УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр парламент хэлэлцээд баталсан юм. Ингэснээр өнчиг ишиг хулгайлсан малын хулгайч 6 сараас таван жил хүртэл хоригдохоор болж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Сүүлийн 2-3 жилд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй нэмэгдэж байна. Энэ нь хуульд, мал хулгайлсан гэмт хэрэгтэнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаатай холбоотой юм. Нөгөө талаас малчид энэ хуулийн зохицуулалт нь ихээхэн хохиролтой байгааг уламжилж байна. Тиймээс хуульд, тоо харгалзахгүй мал хулгайлсан л бол зургаан сараас найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхаар зохицууллаа. Нэг өнчин ишиг хулгайлсан этгээдэд ч хорих ял онооно. Түүнчлэн, бүлэглэсэн, техник хэрэгсэл ашигласан, гойд ашиг шимтэй мал хулгайлсан, хүнийг амьжиргааны эх үүсвэрээс нь салгасан тохиолдолд, 2-8 жилийн хорих ялтай байхаар тусгасан. Харин малын хулгайн гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн бол 12 жил хүртэлх хугацаагаар хорих юм. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн үндсэн үзэл баримтлал нь хохирлыг нөхөн барагдуулсан тохиолдолд, ял наймаалцах буюу хуульд зааснаас хөнгөн ял эдлүүлэх боломж нь нээлттэй байгаа. Энэ заалт хэрэгжиж эхэлснээс хойш хохирол барагдуулах нь 90-ээс дээш хувь болж нэмэгдсэн” гэв. Ямар ч байсан хотноос нь хонийг нь, бэлчээрээс нь адууг нь нядлаад явчихдаг сүүлгүй нохдод оноох ял улам чангарч байгаа нь малчдад таатай мэдээлэл болж буй биз.
Харин төмөр зам, төсвийг хулгайлсан Төрийн ордонд суугаа том хулгайлагчидтай хэзээ хэн хариуцлага тооцох вэ.
ЖДҮ-гийн 64 тэрбумыг эв найрамдалтайгаар хувааж идсэн эрх баригчид болон төмөр замын 280 сая ам.долларын “хэрэг”-т холбогдсон хүмүүс ял шийтгэлгүй үлдэж байхад өнчин ишиг хулгайлаад таван жилийн ял авах нь манай улстөрчдийн ярьдаг шударга ёстой хэр нийцэх вэ. Тэр тусмаа албан тушаалтнуудтай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас авч хаяад ЖДҮ идсэн эрх баригчидтай тэмцэх хууль, шүүхийнхэн ч алга. Ихэнх цагаан захтнуудын хэрэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж эхэлсэн. Жишээ нь, хүргэн Дэнзэн, МХЕГ-ын дарга нарын хэрэг байна. Саяхан Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ авлига авч байгаад АТГ-д баригдаад төд удалгүй суллагдсан. Энэ мэтээр авлига, албна тушаалын гэмт хэрэг Ардын намын үед улаан цагаандаа гарч байна.
Тэгэхээр Монголын хууль, шүүхийг гартаа атгаж, уландаа гишгэсэн тэдэнтэй хариуцлага тооцох дөрвөн жилд нэг удаа олдох боломж зургадугаар сард тохионо. Товчхондоо, хариуцлага тооцох эрхээ сонгогчид “өнчин ишиг”-ний үнэ хүрэхгүй мөнгө, эд бараагаар битгий сольчихоосой. Төсөв, тендер идсэн том хулгайчид төрийн ордонд тодорч, жижиг хулгайчдаа өнчин ишигний хэргээр шоронд явуулах хуулийг нь батлаад сууна гэсэн үг.
Б.БАТ
Холбоотой мэдээ