИЛГЫН ЗАХЫГ 2022 ОН ГЭХЭД БҮРЭН НҮҮЛГЭЖ ДУУСНА

Хотын  захирагч  С.Амарсайхан 2018 онд НИТХ-ын  даргаар ажиллаж байхдаа 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх санаачилгыг  гаргасан.  Тэрбээр тухайн үед “100 айлын барилгын дэлгүүр, захыг 2018 оны гуравдугаар улиралд багтаан хотоос гаргана” хэмээн мэдэгдэж байсан.  Хэрэвзээ дээрх шийдвэр нь биелсэн  бол алга ташин халуун баяр хүргэмээр.  

Өнөөдрийн байдлаар  100 айлд 1600 гаруй лангуу, гадуур худалдаа эрхэлж байгаа иргэд, тээвэрлэлт хийж байгаа жижиг дунд оврын тээврийн хэрэгсэл, үйлдвэр зэрэгт давхардсан тоогоор 6000 орчим хүн өдөр бүр ажиллаж байна гэх тоо бий.

НИТХ-ын төлөөлөгч, 100 айлыг нүүлгэх Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга  “Гурван үе шаттайгаар захыг нүүлгэхээр болсон. Нэгдүгээр шатны ажил дууссан. Иргэд, бизнесийнхэнтэй уулзаж, газар дээр нь ажиллах, шинжилгээ хийх зэрэг нь үүнд багтаж байгаа. Үүний дүнд нийслэлийн 2018 оны төсвийн хэлэлцүүлэгт 100 айл орчмын замыг өргөтгөн, явган хүний замыг шинэчлэх, авто зогсоолыг шийдэх ажлын зураг төслийг хийсэн. Ингээд 2019 оны дөрөвдүгээр сараас зам, тохижилтын ажлыг эхлүүлсэн. Энэ нь хоёрдугаар шатны ажилд тооцогдох юм. Харин гурав дахь нь 100 айлд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн агуулах, жижиг дунд үйлдвэрийг хотын төвөөс гаргах ажил байгаа.

Налайх дүүрэгт Эрээн- Замын-Үүд, Эрээн-Чойр чиглэлд явах автозам болон төмөр зам байдаг тул тэнд дээрх газруудыг төвлөрүүлэх юм. Налайхыг аж үйлдвэр, технологийн парк болгох энэ ажил олон жилийн өмнөөс яригдсан. Тус паркийн хөрөнгө оруулалтын ажлыг нийслэлээс түргэвчлүүлж, зам, тог цахилгааны асуудлыг шийдвэрлээд, ажил үргэлжилж байгаа. Нүүлгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх  ажил 2018 оноос 2022 он хүртэл үргэлжлэх юм. Тиймээс 2022 он гэхэд Налайхын аж үйлдвэр, технологийн паркийн асуудал жигдэрсэн байна. Ямар ч байсан энэ ажлын ард гарна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж