Цагаан сарын "их нүүдэл" Хятадын вирусыг тарааж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Цагаан сарын "их нүүдэл" Хятадын вирусыг тарааж болзошгүй

Цагаан сарын "их нүүдэл" Хятадын вирусыг тарааж болзошгүй

Шинэ оныг Хятад улс нууцлаг өвчний түгшүүртэй угтлаа. Анх тус улсын Хэйбэй мужийн Үхань хотод илэрсэн тус вирусын эх үүсвэр, тархалт зэргийг бүрэн шинжилж тогтоогоогүй байгаа ч ДЭМБ-аас урьдчилсан байдлаар коронавирус байж болзошгүй хэмээн үзэж байна. Коронавирус нь 2002 онд мөн л Хятадад анх дэлгэрч, дэлхийн 40-өөд оронд тархан 8000 орчим хүнд халдварласан амьсгалын замын цочмог цочмог хамшинж (SARS)-ийн бүлгийн вирус юм. Тухайн үед SARS-ын халдвар авсан хүмүүсээс 700 гаруй нь нас барж байжээ. Халуурах, амьсгал давчдах шинж тэмдгээр эхэлдэг уг вирус нь энгийн ханиаднаас эхлээд үхэлд хүргэх боломжтой аюултай өвчин юм.

Өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй гэх уг нууцлаг вирус нь уушгийг хүндээр гэмтээж байгаа ба одоогоор Хятад улсад 50 гаруй хүн уг өвчнөөр халдварлаж, хоёр хүн амиа алдаад байна.  Эхний хохирогч энэ сарын 10–ны өдөр нас барсан бол хоёр дахь нь өчигдөр /2020.01.16/ нас баржээ. Мөн өвчний халдвар авсан хүмүүстэй шууд харьцаж байсан 200 орчим хүн байгаа гэнэ. Энэхүү өвчнөөр өвдсөн хүмүүсийн ихэнх нь Үхань хотын “Хуанань” далайн бүтээгдэхүүний захын ажилчид байгаа ба тус захыг одоогоор хааж, битүүмжлэн шалгаж байгаа юм.

“Хуанань” захад далайн хүнснээс гадна шувуу, туулай, могой зэрэг амьд амьтан зардаг байсан бөгөөд эрдэмтэд шинэ өвчин нь “SARS”, “MERS” зэрэг бүлэг өвчнүүдтэй ижил, амьтнаас хүнд халдсан байх боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ.

Энэ өвчин Тайландад мөн бүртгэгдсэн бөгөөд энэ өвчтөн нэг бол өөр захын амьтнаас халдвар авсан, эсвэл хүнээс халдвар авсан болж таарч байгаа юм. Хэрэв эхний таамаглал үнэн бол өвчний вирус таамаглаж байгаагаас хамаагүй өргөн хүрээнд тархсан буюу халдвар авсан ч мэдэгдээгүй илүү олон хүн байгаа, харин хоёр дахь таамаглалаар бол энэхүү өвчин нь зөвхөн хүнээс хүнд халдах боломжтой гэсэн үг.

Шинэ төрлийн халдварт өвчин Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгост бүртгэгдэв. Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг 36 настай Хятад эмэгтэй шинэ оны өмнөхөн ажлаар Үхань хотод зорчоод ирэхдээ энэ өвчний халдварыг авчээ. Түүнийг энэ сарын 9-ны өдөр илрүүлж, одоогоор тусгаарлан эмчилж байна. Харин Япон улсад дөнгөж өчигдөр /2020.01.16/ уг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Тодруулбал, Япон улсын Канагава мужийн оршин суугч, 30 гаруй насны эрэгтэй энэ сарын эхээр шинэ вирусны голомт болсон Хятадын Ухань хотоос ирсэн бөгөөд тухайн үед халуурах шинж тэмдэг илэрч байжээ.

АНУ-ын төрийн департментаас өчигдөр өвчний голомт болсон Хятадын Үхань хот руу аялахгүй байх нэгдүгээр зэргийн эрүүл мэндийн анхааруулгыг гаргасан байна. Түүнчлэн Тайландын эрх баригчид Хятадын сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нисэх онгоцны буудалд тавих хяналтаа чангатгах болсныг мэдээлжээ. Энэ жилийн сар шинийн амралтаар Хятадаас Тайландад 800,000 жуулчин ирэх төлөвтэй байгаа юм. Мөн ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирус Хятадаас гадагш тархаж болзошгүй байгааг улс орнуудад анхааруулаад байна. Тун удахгүй болох Хятадын сар шинийн баяраар тус улсад гадаад болон дотоодын аялал жуулчлалын урсгал хамгийн дээд цэгтээ хүрч, хэдэн зуун сая хүн нааш цааш зорчдог тул өвчний дэгдэлтийг нэмэгдүүлэх вий гэсэн түгшүүрийг дагуулж байна. Цагаан сарын өмнө иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг бөгөөд үүнийг Хятад улсад “Хаврын нүүдэл” хэмээн нэрлэдэг юм. Энэ жилийн  хувьд "Хаврын нүүдэл"-ээр урьдчилсан тооцоогоор давтагдах тоогоор гурван тэрбум зорчигч аялах төлөвтэй байгаа юм. Үүнээс төмөр замаар 440 сая, агаарын тээврээр 78 сая, усан замаар 50 сая хүн зорчино гэсэн тооцоо гарсан байна. Энэ тооцооллоор бол төмөр замын зорчигч 8,3 хувиар, агаарын тээврийнх 12 хувиар өсөх аж. Монгол Улсын хувьд ч жилийн яг энэ үеэр Хятад улс руу зорчих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Үүнээс гадна монголоос маш олон оюутан залуус Хятадын их дээд сургуулиудад  суралцдаг.

Ер нь Хятадад янз бүрийн халдварт өвчин тархах үзэгдэл түгээмэл байдаг нь тус улсын хүн амын тоо, нягтаршил, далайн болон бусад амьтны гаралтай хоол хүнс өргөн хэрэглэдэгтэй холбоотой байдаг аж.

Шинэ төрлийн вирусээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Энэ вирус нь агаар дуслын замаар халдварлах магадлал өндөр байгаа учир олон нийтийн газар явахдаа амны маск зүүх
  • Гараа тогтмол ариутгах
  • "SARS", "MERS" зэрэг ижил төстэй халдварт өвчнүүдийн туршлагаас харахад шээс, ялгадасаар халдвар маш хурдан тархдаг тус олон нийтийн бие засах газарт орохдоо ариун цэврийг дээд зэргээр сахих
  • Хятадад зорчихдоо далайн гаралтай хүнсний зах, амьтны захуудаар аль болох очихгүй байх, шаардлагагүй тохиолдолд амьтад болон далайн гаралтай бүтээгдэхүүнд шууд хүрэхгүй байх

Эх сурвалж: CNN, SCIENCEMAG

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж