Панамын уугуул газар нутагт шашны бүлэглэлийн хяналтад байдаг оршуулгын газраас долоон хүний цогцос олджээ. Тэдгээр цогцоснуудыг шинжлэхэд жирэмсэн эмэгтэй болон 1- 17 насны таван хүүхэд байжээ. Тэд уг эмэгтэйн хүүхдүүд гэдэг нь тогтоогдсон байна.
Эрх баригчид Нгобе-Бугле нутагт болсон дээрх хэргийг шашны бүлэглэлийн чөтгөр зайлуулах буюу экзорцизмийн зан үйлтэй холбоотой хэмээн сэжиглэж, 10 хүнийг баривчлан, хэргийг нэгдүгээр сарын 16-нд прокурорт шилжүүлжээ.
Ахлах прокурор Рафаэл Балойесийн хэлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нутгийн иргэдээс хэд хэдэн гэр бүл уугуул сүмд хүчээр хоригдож байгаа талаах мэдээлэл ирсний дараа дээрх цогцсуудыг олж, сүмд хоригдож байсан өөр 15 хүнийг суллажээ.
Цогцос олдсон газар нь Панама хотоос 250км зайд оршдог "Бурханы шинэ гэрэл" шашны бүлэглэлийн эзэмшил бүс гэнэ. "Шашны бүлэглэлийн бурангуй зан үйл болж өнгөрсөн байна. Энэ зан үйлд хүмүүсийг хүчээр барьж хориод, зүй бус харьцдаг. Мөн цаашлаад баригдсан хүмүүс (хилс) нүглээ наманчлахгүй бол амийг нь хөнөөдөг" хэмээн ахлах прокурор ярьжээ.
Сүмд хоригдож байгаад суллагдсан 15 хүний биеийн байдал сайнгүй, хүнд гэмтэлтэй байгаа талаар цагдаагийн ажилтан баттай мэдээлэл өгсөн бөгөөд баривчлагдсан насанд хүрээгүй болон насанд хүрсэн 10 сэжигтний шүүх хурал өнөөдөр, маргааш хоёр өдөр болох гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар сүмд хоригдож байсан хүмүүсийн нэг нь нас барсан жирэмсэн эмэгтэйн аав гэнэ.
Эх сурвалж: bbc.com
Холбоотой мэдээ