Д.Ганбаяр: Монголбанк Удирдах зөвлөлтэй болох ёстой

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Д.Ганбаяр: Монголбанк Удирдах зөвлөлтэй болох ёстой

Д.Ганбаяр: Монголбанк Удирдах зөвлөлтэй болох ёстой

Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн дарга Б.Ганбаяртай ярилцлаа.

 -Тэтгэврийн зээлийг тэглэснээр Монгол Улсын эдийн засагт хүндрэл учрах нь тодорхой боллоо. Санхүүчийн хувиар энэ талаарх санал бодлоо хуваалцахгүй юү?

-Энд нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Улс төрчид зээл авч байгаа хүн ядуу гэдэг ойлголтоос салмаар байгаа юм. Компани, өрх, улс болгон зээл авдаг. Зээл бол санхүүгийн бүтээгдэхүүн. Түүнийг авч арилжаанд орж, хэд дахин илүү үр өгөөж хүртдэг. Бүр мөнгөгүй болоод нэг удаа цагаан сар, баяр тэмдэглэхээр зээл авч байгаа зарим хүмүүс байж болно. Гэхдээ энэ нь зээл авч буй хүмүүсийн маш бага хувь нь. Нөгөө талаасаа хүмүүс өөртөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт буюу ирээдүйд хөрөнгө оруулалт хийх зорилгоор зээл авдаг гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэтгэврийн зээлийг тэглэж буй асуудал нь Монгол Улс болон эдийн засагт асар том хохиролтой. Яагаад гэхээр, 2016 онд шинэ засаг засаг авахад долларын ханш 2050 төгрөг байсан. Одоо 2700 руу орчихлоо. Энэ хугацаанд 700 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ хугацааны эдийн засгийн мөчлөгийг харахад 2016 оноос хойш эдийн засаг өсөлттэй гарсан. Шинэ засаг гараад, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа. 2017 онд 5.3 хувьтай, 2018 онд 6.9 хувьтай, 2019 онд 7.2 хувьтай өсөлттэй явсан.

-Долларын ханш өсөх үндэслэл байгаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ, ямар ч үндэслэл байхгүй. Энд гаднаас орж ирсэн зээлийн өр төлбөрийн хэмжээ харагдаж байгаа. Одоогоор Монгол Улс 30 тэрбум долларын өртэйгөөс Засгийн газрын өр 7.3 тэрбум, Төв банкных 1.9 тэрбум. Засгийн газрын өрийн хэмжээ 2016 онд байснаасаа бараг нэг дахин илүү нэмэгдсэн. Гаднаас хангалттай доллар орж ирсэн. Дээрээс нь худалдааны баланс гэвэл 2019 оны байдлаар 1.4 тэрбум долларын нэмэхтэй буюу эерэг гарсан. Бидний импортлохоосоо илүү экспортлож буй бүтээгдэхүүн их байсан. Гэтэл Монголбанкны М2 буюу мөнгөний нийлүүлэлт 19.8 их наяд төгрөг байна. Монголбанкнаас гаргаж буй мөнгөний хэмжээ их болчихоод байгаа. Дээрээс нь 2020 оны төсөв 2.4 их наядын алдагдалтай гарсан. Энэ бол маш ноцтой асуудал. Үүгээр дамжуулаад төсвийн тодотгол зайлшгүй хийх ёстой байсан. Тэтгэвэр тэглэх асуудалтай холбоотойгоор эрх баригч МАН, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн тодотгол хийхгүй гэж байна.

-Тэтгэврийн зээлийн өрийг тэглэх асуудлыг Салхитын мөнгөний ордоор дамжуулаад, бонд гаргах журмаар санхүүжүүлнэ гэсэн. Зарим эдийн засагчид ийм боломж байхгүй гэдгийг хэлж байна. Та юу хэлэх вэ?

-Ингэх боломж байхгүй. Энэ жилдээ багтаад тийм их хэмжээний мөнгө олох боломж байхгүй. Энэ нь эргээд 700 тэрбум төгрөгийн зээл олгосон банкуудыг дампууруулах эх үндэс болж байна. Ний нуугүй хэлэхэд, тэр мөнгийг энэ жилдээ босгож чадахгүй. Салхитын мөнгөний орд нэгд, шүүхийн маргаантай яваа. Хоёрдугаарт, бонд гаргах гэж байгаа хүн гаднаас санхүүжилт татахдаа “Өрийн бичиг гаргах гэсэн юм. Танаас авсан мөнгийг бид ард түмэндээ тарааж өгөх гэсэн юм” гэхэд хэн ч бонд худалдаж авахгүй. Олон улсын банкуудтай ярьж байгаад авах юм бол Монголд байхгүй өндөр хүүтэй авна. Тэр нь эргээд тухайн бизнесийн байгууллага, Салхитын мөнгөний ордод үр өгөөжгүй болно. Тэр чигээрээ нь өгөөд туучихна. Энэ бол Монголд байж боломгүй практик юм. Ерөнхийлөгч сонгогдохдоо өрийн дарамтыг бууруулна гэсэн. Өрийн дарамтыг бууруулна гэдэг шууд тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэглэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан болохоос биш “Тэглэнэ шүү” гэсэн чиг үүрэг өгөөгүй. Өөрөөр хэлбэл, зөвлөмжийн шинж чанартай гарсан. Зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар, УИХ үүнийг шийдэхдээ ямархуу байдлаар зээлийн хүүг буруулж болох вэ гэдэг механизмыг хэрэгжүүлээгүй байхгүй юу. Салхитын мөнгөний ордоос гарч байгаа мөнгө нь Үндсэн хуулийн 6.2-т зааснаар Үндэсний баялгийн сангаар дамжиж хийгдэх ёстой. Тэгэхгүй Салхитын мөнгөний ордоос гарах мөнгийг шууд тэтгэврийн зээлтэй иргэдэд өгөх нь өөрөө тухайн заалтыг зөрчсөн асуудал яах аргагүй мөн. Үндсэн хуулийн 1.2-т тэгш, шударга байх ёстой гэж заасан. Гэтэл тэтгэвэр авагч дундаа тэр нь тэгш байна уу гэхээр тэтгэвэр авсан хүмүүстээ зургаан саяыг нь өгчихье, аваагүй хүмүүстээ нэг сая төгрөгийн ваучер өгчихье гээд байгаа.

-Ваучер гэдгийг хүмүүс их олон янзаар тайлбарлаж байна. Энэ бол иргэдийг хуурч, молиго үмхүүлж буй хэлбэр гэдэгтэй та санал нийлэх үү? 

-Ваучер гэдэг чинь ямарваа нэг зүйлийг худалдаж авах эрхийн бичиг байхгүй юу. Түүнийг 2021 оны тавдугаар сараас авах боломжтой гэж байгаа. Ийм санхүүгийн бүтээгдэхүүн байдаггүй юм. Шууд хэлэхэд, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хийж байгаа улс төрчдийн “гал”-ыг унтраах гэсэн арга ядсан хэлбэр. Өнөөдөр сая төгрөг авсан нь дээр үү, жилийн дараа сая төгрөг авсан нь дээр үү? Жилийн дараа долларын ханш хэд болох вэ? Прогнозоор бол 3000 давна. Дээр нь сонгууль дөхөж байна. Тэтгэврийн зээлийн тэглэлт мөнгөний бодлогод шууд бусаар нөлөөлнө. Монголбанк улс төрөөс хараат бус, бие даасан байдалтай байх ёстой байтал тэр нь байхгүй болчихоор хүссэн хүсээгүй мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Үүнийг дагаад долларын ханш өсөх нь ойлгомжтой. Дээрээс нь сонгууль болно. Улс төрийн намууд тараадаг юмаа тараана. Ингээд ирэхээр долларын ханш 3000 элбэг гарна. Яавал долларын ханшийг өсгөхгүй байх вэ гэж бодох ёстой байтал долларын ханш хамаагүй мэтээр бодож байна. Өнөөдөр бид шинэ гарсан Iphone Pro Max авах гэж дөрвөн сая төгрөг төлж байна. Уг нь бол 1300 орчим долларын үнэтэй. Хэрвээ долларын ханш хуучин шигээ 2300 хавьцаа байсан бол гурван сая орчим төгрөгөөр авчих байсан. Худалдааны баланс эерэг үед долларын ханш нэмэгдээд байгаа нь Монголбанк интервенц хийж чадахгүй байгаа хэрэг.

-Төв банкны засаглалыг сайжруулах ёстой юу?

-Миний хувьд 2017 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр Төв банкны тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Бид Төв банкны засаглалыг сайжруулах ёстой юм байна. Дор хаяж таван гишүүнтэй Удирдах зөвлөлтэй болгоё гэж үзсэн. Ажлаа өгсөн Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Тийм юм байхгүй” гэж эсэргүүцээд байсан. Олон улсад Төрийн байгууллагуудын санхүүд хяналт тавьдаг зохицуулагч байгууллагуудын засаглал гэж байдаг. Тэд зайлшгүй Удирдах зөвлөлтэй байж, хамтдаа шийдвэр гаргадаг. Эрх барьж буй аль ч намын хувьд Монголбанкны ганцхан ерөнхийлөгчтэй, тэр хүнээр дамжуулж бүх юмыг хийхийг хүсдэг. Энэ бол улс төрчдийн зүгээс Монголбанкны улс төрөөс ангид, хараат бус байдлыг нь алдагдуулж байгаа гол асуудал. Энийг засъя, саарал жагсаалтаас гаръя гэж байгаа бол хуулинд өөрчлөлт оруулаад, Монголбанкыг Удирдах зөвлөлтэй болгох. Нэг хүнийг дуудаж өрөөндөө оруулж ирж байгаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь чиг үүрэг өгдөг биш долоон гишүүнтэй, хамтын удирдлагыг хэрэгжүүлдэг Санхүүгийн зохицуулах хороо шиг байвал хэр баргийн хүн нөлөөлж чаддаггүй юм. Би өөрөө Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн байсан. Маш олон зүйл хийгээд, санхүүгийн салбарыг хөгжүүлэх гээд явж байхад олон улс төрч бидэнд үүрэг даалгавар өгөх гэж оролддог байсан. Хамтын удирдлага бүхий, дундын шийдвэр гаргадаг учраас бидэнд улс төрөөс хамааралтай байх боломжгүй. Эцэст нь, улс төрөөс хамааралтай байлгахын тулд биднийг хугацаанаасаа өмнө ажлаа өгөх асуудлыг тавьж байсан.

-Олон улсын валютын сангаас Монгол Улсын Засгийн газар гэрээгээ зөрчлөө гэж мэдээллээ. Улс орны нэр хүнд тэр хэрээр унаж байгаа болов уу?

-Яалт ч үгүй гэрээгээ зөрчлөө. Уг нь Хүрэлбаатар сайд мөнгө тараахгүй гэдэг байр суурь дээрээ зогсох ёстой. Харамсалтай нь манайхан тэгж чадахгүй байна. ОУВС 1.5 тэрбум долларын зээл олгосныг та мэдэж байгаа. Уг нь харьцангуй бага хүүтэй, тогтвортой таван тэрбум хүртэлх долларын зээл авах боломж байсан. Гэтэл тэтгэврийн зээл тэглэх, мөнгө тараах асуудлыг хэдийнэ тохирч, авах боломжтой байсан 3.5 тэрбум долларын зээлийн шугамыг хаачихаж байгаа юм. Улс орон өр зээлгүй байна гэдэг мэдээж амаргүй. Ялангуяа доллараас, гадны бүтээгдэхүүнээс хараат улс орны хувьд. Хамгийн гол нь бид уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байна. Экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн.

-Борлуулсан бүтээгдэхүүн нь Монголын банк, санхүүгийн салбарт орж байна уу гэдэг асуудал бий?

-Чадахгүй байгаа. Яагаад гэвэл улс төрчдөөс айж байна. Өнөөдөр банк, санхүүгийн систем нууц биш болсон. Жишээ нь, Голомт банкинд 50 сая доллар орж ирсэн шүү гэдгийг мэдмэгцээ “Танайхаас зээл авчихъя”, ингэе тэгье гэдэг асуудал гардаг. Засаглалгүй банкууд яах юм бэ, дотоод мэдээллээ алдана. Нөгөөдүүл нь улс төрчдийн хараанд ороод ирнэ. Лиценз, тусгай зөвшөөрлийг нь авъя гэх мэтчилэн шүүх, прокурортойгоо нийлж байгаад авдаг ийм тогтолцоо бий болсон. Монголын санхүүгийн зах зээл эрүүл биш, гаж тогтолцоотой. Энийг цэгцлэхийн тулд санхүүгийн зах зээлд сайн засаглал хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр зөвхөн 12 банк үйл ажиллагаа явуулдаг. Монголын санхүүгийн зах зээлийн нийт активын хэмжээ 40 их наяд төгрөг буюу 13 тэрбум доллар байна. 2014 он байдлаар активын хэмжээ 23 их наяд байсан. Одоо 40 их наяд болоод өсчихлөө гэж бодоод байгаа. Гэтэл долларын ханш өсөөд, энэ активыг нэмэгдүүлж чадахгүй байгаа. Хамгийн аюултай нь, нөгөө хувь хэмжээ хэвээрээ байгаад байгаа юм. Монголд доллар, мөнгө хэрэгтэй. Миний тооцоолж байгаагаар, Монголын эдийн засагт 110 гаруй тэрбум доллар хэрэгтэй. Ийм мөнгө байж байж долларын ханш өсөхгүй тогтвортой, бизнесийн хэрэгцээгээ хангаад явчихдаг, зээлийн хүү багатай байх боломжтой. Гэтэл тийм хэмжээний мөнгө байхгүй учраас хүссэн хүсээгүй гаднаас доллар, зээл авч интервенц хийх гэж үзээд байгаа юм. Сая алтны АМНАТ-ыг 5 хувь болгох гэж үзсэн.

-Тэгж нэмэх зайлшгүй шаардлага байсан уу?

-Ямар ч шаардлага байхгүй. Монгол Улсад алт нь хэрэгтэй. Ядаж доллар болгохын тулд. АМНАТ-ын нэг хувь ч байж болно. Алтнаас л төлбөр авч байгаа. Гэтэл үүний цаана эдийн засгийн үр өгөөж нь асар чухал. Алтыг зөвхөн Монголбанкинд зардаг ганцхан систем гаргах нь л чухал. Тийм учраас санхүүгийн зах зээлийг эрүүл болгох хэрэгтэй байна. Эдийн засаг гээд том ярьдаг улс төрчид яг санхүүгийн зах зээл гэхээр мэддэггүй. Санхүүгийн зах зээл гэдэг чинь гурван асуудлаас бүрддэг. Энэ жил 2.4 их наядын алдагдалтай төсөв баталсан нь маш том асуудал. Энэ жилийн төсвөөр 250 гаруй тэрбум төгрөгөөр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа Дуурь бүжгийн театр, Төв номын санг нураана гэж байна. Яасан их мөнгөтэй юм бэ? Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй байж аав Iphone Pro Max 11 аваад байж болохгүй биз дээ. Энэ жилийн төсөв ний нуугүй хэлэхэд зүгээр сонгуулийн төсөв болчихсон. Тиймээс Хүрэлбаатар сайд төсвийн тодотгол хийнэ гэдгээс үхтэлээ айж байна. Ардын нам аль болох барилгуудаа бушуухан шиг нурааж аваад, төсвөөс бушуухан мөнгийг нь гаргаж цацахыг хүсч байна. Өнөөдөр нүүрсний ханш унах тал руугаа яваад эхэллээ. Байгалийн баялгийн үнэ зах зээл дээр хэлбэлзээд, нөгөө супер цикл эргээд явах болчихлоо. Дээр нь эрх баригч намынхан Монгол Улсыг өрөнд нь хутгаж хаяад, хамаг мөнгийг нь аваад дээрэмдээд явчихаж байна.

-Уг нь Монгол Улсад Мөнгөний бодлогын зөвлөл гэж бий. Тэр хүмүүс юу хийгээд байна вэ гэдэг асуудал гарч ирж байна?

-Бий. УИХ-аас томилогддог хэдэн нөхөд байдаг. Тэр хүмүүс бодлогын хүүг бууруулах уу, өсгөх үү гэдэг юмыг л ярина. Жил болгон мөнгөний бодлогын асуудлыг Засгийн газарт тавьдаг. Жил болгон маш том асуудал гардаг. Дээрээс нь 2013 оноос эхлээд өмнөх Засгийн газар 20.4 их наядаар 8 хувийн ипотекийн зээл олгож эхэлсэн. Гэтэл одоо Ирээдүйн тэтгэврийн сангийн хууль батлаад, тэр мөнгөнийх нь эх үүсвэр буюу 20.4 их наядын ипотекийн зээл олгох шугамыг нээгээд, Монголбанкнаас гаргуулж, Монголын ипотекийн корпораци гэдэг байгууллага байгуулсан. Гэтэл шинэ засаг гарч ирэнгүүтээ Ирээдүйн тэтгэврийн сангийн хуулийг өөрчилсөн. Уг нь тэр 2.4 их наядаар буцаагаад тэтгэврийн хуримтлалын сан бий болгох ёстой байсан, буцаагаад Монголбанкиндаа шилжүүлэх ёстой. 2017-2019 онд Монголбанк өөрийн балансдаа 20.4 их наядыг суулгасан юм харагдахгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зүгээр л санхүүгийн луйвар гэж хэлж болохоор зүйл. Тиймээс хууль зөрчсөн санхүүгийн гэмт хэрэг битгий хийгээрэй гэж хэлмээр байдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж