Санхүүгийн зохицуулах хороо Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран техникийн хамтын ажиллагааны “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл”-ийг 2019 оны гуравдугаар сараас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн.
Өнөөдөр Хороо, ЖАЙКА-тай хамтран “Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.
Үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нээж үг хэлэхдээ “…Санхүүгийн зохицуулах хорооноос Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран 2014 онд Техникийн хамтын ажиллагааны төсөл болох “Монголын хөрөнгийн зах зээлийг чадавхжуулах төслийг” санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн 1 дүгээр шатны хүрээнд дэвшүүлсэн 5 багц зорилтыг нь хэрэгжүүлэн ажилласан.
Зүүн азийн бүс нутгийн улс орнуудын хувьд компанийн бондын зах зээлийн хэмжээг ДНБ-тэй харьцуулахад 2 хувь ба түүнээс дээш хувьтай байгаа бол манай улсын хувьд дээрх үзүүлэлт туйлын бага дүнтэй байна. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудын туршлага, ОУ-ын байгууллагаас гаргасан зөвлөмж, судалгааны ажлуудаас үзэхэд хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлж, урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо болгон төлөвшүүлэхэд зайлшгүй компанийн бондын анхдагч болон хоёрдагч зах зээлийг хөгжүүлж, зах зээлд оролцогчдын үйл ажиллагааны уялдааг сайжруулсан хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, зэрэглэл тогтоогч үндэсний компанийг бий болгох шаардлагатай талаар дурдсан байдаг.
Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлэх төслийн 2 дугаар шатыг Монгол улсын компанийн бондын зах зээлийн хөгжлийн бодлого, шаардлагатай нөхцлийг тодорхойлох, зэрэглэл тогтоох байгууллагын тогтолцоог судлах, биржийн бус зах зээлийн зохицуулалт, хяналтын журмыг боловсруулах, олон нийтийн бондын зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд хэрэгжүүлэхээр тохиролцож албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ.
Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл үүсээд даруй 29 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч компанийн бондын зах зээл 2001 оноос эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд 16 компани олон нийтэд бондоо санал болгон гаргаж 25.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Өнөөгийн байдлаар нээлттэй зах зээлд гаргах бондтой холбоотой харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд төрөөс компанийн нээлттэй бондыг дэмжих чиглэлээр УИХ-аас 2019 онд баталсан Татварын багц хуульд нээлттэй бондын хүүгийн орлогод ногдох татварын хувь хэмжээг бууруулж татварын таатай орчинг бүрдүүлсэн.
Цаашид Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх, ялангуяа компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуульд бондын зохицуулалттай холбоотой нэмэлт өөрчлөлтийг оруулах, бондын бүртгэлийн зохицуулалтыг хялбаршуулж, уян хатан болгох, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох институцийг бий болгох, биржийн бус зах зээлийн зохицуулалтын орчинг бүрдүүлэх чиглэлд шуурхай ажиллаж байна.
Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн төслийн баг, эрдэмтэн судлаачдын судалгааны тайлан, бодлогын зөвлөмжид тулгуурлан компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд мэргэжлийн оролцогч байгууллагууд, хөрөнгө оруулагчид, үндэсний компаниуд, ОУБ, мэргэжлийн холбоодын идэвх санаачлага туйлын чухал. Хороо бүх оролцогч талуудыг адил тэгш боломж, мэдээллээр ханган хамтран ажиллаж, компанийн бондын зах зээлийг өргөжүүлж хөгжүүлэхээр чармайж байна…” гэв.
Дараа нь ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико үг хэлж, төслийн компанийн бондын зөвлөх Норитаке Акамацү “Монголын компанийн бондын зах зээлийн хөгжлийн асуудал, шийдвэрлэх арга зам, зөвлөмж”-ийн тухай, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс “Компанийн бондын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр, СЗХ, ҮЦГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цэрэндаш “Компанийн бондын зохицуулалтын орчин, тавигдах шаардлага, анхаарах асуудлууд” гэсэн илтгэлийг тус тус тавилаа.
Мөн оролцогчид “Компанийн бонд гаргах үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин” сэдвээр санал бодлоо солилцож, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт СЗХ, ЖАЙКА-ийн мэргэжилтнүүд, хөрөнгийн зах зээлийн оролцогчид, эдийн засагч, судлаачид, хөрөнгө оруулагчид, үндэсний томоохон компаниуд, хэвлэл мэдээллийнхэн оролцов.
Эх сурвалж: СЗХ