УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон байж болзошгүй, мөн Г.Батхүү агсны асуудлаар эргүүлэн татах хүсэлтийг УЕП-оос тавьсан гэх мэдээлэл цацагдаад байгаа ч УЕП-ын зүгээс ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Тэрбээр Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр гарсны дараа үндэслэлээ тайлбарлана гэжээ. Сүүлийн хоёр сар шахам албандаа ирээгүй УЕП "сураггүй алга болсны" эцэст ажилдаа орсон эхний өдөр ийнхүү хүсэлт илгээж, Н.Номтойбаярыг түдгэлзүүлэн шалгах хүсэлт УИХ-д хүргүүлсэн нь анхаарал татаж байна.
Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлээс эхэлж цацагдах болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ө Төрийн ордонд мэдээлэл хийж, өөрийгөө яллагдагчаар татагдах үндэслэл байхгүй гэдгээ тайлбарлаж байсан юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг шүүх хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж байв. Шүүх хурлын дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж "Сүүлийн хагас жилийн хугацаанд над руу дайрсан гүтгэлгүүд их явж байна. Миний бие тодорхой тайлбар өгсөн. Г.Батхүү агсныг нас барсантай холбоотойгоор хэн нэгнийг яллагдагчаар татах нь байтугай эрүүгийн хэрэг ч үүсгээгүй. Сая болсон шүүх хурлаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокурорын байгууллагаас ирүүлснийг хэлэлцсэн. Шүүх хүлээж авалгүй татгалзлаа. Шүүх шударга байлаа, үүнд талархаж байна" гэж байлаа.
Ийнхүү УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж буй найм дахь гишүүн нь Н.Номтойбаяр болж байна. Үүний өмнө Д.Гантулга, Д.Мурат, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-д гаргаж байсан ч хүлээж аваагүй юм.
УЕП-оос ирсэн хүсэлтийн дагуу Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан зарласан байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Нямдорж ахалдаг. Мөн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар тус хороонд харьяалагддаг. Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаагүй. Учир нь хоёр гишүүн нь гадаадад явааг Ц.Нямдорж яриад "Хуульд заасан 48 цагийн дотор хэлэлцэх заалтыг зөрчихөд хүрч байгаа"-г учирлажээ. Пүрэв гаригийн үдээс хойш УЕП гэнэт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн Ерөнхий прокурорын үйлдэл "чоно борооноор" гэгч харагдаж, хардлага төрүүлж байгаа юм. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадад, Ерөнхий сайд дотоодод томилолттой хойгуур Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн нь байхгүй үед Баасан гаригт асуудал тавьж буйг нь хардахаас ч өөр аргагүй. Н.Номтойбаяр гишүүний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй таарамжгүй харилцаатай. Ерөнхий сайд ч "Баян айлын эрх хүүхэд хүмүүжүүлэх цэцэрлэг энэ парламент" гэж битүү үг шидсэн ч бий. Хэдийгээр Халдашгүй байдлын дэд хорооны хурал хойшлогдсон ч ирэх долоо хоногт энэ үйл явдал улс төрийн гол сэдэв байх нь дамжиггүй. Ийнхүү Н.Номтойбаярын хувь заяа Г.Занданшатарын гарт ирлээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ