БАЙР СУУРЬ: В.Путин насан эцэстлээ ОХУ-ыг удирдах нь

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: В.Путин насан эцэстлээ ОХУ-ыг удирдах нь

БАЙР СУУРЬ: В.Путин насан эцэстлээ ОХУ-ыг удирдах нь

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Д.Медведевийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Тиймээс хойд хөршид болж буй улс төрийн үйл явдал Монголын улс төрд хэрхэн нөлөөлөх талаар судлаачдын байр суурийг хүргэж байна.


Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор, профессор Д.УЛАМБАЯР

-ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Үүнийгээ В.Путин Үндсэн хуулийн өөрчлөлт, хууль шүүхийн засаглалын шинэчлэлтэй холбон тайлбарлаж байгаа. Олон улс судлаач хүний хувьд та юу гэж дүгнэж байна вэ?

-Миний санаж буйгаар ОХУ 1993 оны шинэ Үндсэн хуулиндаа 2008 онд анх удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Үндэслэл нь Орос орон  өргөн уудам нутаг, олон цагийн бүслүүртэй. Тиймээс ойр ойрхон сонгууль явуулах нь санхүүгийн хувьд зардал ихтэй байгаа учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байсныг зургаан жил, Төрийн Думын гишүүний бүрэн эрхийг хугацаа мөн л дөрвөн жил байсныг таван жил болгож өөрчлөхийн тулд Үндсэн хуулиндаа нэмэлт хийсэн. Ингэснээр ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх боломжтой болсон юм. Энэ удаагийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухайд В.Путины шинэ санаачилга нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг эрс боловсронгуй болгох мэт харагдаж байгаа. Угтаа бол тэрбээр 2024 онд дахин нэрээ дэвшүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн үндсийг баттай болгож байгаа нь ойлгомжтой боллоо. Дөрвөн жилийн дараа В.Путин төрийн тэргүүнээс нэг мөр буух ёстой байсан. Гэтэл ийнхүү байдлыг өөрчилж чадлаа. 2008 онд буюу яг дөрвөн жилийн өмнө Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийж байсан. Энэ удаа үүнийг бас л давтлаа. Формат яг ижилхэн байна.

-Дмитрий Медведевийг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, харин түүний орны хүнээр Михаил Мишустиныг томиллоо. Эдгээр томилгооны цаана юу байгаа бол?

-Холбооны Зөвлөлд тавьсан В.Путины илтгэлийн утга санаа Засгийн газрыг огцруулахад хүргэсэн. Тиймээс Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар  бүрэлдэхүүнээрээ огцорлоо. В.Путины хэлснээр нааштай өөрчлөлтүүд гарсан ч санасан хэмжээнд хүрсэнгүй гэсэн утгатай үг хэлжээ. Эрс өөрчлөлт хийхэд Засгийн газар хэвээрээ ажиллана гэдэг үнэндээ бол утгагүй юм. Нөгөө талаар олон нийт Д.Медведевээс залхсан. 20 жил гэдэг бол дэндүү урт хугацаа. Түүнд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогчийн албан тушаалд томилж байгаа нь Засгийн газраас нэг мөр холдуулж байгаа хэрэг. Нөгөө талаар Засгийн газрын үйл ажиллагаанд цоо шинэ уур амьсгал, арга барил, шинэ сэтгэлгээ оруулах шаардлагатай нь харагдаж байна. Сергей Шойгу Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг байсан. Гэвч цоо шинэ хүн томиллоо. Тэгж гэмээнэ В.Путин нэр хүндээ өсгөж, байр сууриа бэхжүүлэх учиртай. Михаил Мишустины хувьд бол ард нийтэд танигдахын тулд багагүй хүчин чармайлт гаргах шаардлагатай.

-Михаил Мишустин гэж хэн бэ? Олон нийт түүнийг Путины залгамжлагч гэж харж байна. Тийм итгэл даах удирдагчийн хэмжээний хүн мөн үү?

-Одоохондоо түүнийг энэ албан тушаалд удна гэж хэлэхэд дэндүү эрт байна. Ямар ч л байсан В.Путины хүн шүү дээ. Засгийн газар бүрэн шинэчлэгдэх юм байна. Ер нь үйл явц их хурдацтай өрнөх бололтой. Миний хувьд Гадаад хэргийн сайдаар хэн тодрох бол гэдэг маш сонирхолтой байна. Их гүрний хувьд ОХУ-ын дипломат албаны тэргүүн гэдэг маш чухал албан тушаал юм. Хилийн чанадад ажиллаж буй Элчин сайд нараас томилогдох уу, эсвэл В.Путины гадаад бодлогын зөвлөх Ю.А.Ушаков байж болох юм. Тэрбээр 1998 онд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд, 1998-2008 онд АНУ-д арван жил Элчин сайд, 2008-2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогчоор ажиллаж байв. Одоо В.Путины гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч хүн. Гэхдээ харах л үлдлээ. Таагаад яах вэ.

-Одоо ОХУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байна. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон шүүх засаглалаа ч мөн өөрчилнө гэдгээ илэрхийлсэн. Энэ хүрээнд ямар өөрчлөлтүүд хийнэ гэсэн мэдээлэл байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өөрчлөгдөхгүй, мөн Засгийн газрын тэргүүний томилогоон дээр эрх мэдэл нь өөрчлөгдөх юм шиг байна. Мөн Төрийн Думын эрх мэдэл ч мэдэгдэхүйц өргөжих болов уу. Засгийн газрын тэргүүний эрх мэдэл ч нэгэн адил юм байна гэж ойлгогдож байгаа. Нэгдсэн Орос нам нь Төрийн Думын сонгуульд ямагт ялалт байгуулахаар байна. В.Путин тэрбээр насан эцэс хүртлээ ОХУ-ыг удирдан ажиллах боломжтой. В.Путиныг ялах ямар ч улс төрийн лидер ОХУ-д одоогоор байхгүй. Цаашдаа ч гарах магадал тун хомс харагдаж байна.

-Мэдэгдлийн үеэр “Ерөнхийлөгч бүхий л шаардлагатай шийдвэр гаргахад Засгийн газар саад болох ёсгүй” гэдгийг тодотгосон шүү дээ. Нэг хүний ноёрхол бүрэн утгаараа тогтсоныг харуулж байна уу эсвэл ОХУ ийм нэгдмэл санаанд хүрэв үү? Та юу гэж бодож байна?

-Мэдээж энэ бол гэнэт гаргачихсан шийдвэр биш гэдэг нь тодорхой. Урдаас маш сайн тохиролцсон, эсвэл зөвшилцсөн шийдвэр болов уу.

-Өнгөрсөн хугацаанд Путиныг эсэргүүцэх жагсаалууд хэд хэд гарсан. Түүний үйл ажиллагаа, удирдлага, шийдвэрийг эсэргүүцэх бүлэг байдаг. Энэ удаа Оросын ард иргэд үүнийг яаж хүлээж авч байгаа бол?

-2014 оны Өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээний дараа Оросын эдийн засаг маш хүнд байдалд орсон. Хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж, инфляц огцом өсч, нэг ам.доллар 73 рубль хүрч, газрын тосны үнэ унаж байлаа. Тэр үед ч В.Путины нэр хүнд сайн байсан. Одоогийн Орос орны эдийн засаг хориг арга хэмжээнд бүрэн дасан зохицож чадсан гэж хэлмээр байна. Батлан хамгаалах чадавх, аюулгүй байдлаа эрс сайжруулсан. Дижитал хөгжилд маш өндөр ач холбогдол өгч байна. Мэдээж бүх зүйл санасанд хүрээгүй гэдгийг Путин тэмдэглэсэн. Эдийн засгийн өсөлт гэхэд дөнгөж 1.6 хувь гарч байна. Гэсэн хэдий ч Орос Украинаар дамжуулж Өрнөд Европт хий дамжуулж эхэллээ. Хар тэнгисээр Өмнөд урсгал ашиглалтад орж байна. Сибирийн хүч Хятадын Дорнод хэсэгт хий нийлүүлж эхэллээ. Монголоор дамжуулан хийн хоолой тавих асуудал хөдөлгөөнд орлоо. Монголын нүүрсний экспортын гол өрсөлдөгч нь Австрали, Индонези, Канад биш харин ОХУ болохоор боллоо. Орос, Хятадын худалдаа-эдийн засаг, ложистик маш эрчимтэй нягтарч байна. Евроазийн эдийн засгийн холбооны нэгдмэл зах зээл, эдийн засгийн интеграци эрчтэй тэлж байна. Тиймээс оросын ард түмний үнэмлэхүй олонхи нь Путиныг дэмжсээр байх болов уу.

-Судлаачийн хувьд Оросын улс төрийн үйл явц цаашдаа хэрхэн үргэлжлэх бол, та яаж төсөөлж байна вэ?

-Авторитет буюу нэр хүндийн дэглэм бэхжих боловч тоталитар дэглэм рүү шилжихгүй гэдэг нь ойлгомжтой байх. Засаглалын тогтолцоо нь л өөрчлөгдөх юм шиг эхний ээлжинд харагдаад байна. Энэхүү улс төрийн өөрчлөлтөд Төрийн Дум дахь Коммунист, Либерал болон бусад нам реакци үзүүлж чадахгүй. Төрийн Дум буюу парламентын доод танхим 450 суудалтайгаас Нэгдсэн Орос нам 341, Коммунист нам 43, Либерал нам 40, Шударга Орос нам 23 суудалтай байх, бусад нь цөөн тооны бие даагчид юм. Холбооны хурал сенат буюу дээд танхим нам бус 170 гишүүдээс бүрддэг санагдаж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг олон түмэн хүлээж авна гэж бодож байна. Эсэргүүцэл мэдээж гарах байх. Гэхдээ А.Навальныйг дэмжигчид бол сөрөг хүчин болтлоо бэхжсэн улс төрийн хүчтэй хүчин биш.

-Хөрш оронд үүссэн энэ нөхцөл байдал манайд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү, харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой үргэлжлэх байх?

-Орос орон дахь төрийн эрх мэдэл, хүчний өөрчлөлт Монгол Улсад сөрөг нөлөө лав үзүүлэхгүй. Учир нь, В.Путин өөрчлөгдөхгүй учраас тэр. Өргөн уудам нутагтай, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй энэ улсад хүчтэй ерөнхийлөгч хэрэгтэй байгааг бид харсаар байна. Манай хоёр хөршийн удирдагчид улс орноо урт удаан хугацаанд тогтвортой удирдах нь ийнхүү тодорхой боллоо. Өнгөрсөн оны намар Улаанбаатар хотноо Монгол, Оросын хооронд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүй байгуулсан. Монголоор дамжуулах хийн хоолойн төсөл амьдралд хэрэгжихээр болбол энэ нь урт хугацаанд үргэлжлэх стратегийн төсөл болно. Ингэснээр гурван хөрш хамтдаа ашиг хүртэх учиртай. Хоёр хөршийн бодлогын шийдвэр гаргах тогтолцоо үнэхээр цул байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой юм.

ШУА-ийн ОУХХ-гийн Эрдэм шинжилгээний ажилтан, дэд профессор, доктор (Ph.D) Д.АЮУШ

-ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ огцрох болсон шалтгааныг ОХУ-ын Үндэсний төслүүдийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас болсон гэж үзэж байгаа судлаачид байна. Мөн В.Путин Туркмен баши, эсвэл Н.Назарбаевтай адил болох гээд байна гэж үзэж байгаа судлаачид ч байна. Туркмен баши өөрийгөө үндэснийхээ хосгүй лидер гэж тахин шүтүүлдэг, Н.Назарбаев болохоор Ерөнхийлөгчийн албаа өгөөд, Үндэснийхээ аюулгүйн зөвлөлийн даргын албыг хашиж, төр, засгаа хянаад, мөн гол намынхаа даргыг хийнгээ үндэстнийхээ лидер болоод байж байна.

Харин миний бодлоор Оросын Засгийн газрын гишүүд нь хэдийгээр сайн ажиллаж байсан ч ажлын арга барил, онол, арга зүй нь алдаатай байсантай холбоотой болов уу.

Ерөнхийлөгч В.Путин Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын болон парламентын гишүүдэд ямар хүмүүс сонгогдсон байх тухай саналаа илэрхийлэхдээ, Ерөнхийлөгчид сүүлийн 25 жил эх орондоо оршин суусан, гадаадын давхар иргэншилгүй хүнийг сонгох ёстой, мөн төр, засаг, парламентын гишүүд ч тийм байх ёстой гэсэн саналыг дэвшүүлсэн. Мөн Төрийн Думад Засгийн газраа бүрдүүлэх эрхийг шилжүүлэн өгөх болов. Улмаар Ерөнхийлөгч хойшид парламентаас дэвшүүлэн баталсан саналуудад хориг тавихгүй байхаар боллоо шүү дээ. Түүнчлэн Үндсэн хууль, шүүх, гүйцэтгэх засаглалын хувьд ОХУ-ын эрх ашиг, ард түмний сайн сайхан аж байдлыг дээшлүүлэх зорилгод харш биш л бол дотоодын хууль тогтоомж нь олон улсын хууль тогтоомжоос давуу байдалтай байх ёстой гэж хэллээ. Ингээд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга В.Путин өөрийнхөө орлогчийн орон тоог бий болгож, хамгийн ойрынхоо, итгэлтэй  хамтран зүтгэгч Д.Медведевийг томилов. Харин Д.Медведевийн оронд ОХУ-ын Ерөнхий сайдын сэнтийд татвар хураагч Михаил Мишустиныг санал болгож, батлуулж, томилсон нь үнэндээ тийм ч их чухал ач холбогдолгүй юм. Гэвч Ерөнхий сайдаар В.Путины ойрын бөгөөд нэрээ нэг их “хөөдөөгүй” хүн болж таарав. Михаил Мишустин нь 1998 оноос удирдах ажил хийж буй, эдийн засгийн шинжлэх ухааны доктор. ОХУ-ын татварын системийг цахимжуулж, татвар хураалтын асуудлыг амжилттай шийдвэрлэж чадсан хүн юм. Гэхдээ яг В.Путины залгамжлагч нь мөн гэж бодохгүй байна.

Одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярьж эхэлсэн нь В.Путины ирээдүйн засаглалын томъёоллын гаргалгаа гэсэн үг.

В.Путин дараагийн Төрийн Думын бүрэлдэхүүнд (2021 онд тэрээр Ерөнхийлөгч хэвээр байх юм) биечлэн хяналт тавих баталгааг нь хангана. Төрийн Думын депутатууд нь аль нам, хөдөлгөөнийх байх нь хамаагүй, хамгийн гол нь В.Путинд биечлэн үнэнчээ харуулсан хүмүүс байх ёстой юм. Чухам тэд л түүний ирээдүйн элит хүрээлэл байх ёстой болов уу. В.Путины үзэж буйгаар шүү дээ. Үүнээс улбаалаад сонгуулийн үр дүнг нь урьдчилан тодорхой төлөвлөчихсөн байгаа гэж хэлж болох юм. Жижиг зүйл, эд анги нь өөрчлөгдөж (бүлэглэлүүдийн хооронд жижиг зүйлийг наймаалцаж) болох авч, ерөнхий дүрслэлийг гаргасан байгаа. Тэр нь өөрчлөгдөхгүй гэж хэлж болно. В.Путин засаг, захиргааны гол албан тушаалуудыг хуваарилагч хэвээрээ үлдэнэ байх. Энэ нь бусад бүх бүлэглэл түүнээс хараат байж, түүний хяналт дор байна гэсэн үг юм. Тэрбээр байдлыг ийнхүү харж, төлөвлөж байна. Харин тэдгээр хүсэлт нь бодит байдалд хэр нийцэх нь өөр асуудал юм. В.Путины Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэлбэрийн талаар тавьсан санал нь эцсийн шийдвэрийг гаргахад эрх зүйн хувьд бүх нийтийн санал асуулга чухал байдаг атал жирийн нэг асуулгаар санал авч, В.Путины хувийн хяналт дор засаглалыг өөрчилж байхаар болж байна. В.Путины саналуудын хэлбэр, мөн чанарыг харахад, эдгээр нь түүний засаглалыг шилжүүлэх хэлбэр болж таарч байна. В.Путин төр, засгийн эрхэнд байх хугацаандаа Оросын ард түмний аж байдал, улсынхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр олон зүйлийг амлаж байсан боловч бүрэн биелэгдсэн нь үгүй. Үүнд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлүүд гэвэл Засгийн газрын гишүүдийн урагшгүй ажиллагаа, мөн 2014 оноос хойш Барууны орнуудаас тавьсан хориг арга хэмжээнүүд байв. Энэ хугацаанд хэд хэдэн удаа жагсаал, цуглаан гарч байсан нь төдийлөн газар авалгүйгээр дарагдаж байв. Учир нь, жагсаалд оролцогчдын ихэнх нь өсвөр насны залуус байсан гэдэг. Тэд нар өсч, хатуужиж, тууштай тэмцэгчид болтол нэлээд он, жилүүд хэрэгтэй.

Ер нь бол Ерөнхийлөгч В.Путин энэ удаагийнхаа илгээлтээр урьдын адил цэрэг, батлан хамгаалахын сэдвээр удаан ярьсангүй. Гурван минут орчим ярихдаа, “ОХУ-ын батлан хамгаалах хүчин чадал улам найдвартай болсон, сүүлийн үеийн зэвсэглэл нь хаана ч байхгүй, тэдгээртэй адил зэвсгийг бусад улс гүрнүүд мөддөө хийж чадахгүй” гэж хэлсэн. Харин цаг гаруй хугацаанд ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх талаар олон зүйлийг ярив.

Тухайлбал, 1-4 дүгээр ангийн сурагчдыг үнэгүй үдийн хоолоор хангах, анги даасан багш нарын цалин дээр таван мянган рубль нэмж олгох, эхийн капиталыг нэмэх, урьд нь хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эхэд өгч байсан халамжийн мөнгийг эхний хүүхэд төрөнгүүт нь олгодог болох, анагаахын зорилтот мэргэжлээр суралцах оюутныг улсаас түлхүү дэмжих, ядуу гэр бүлийг ажилтай болгож, улмаар амьжиргааны түвшинг нь дээшлүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь сонсогчдын, ялангуяа эмэгтэйчүүдийн таашаалыг ихэд хүртэв. Эдгээр чухал нийгмийн асуудлыг тавьсан нь мэдээж ард, иргэдийн дэмжлэгийг авна. ОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явц цаашдаа яаж ч үргэлжилсэн тус улсын гадаад, дотоод бодлого нь эрс өөрчлөгдөхгүй, В.Путины бүрэн хяналт дор явагдана гэж үзэж байна. Сүүлийн үед В.Путины авч буй арга хэмжээнүүд, амлалтууд нь ингэж дүгнэхэд хүргэж байна. Хөрш  ОХУ-д үүссэн нөхцөл байдал нь ерөнхийдөө В.Путин Ерөнхийлөгчийн албанаасаа буусан ч нөлөөгөө улам бэхжүүлэх санаа юм. Энэ нь манай хоёр улсын найрсаг харилцаа ба стратегийн иж бүрэн түншлэлийг хэрэгжүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж