БНСУ-д нэгдүгээр сарын 10-наас 12-ны хооронд мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн болсон. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн 17.45 оноогоор, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд спортын мастер Б.Ариунбаяр 24.06 оноогоор түрүүлж, Ази тивийн аварга болов. Ингээд мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээн болон Азийн тивийн аваргад амжилттай оролцож, Монгол улсын анхны алтан медалийг хүртсэн "Сутайн бор" клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэнгийн ярилцлагыг хүргэе. Удахгүй олимпийн наадмын нэг хэсэг болох уг спортын төрөл нь манай улсад хурдацтай хөгжиж байгааг тэрбээр онцолж байсан юм.
МӨСӨНД АВИРАЛТЫН 60 ЖИЛИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ МЕДАЛИЙГ АВЧ БАЙЛАА
-Азийн тивийн аваргад амжилттай оролцож, алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Зорьсноо биелүүлээд ирнэ гэдэг тамирчны хувьд бахархам амжилт шүү дээ. Экстрим спортод хэзээнээс дурлах болов?
–Баярлалаа. News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд энэ сарын 3-5-ны хооронд БНХАУ-ын Чанчунд мөсөнд авиралтын дэлхийн цомын эхний нээлттэй тэмцээнд оролцсон. Мөн нэгдүгээр сарын 10-12-ны хооронд БНСУ-ын Чонсон хотноо зохион байгуулагдсан мөсөнд авиралтын дэлхийн цом болон Азийн тивийн аваргад амжилттай оролцоод ирлээ. 2012 онд уулын спорттой анх холбогдож байлаа. “Сутайн бор” клубийн нээлтийн авиралтад аавыгаа дагаж Сутай хайрханд хамгийн анх мөрөө гаргаж уулын спортод дурласан даа.
-Мөсөнд авирна гэдэг их хэцүү, эрсдэлтэй спортын нэг. Анх авирахад айдас сандрал төрж байв уу?
-Айдас гэхээсээ илүү оргилд нь гараад авах мэдрэмж нь илүү гоё байсан. Тэндээс авч байгаа тэр мэдрэмж намайг уруу татсан.
–Энэ спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн тань яаж хүлээн авсан бэ?
-Би аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Тэд маань Говь-Алтай аймгийн Тонхил суманд нутагтаа ажиллаж амьдардаг. Миний хувьд Улаанбаатар хотод амьдардаг
Мэдээж, эрсдэлтэй спорт. Ялангуяа өндөр ууланд авирах бүр их эрсдэлтэй. Хэрвээ алдаа гаргавал тэр нь амь насаар үнэлэгдэж байдаг учраас эхэндээ ээж маань сөрөг хандаж байсан.
Азийн аваргын анхны медалиа 2018 онд авч байлаа. БНСУ-д болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Түүнээс хойш ээж арай зөөлөрч эхэлсэн. Тэр үеэс спортыг минь ойлгож эхэлсэн. Одоо маш сайн дэмжигч, үнэнч фэн болсон.
-Амь насаа алдах эрсдэлтэй гэж хэллээ. Ер нь амиа насаа алдах ч юм уу хүндээр гэмтэх үзэгдэл хэр түгээмэл байдаг вэ ? Тэмцээний өмнө тамирчидтай гэрээ байгуулдаг уу ?
-Өндөр ууланд авирахад амиа насаа алдах маш өндөр эрсдэлтэй. Харин мөсөнд авирах нь эрсдэл харьцангуй бага. Яагаад гэвэл аюулгүй байдал дээрээ маш сайн ажилладаг. Хамгаалалтын олс, хударга гээд бүх зүйлийг нь зохион байгуулагч талаас баталгаажуулдаг. Мэдээж, хурц иртэй багажтай харьцдаг учраас өөрийгөө зүсэх, гар хөл рүүгээ зоох, гэмтээх тохиолдлууд тэмцээн дээр цөөнгүй гарна. Миний хувьд гэхэд 2017 оны улсын аварга дээр гарынхаа шөрмөсийг тасалж байсан.
-Хаданд авирах мөсөнд авирахын ялгаа нь юу вэ ?
-Уулын спортыг дотор нь өндөр уул, хаданд авирах, спорт авиралт, мөсөнд авиралт, уулын гүйлт гэж тав ангилдаг. Үүнээс уулын гүйлт, мөсөнд авиралт, спорт авиралт нь тэмцээнт төрөлд багтдаг. Мөсөнд авиралт нь ОХУ-аас үүсэлтэй гэж үздэг. ОХУ-ын уулчин Павел Шабалин гэж хүн мөсөнд авиралтыг уулын авиралтаас салгаж, анх тэмцээнт төрөлт болгон хөгжүүлсэн гэж үздэг. Дэлхийд өнөөдөр Оросын, ялангуяа Киров хотын тамирчид маш өндөр өрсөлдөөнийг үзүүлдэг. Дэлхийд ноёлдог гэж хэлж болно.
-Монголд энэхүү спортоор хичээллэдэг хэчнээн тамирчин, клуб байгаа вэ? Монголчуудын хувьд харьцангуй залуу спорт байх шүү?
-Монгол Улсад сүүлийн жилүүдэд хичээллэж буй тамирчдын тоо , залуучуудын тоо маш ихээр нэмэгдэж байна. 2011 оноос эхэлж, УАШТ-ийг тасралтгүй арван жил зохион байгуулж байна. Анхны тэмцээн “Улаан цутгалангийн хүрхрээ”-нд болж, 30-40 тамирчин оролцож байсан гэсэн.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД АЗИДАА БАГИЙН ДҮНГЭЭР ХОЁРДУГААР БАЙРАНД БИЧИГДЭЖ БАЙНА
-Мөсөнд авирагчдад төрөөс болон уулын спортын холбооноос дэмжлэг туслалцаа хэр үзүүлдэг вэ? Их өндөр зардалтай спортуудын нэг юм шиг санагддаг?
-Төрөөс дэмжлэг бараг байхгүй. Харин холбооны хувьд тэмцээнд ороход тамирчдыг төлөөлж эрхийг нь авч өгдөг.
Миний зардал, байр хоол, бэлтгэл хийх боломж бололцоог манай клуб хангаж өгдөг.
Уулын ууган спортын мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн Бор" гэж Говь-Алтай аймгийн Тонхил сумын клубт анх 2012 оноос хичээллэсэн. Өнөөдрийг хүртэл энэ клубтээ харьяалагддаг. Миний үндсэн мэргэжил бол дулааны инженер. 2018 онд ШУТИС-ыг төгссөн. Тэгээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас “Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани”-д тохируулах ажилтнаар ажиллаж байгаа.
-Монгол Улсад мөсөн авиралтыг мэргэжлийн багш, дасгалжуулагч олон уу ? Бэлтгэлээ базаахад хэн зааж, тусладаг вэ?
-Монголд одоогоор мэргэжлийн багш дасгалжуулагч байхгүй.
Манай клубийн дасгалжуулагчаар миний аав ажилладаг. Аав маань уулын спортын мастер, биеийн тамирын багш хүн. Өөрөө хөнгөн атлетикийн суурьтай. Ер нь хөнгөн атлетикийг босоо чиглэлд хөгжүүлсэн спорт гэж хэлж болно.
Би ч гэсэн авиралтын бэлтгэлээс гадна Монголын хүндийн өргөлтийн шигшээ баг дээр Ц.Хосбаяр дасгалжуулагчийн удирдлага дор хүчний бэлтгэл хийдэг. Бүх спорт хүчний бэлтгэл хийхийг шаарддаг. Миний хувьд 15 метр ханыг 7:46 туулсан нь дээд амжилт болсон. Маш богино хугацаанд замыг туулахын тулд хүч, хурд, тэсрэлт байх ёстой. Тиймээс штанк өргөж, хүчний дасгал хийхгүй бол бэлтгэл завсардана шүү дээ.
-Ажил, спорт хоёроо хэр зохицуулж байна вэ ?
-Ажлаас намайг тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангаж өгдөг. “Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компани”-ий ажилчид, удирдлагууд, хамт олондоо баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Тэмцээн уралдаанд оролцоход бэлтгэлд олон хоногоор явна, ажлын чөлөө авах зэрэг олон асуудлууд гарч ирнэ. Ажилд ороод удаагүй болохоор бас хүндрэлтэй байдаг ч тэр тал дээр дэмжиж тусалдагт маш их баярлаж явдаг.
-Таны хувьд одоо ойрын хугацаанд оролцох тэмцээн уралдаан юу байна вэ ?
-Одоо энэ сарын 26-нд мөсөнд авиралтын хотын аваргын тэмцээнтэй, гэхдээ би оролцохгүй. Өнгөрсөн хавар өвдөгний чагтан холбоосоо сунгаж бэртэл авсан. Тэр бэртлээсээ болоод бэлтгэл сургуулилт энэ жил яг санасан хэмжээнд хүрэхгүй л байна. Сая тэмцээний явцад бага зэрэг сэдэрсэн. Тиймээс одоо бага зэрэг хөлөө гамнах янзтай байна даа.
Мөн хоёрдугаар сарын 1-2-нд УАШТ болно. Улсын аваргад оролцох бодолтой байна. Гадаадын тэмцээний хувьд энэ сарын 25-26-ны хооронд Швейцари улсад дэлхийн цомын тэмцээн, гуравдугаар сарын 5-8-ны хооронд залуучуудын дэлхийн аварга Орос улсад болно. Монголоос залуучуудын ДАШТ-д 2-3 тамирчин оролцох байх.
-Монголын уулын спортын хөгжлийг дэлхийн хөгжилтэй харьцуулбал ямар шатандаа явж байгаа вэ? Олимпод шинэ нэмэгдэх спортын төрлүүдийн нэг шүү дээ?
-Монголд уулын спортын хөгжлийг харьцангуй богино хугацаанд үсрэнгүй хөгжиж байгаа гэж боддог. Би 2017 онд анхны дэлхийн цомын тэмцээндээ орж байсан.
Тэр үед дэлхийн чансаанд 48-р байранд байсан. Нэг жилийн дараа гэхэд 16-р байранд бичигдэж эхэлсэн. Харин энэ жилийн шинэчлэгдсэн чансаанд 4-р байранд эрэмбэлэгдэж байна. Мөн манай баг тамирчид Азийн аваргаас хоёр алт, нэг хүрэл хүртсэн. Энэ дүнгээрээ Азидаа багийн дүнгээр хоёрдугаар байранд бичигдэж байна.
Харин нэгдүгээр байранд Өмнөд Солонгосын баг, гуравдугаар байранд Ираны багууд тус тус бичигдсэн. Энэ багууд маань дэлхийн аваргад медальт байруудад шалгардаг багууд юм. Үүнээс харахад Монголын мөсөнд авиралтын хөгжил дэлхийд хаана явж байгаа вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Мөн удахгүй олимпийн наадамд багтах учраас ихээхэн анхаарч байх хэрэгтэй.
ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ ХҮСЭЛ БИЙ
-Ингэхэд таны мөсөнд авиралтын хувцас, багаж зэвсэг, тоноглол хэрэглэгдэхүүн нь хэр үнэтэй байдаг вэ? Монголд үйлдвэрлэдэг эд зүйлс бий юу ? Эсвэл бүгдийг нь гадаадаас оруулж ирдэг үү?
-Бусад спортыг бодвол өндөр үнэтэй. Мэдээж мөсөнд авиралт бол өөрөө эрсдэлтэй спорт түүнийгээ дагаад найдвартай ажиллагаа байх ёстой. Иймээс багаж хэрэгсэл өндөр чанартай байх шаардлагатай. Чанар дагаж үнэ нь өндөр байдаг. Малгай, каск, хударга, хамгийн үнэтэй зүйл нь гутал. Доод тал нь гэхэд 1.5-2 сая төгрөг байдаг. Тэгээд гарт байх багажууд байна. Хурдных гэхэд 300 евро, техникийнх нь Монгол мөнгөөр дөрвөн сая төгрөг хүрдэг. Эдгээр зүйлс нь Монголд хийгдэхгүй. Орос, Солонгос гэх зэрэг мөсөнд авиралтын спорт өндөр хөгжсөн орнуудаас л худалдан авдаг.
-Цаашдын томоохон зорилгоо төлөвлөсөн үү, олимпийн наадамд оролцох хүсэл байгаа л байлгүй?
-Олимпийн наадамд оролцох хүсэл бий. Харин ойрын зорилго ирэх жилийн дэлхийн аваргын тэмцээнд амжилтаа ахиулж медаль авах зорилготой.
Миний урд эрэмбэлэгдэж байгаа тамирчид зөвхөн Оросын тамирчид байгаа. 2022 оны өвлийн олимпийн наадамд энэхүү спорт маань showcase буюу үзүүлбэр маягаар оролцох бол 2026 оны өвлийн олимпоос эхлээд медальт төрлөөр орж мадагдгүй гэсэн.
–Тэгэхээр монголчууд Ази тивдээ мөсөнд авиралтын спортоор ноёлох боломжтой гэсэн үг үү ?
– Азидаа бол хурдаар ноёлж байгаа. Энэ жилийн шинэчилсэн чансаагаар ч гэсэн миний өмнө зөвхөн гурван Орос тамирчин л байгаа. Тиймээс Монголчууд Азидаа ноёлж байна гэж ойлгож болно. Манайх бол хурдны төрлөөр эрэгтэй, эмэгтэй алтан медаль авсан. Хурд болон техник гэж хоёр төрөл байдаг. Энэ хоёр төрлийн эрэгтэй, эмэгтэй дөрвөн алтан медалийн хоёрыг нь монголчууд, хоёрыг нь солонгосчууд авсан.
-Таны хувьд оролцож байсан тэмцээнүүдээс тань аль нь хамгийн хэцүү байсан бэ ? Орон орны мөсөн хана цаг уурын байдлаасаа шалтгаалаад өөр өөр байдаг байх?
-Оролцож байсан тэмцээнүүдээс хамгийн хүнд нь өнгөрсөн жилийн Америкт болсон дэлхийн цомын тэмцээн юм байна.
Хэлний бэрхшээл гэх юм уу дүрмийн дутуу судалгаанаас болоод дэлхийн цомын тэмцээнээс бүрэн медаль авах боломжтой байсан ч авч чадаагүй. Тэр л үе их хүнд санагдаж байсан даа.
Мөсөн ханын хувьд дэлхийн стандарт 12-18 метр өндөртэй мөсөн хана эгц босоо 90 градус байдаг. Улс орон бүрийн мөс нь цаг агаараасаа шалтгаалан хатуу, зөөлөн гэх зэрэг байна. Хурдны мөсний хувьд өнгөрсөн жилийн Денверийн мөсийг хавтгай хөлдөөгөөд тэгээд тэр нь гялгар байсан учраас их хэцүү байсан. Харин сайн мөсийг Оросын Киров хотод хөлдөөдөг. Тэнд international training camp гээд бааз байдаг. Тэнд сүүлийн гурван жил дараалан бэлтгэл хийсэн.
-Сүүлийн үед залуус экстрим спортод их татагдах болсон. Та ч тэдний нэг. Амжилт гаргахад хамгийн чухал юу вэ?
-Ер нь энэ авиралтын спортоор хичээснээр богино хугацаанд маш их калорийг шатаадаг. Гүйлтийн зам дээр гурван цаг гүйсэн калорийг авиралтын ханан дээр 30 минутын дотор шатаах боломжтой. Авиралт болон мөсөнд авиралтаар хичээснээр хүний бүх биеийн булчин нэгэн зэрэг хөдөлж байдаг. Мөн хүний бие өв тэгш хөгжих боломжтой.
Тиймээс хүүхэд багачууд, залуучуудыг энэ спортоор хичээллэн, сонирхоорой гэж уриалмаар байна. Сонирхогч тамирчид илүү залуу байх тусмаа тухайн спортын хөгжил сайн явагдана шүү дээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ