ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ нь баяжиж, ТАТВАР ТӨЛДӨГ нь туйлдаж байна!

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ нь баяжиж, ТАТВАР ТӨЛДӨГ нь туйлдаж байна!

ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ нь баяжиж, ТАТВАР ТӨЛДӨГ нь туйлдаж байна!

Монголд огт татвар төлдөггүй ч төрийн үйлчилгээ, нийгмийн халамжийг бусдын адил хүртдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд бол малчид, машины ченжүүд, "Нарантуул"-ын наймаачид. Дээр нь уяачид, түрээслүүлэгчид байна. Уяачид хурдан удмын нэг морь зарахад 50 сая  хүртэлх төгрөгийн ашиг олдог. Гэвч,  ашгийн татвар огт төлдөггүй.

Фэйсбүүкт ажнай хурдан хүлэг сонирхогчдын группээс харвал адуу нэг сая, хээр морь гурван сая, удам дагасан гүү дөрвөн сая, зарим хурдан хүлэг 30 сая хүртэлх төгрөгөөр үнэлжээ.

Тэгэхээр хурдан удамтай адуу наад захын УАЗ 69 машины үнэтэй аж. Уг маркийн автомашины үнэ ханшийг сонирхвол дунджаар 25 сая төгрөгийн үнэлгээтэй байна.

Уяачдын хэлснээр 1990-ээд оны үед хамгийн анхны өндөр үнэтэй адуу иргэн н.Сумъяасүрэнгийн бор үрээ УАЗ 69 машины үнэд хүрч байсан түүхтэй гэнэ. Тэгвэл одоогоос таван жилийн өмнө “Мон-Уран” ХХК-иар овоглож явсан УИХ-ын гишүүн Б.Наранхүү улсын наадмын түрүүг авах нь тодорхой болсон хурдан хүлгийг П.Сэргэлэнгээс LX570машин, 500 мянган ам.доллараар /одоогийн ханшаар 1.375.000.000/ авч байсан гэх мэдээлэл байна.

УЯАЧДААС ТАТВАР АВБАЛ АДУУ ЗАРАГДАХАА БОЛИНО

Тод манлай уяач А.БАТСҮХ: 

-Өнөөдөр малын тоо толгой 70 саяд хүрлээ гэж байна. Энэ тоон мэдээллийг худлаа гэж боддог. Дундаж орлоготой малчид банкнаас зээл авахын тулд малын тоогоо хиймлээр өсгөдөг. Одоо мал тоолдог хүн байхгүй шүү дээ. Миний бодлоор Монгол Улсын нийт мал сүргийн тоо 50 саяд  хүрсэн байх. Дундаж болон бага орлогтой малтай малчин өрхүүдээс малын хөлийн татвар авах хэрэггүй. Харин малыг бизнес болгож, тав, зургаан мянган тоо толгой малтай, туслах малчин авдаг, хавар ноолуур хураахад автобусаар хүн зөөж цалинжуулдаг малчдаас малын хөлийн татвар авах нь зүйтэй. Үүнийг төрөөс уян хатан бодлогоор зохицуулах хэрэгтэй.

Адуугаа өндөр үнээр худалддаг уяачдаас татвар авахыг дэмжинэ. Хурдан удмын хүлгээ олон арван саяар арилжиж байгаа бол төрдөө багахан хэмжээний татвар төлж, ашгаасаа хуваалцахад буруу зүйл  байхгүй. Гэхдээ уяачдаас татвар авахад бэрх.

Сөрөг тал нь уяачдаас татвар авч эхэлбэл адуу зарагдахаа болино. Адуугаа зарсан ч найздаа бэлэглэсэн, адуугаа зараагүй гээд адууны худалдаа далд хэлбэрт шилжинэ. Тэгэхээр татвар төлөөгүй байсан ч татвар төлдөг болсон ч адууны наймаа далд эдийн засаг хэвээр үлдэнэ. Бусдаас хурдан азарга авахад адилхан хурдан төл төрүүлэх алтан савтай гүү хэрэг болно.  Удам сайтай, хурдан хүлгийг угшил муу, хурд хүчгүй гүүтэй нийлүүлэхэд  цус бохирдоно. Эзнийхээ нэрийг гаргах хурдан хүлэг төрөхгүй гэсэн үг. Тэгэхээр уяачид адууныхаа чанарт анхаардаг. Мөн үндэснийхээ өв соёлыг тээгчид болдгийн дээр нь уралдаанд өрсөлдөөн гэж байдаг тул хүлгийнхээ чанарт анхаардаг. Хурдан хүлэгтэй байж, тэр нь улсын, бүсийн наадамд түрүүлснээр уяач нь олонд танигдана, ашиг орлого өснө. Цаг хугацааны явцад тухайн хурдан хүлгийн үнэ цэнэ нь өсөхийн хэрээр олон нийт хүлээн зөвшөөрнө. Хурдан хүлгийн үнэ цэнэ өсөх тусам ашигтай байдаг бичигдээгүй хууль бий. Адуу хөөрөг хоёрт тогтсон үнэ байхгүй гэж монголчууд ярьдаг ч одоо бол захын адуу УАЗ 69 машины үнэд хүрнэ.

Хурдан хүлгийн үнэ цэнэ тухайн уяачийн нэг насны хөдөлмөр, цаг хугацааны шалгуураар л үнэлэгдэнэ. 

Миний хувьд 16 настайгаасаа хойш адуутай амьдралаа холбосон. Тийм болохоор адууныхаа чанарт их анхаардаг. Гэтэл уул уурхайгаа ухаж баяжсан толгой баячууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хурдан хүлгийг Монголд оруулж ирж байна. Уралдаанд сойдог. Тэгэхээр бусад уяачид хүлгийнхээ үнэ цэнийг алдахгүй, тогтоон барихын тулд чанарт нь анхаарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг гэх мэт олон  нарийн асуудал бий. Бид чинь адуугаараа л амьдардаг хүмүүс. Тухайн цаг үе, эдийн засгийн өсөлт, уналтаас шалтгаалан адууны үнэ хамаарна.

АДУУ ЗАРЛАА ГЭЭД ТАТВАР ТӨЛӨХГҮЙ 

Дорноговь аймгийн Уяач Б.АЛТАНБАЯР: 

-Би 1987 оноос хойш өнөөдрийг хүртэл 33 жил морь уяж байна. Анх 29 адуутай байлаа, одоо 399 адуутай. Багагүй тооны малтай. Манай адуунууд угийн бичигтэй. Хурдан угшлын нас насны хурдан хүлэг цөөнгүй бий. Зарим хүн хурдан хүлгээ 40-50 саяд үнэлдэг. Манай сумын нэг уяач улсын бүсийн наадамд дөрвөн жил дараалан айрагдсан нас нь хөгшин хүлгээ 40 сая төгрөгөөр зарлаа шүү дээ. Миний хувьд 1-5 саяар адуугаа зардаг. Ингэж хямд үнэлэх нь надад ашигтай.

Хурдан хүлгээ хямдхан үнэлэх тусам надад ашиг нь их. Мөнгө шожигнотол орж ирнэ гэсэн. Сумын төвд тав хоноход зургаан морь зарлаа. Нэг сарын хугацаанд арав гаруй адуу зарчихна.

Адуу зарлаа гээд татвар төлөхгүй. Ер нь малын хөлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг би дэмжихгүй.

Татвар авах тусам малын тоо цөөрнө. Дээр нь бид яаж амьдрах вэ дээ. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг ч төлж чадахгүй. Сард гуравхан сая төгрөгөөр яаж амьдрах вэ, бодоод үз.

Бид нэг жилийн хоёр улиралд нь мөнгөтэй болдог. Өвөл болоход мах, сүү цагаан идээгээ зарна, хавар нь ноолуураа тушаана. Ноолуураас хамгийн багадаа 15 сая, түүнээс дээш 40, 50 сая төгрөгийн ашиг олно. Төрөөс малчдаа илүү дэмжиж анхаарах хэрэгтэй. Иргэн баян бол улс баян шүү дээ гэлээ.

Уяачдаас дутахааргүй нийгмийн хэсэг бүлэг татвар төлдөггүй баячууд бол малчид. Орчин цагийн залуу малчид мянгат болохын өвчин тусч малынхаа чанарт нь бус тоонд нь анхаардаг болсныг статистикийн хорооноос гаргасан мэдээлэл ч батална. Мал малчны мэдэлд шилжсэнээс хойш тасралтгүй өсч  70 сая толгойд хүрээд байна. Бүр тодруулбал, улсын хэмжээнд 2019 онд 70 сая 949 мянга 900 толгой мал тоологджээ. Гэтэл дотоодын зах зээлд махны үнэ өсч, гадаад зах зээлд монголын махын худалдан авагч цөөхөн.  Малын тоо толгойн өсөлт нийт эдийн засагт бодитоор дэмжлэг болж чаддаггүй нь малчдаас татвар авдаггүйтэй холбоотой юм.

МЯНГАТ МАЛЧИД ХАЛАМЖ ХҮРТЭХ НЬ ЗӨВ ҮҮ?

Татвар огт төлдөггүй малчдын хувьд жирийн нэг эмч, багш нар, төрийн албан хаагчдаас илүү орлоготой. Сумандаа, аймагтаа, нийслэлд нэжгээд байр, машинтай мянгатууд ч бий.

Мянгат биш малчин ч хөл дүүжлэх унаатай, хотод хоёр, гурван өрөө орон сууцтай байгаа нь үнэн.  Малчид  ноолуураас хамгийн багадаа 15 сая, түүнээс дээш 40, 50 сая түүнээс ч орлого олдог.  Нэг килограмм ноолуур өнгөрсөн жил 140 мянган хүрсэн. Дээр нь мах, сүү цагаан идээнээс чамлахааргүй ашиг олдог.

Гэвч малчид улсдаа нэг ч төгрөгийн татвар төлөхгүй ч, ноос, ноолуурын урамшуулал гэж татвар төлөгчдийн мөнгийг багагүй "саадаг". Тэтгэврийн насыг нь наашлуулж, төр малд нь өгөх өвс тэжээлийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс үнэгүй өгнө.  Өөрийнхөө малыг өсгөлөө гэж одон медалаар шагнана. Эсрэгээрээ хотод төрийн алба хаагч, хувийн компанид ажилладаг жирийн иргэн нойр хоолоо хугаслаж, бүх насаараа ажиллаж төлсөн татварыг нь татвар төлдөггүйчүүд нь мөлжиж амьдарна.  Нэг үгээр хэлбэл, жилийн хэдэн зуун саяын орлоготой мянгат малчдыг халамжлахын тулд сарын 500 мянган төгрөгийн цалинтай иргэн татвар төлөхөд хүрдэг. Татварын энэ шударга бус тогтолцоо эргээд далд эдийн засгийг нэмэгдүүлж, авлигын шалтгаан ч болж байна.

МАЛЧДАД МЯНГАТЫН МЕДАЛЬ ӨГӨХ БИШ ТАТВАР НОГДУУЛДАГ БОЛЪЁ

 Эдийн засагч Ө.Ганзориг “Мянгат малчныг медалаар шагнах биш татвар ногдуулдаг болох нь зүйтэй. Малын тоо толгой нь 70 саяд хүрч бэлчээрийн даац нь хэтэрчихээд байхад улс орон даяар малчдыг халамжилж, дэмжиж, тэтгэхийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөж болохгүй. Цөлжилтийн эсрэг малчдад малын хөлийн татварыг төрөөс уян хатан бодлогоор ногдуулж, чанаргүй малын тоог бууруулж махны эргэлтэд оруулах байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Харин чанартай үржил шимтэй малын тоо толгойд анхаарах ёстой. Сүү багатай, мах нь шим тэжээлгүй ашиггүй малын тоо олширсноор бэлчээр талхалж, байгаль орчин, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа"-г шүүмжилсэн бол Монголбанкны олон нийтийн мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.Батжин "Малын худалдаа татварт төлөгддөггүй, татварын тооцоололд багтдаггүй"-г ярилаа.

Монголбанкны олон нийтийн мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.БАТЖИН: 

-Аль ч улсад далд эдийн засаг байдаг. Далд эдийн засаг гэдэг нь Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй тайлан мэдээний дотоодын нийт бүтээгдэхүүнд багтаагүй мөнгөний эргэлтийг хэлж байгаа юм. Жишээ татахад, бидний валют солих цэгийн алт мөнгөний дархадын худалдан авалт борлуулалт, малын ноолуур зэрэгт татвар ногдуулдаггүй.Үүнийг ил болгохоор ил тод байдлын тухай хууль хэрэгжүүлж, харьцангуй далд эдийн засаг багассан гэж үзэж байна. Гэхдээ малын худалдаа татварт төлөгддөггүй, татварын тооцоололд багтдаггүй, Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээнд тусгагддаггүй болохоор далд эдийн засагт орох боломжтой байгаа юм. Үүнд малын болон хурдан морины худалдаа бүгд орж байгаа гэсэн үг. Малчдын орлого, хурдан морины худалдаанаас олж  буй ашиг орлогыг 100 хувь ил болгох боломжгүй. Хүн бүрийн орлогыг ил болгох хүндрэлтэй" гэлээ.

Харин салбарын яамнаас энэ асуудалд ямар бодлого баримталж буй талаар тодруулахад бэлчээрийн даацад тохирсон малтай болохыг хичээж буйгаа дуулгав.

БИЕЭ ӨМӨӨРӨХ БИШ ТАТВАР ТӨЛӨХ СИСТЕМИЙГ НЬ БҮРДҮҮЛЖ ӨГ

ХХААХҮЯ-ны  Мал аж ахуйн хөгжил бодлого зохицуулалтын газрын дарга Д.БАТМӨНХ: 

-Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлчээрийн даацад тохирсон малтай байхыг бодлогоор зохицуулж байна. Засгийн газраас өвөлжилт хаваржилтын тогтоол гардаг. Энэ дагуу малын тоо толгойг бууруулах, сүргийн зохистой харьцааны тэнцвэрийг барихад анхаарч байна. Тиймээс малчдад ашиггүй малын тоог бууруулж, үр ашигтай буюу чанартай малын тоо толгойг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр зөвлөмж өгдөг. Өнгөрсөн жил бид 11 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан.

Өвөл хаврын үед бэлчээр хумигдах, худаг ус, идэш тэжээлийн хүрэлцээний асуудал хөндөгддөг.

Өвөлжилт хаваржилт хүндэрсэн үед малчин өрхүүдэд идэш тэжээлээс авхуулаад шаардлагатай дэмжлэгийг үзүүлдгийг та бүхэн мэдэх байх. Малын тоо толгой 70 саяд хүрч, бэлчээрийн даац хэтэрч буйтай холбоотойгоор малчид малын хөлийн татвар төлөх асуудлыг дэмждэг. Ер нь малчдад малын хөлийн татвар ногдуулж, үржил шимтэй сүүний гарц сайтай, мах нь чанартай эдийн засгийн эргэлтэд орох мал үржүүлэх ёстой. Малчдад малын хөлийн татвар ногдуулахыг УИХ-аар батлах учиртай" гэлээ.

Жил бүр малын тоо нэмэгдлээ гэж худлаа баярхаж суух биш бэлчээрийн даац, эдийн засгийн үр өгөөжөө тооцсон ч чанаргүй малын тоог цөөлж махны эргэлтэд оруулах, үржил шимтэй ашигтай малтай болох, малчдаас татвар авах нь төр нэг бодлого байх ёстойг эдийн засаг ч, байгаль ч сануулж байна. Нэг хэсэг нь огт татвар төлөхгүйгээр баяжиж, нөгөө хэсэг нь тартагтаа тултал татвар төлсөөр. Ёстой л Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэдэг шиг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж