Төгрөгийн уналтыг барих ТӨР БАЙНА УУ?

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Төгрөгийн уналтыг барих ТӨР БАЙНА УУ?

Төгрөгийн уналтыг барих ТӨР БАЙНА УУ?

Ам.долларын ханш өссөөр өчигдөр/2020.01.16/-ийн байдлаар 2750 төгрөгт хүрлээ. Он гарснаас хойш ам.доллар найм, юань зургаан төгрөгөөр өсчээ. Хоногт л хоёр төгрөгөөр өсч байгаа валютын ханшийн эсрэг төр засаг ямар арга хэмжээ авч байгааг, мөн өсөлтийн шалтгаан, энэ нь ард иргэд, бизнес эрхлэгчдийн амьдрал улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж буй зэрэг олон  асуултад хариулт нэхэж байгаа юм.

“Найман шарга” валютын захад 50 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулдаг аж. Хамгийн ойр байх ББСБ руу орж валютын ченж Д.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авсан юм. Тус ББСБ нь үйл ажиллагаа явуулаад хориод жил болж буй гэнэ. Өмнө нь баяр ёслол дөхөхөөр "Найман шарга" зах дээр валютын эрэлт нэмэгддэг байсан бол одоо одоо үйлчлэгчгүй өнждөг болсон. Монгол Улс саарал жагсаалтад орсноос хойш иргэдийн валют солиулах гүйлгээ 80 хувиар буурсан аж.  Энэ бол эдийн засгийн бодит хямрал гэдгийг тэр онцолсон юм.

-ВАЛЮТЫН ХАНШ ӨДӨР БҮР ТОГТМОЛ ӨСӨЖ БАЙНА

Тэрбээр "Саарал жагсаалтад орохоос өмнө ам.доллар 2465 байсан. Гэтэл одоо 300 төгрөгөөр нэмэгдчихлээ. Яг одоо ам.доллар 2750 төгрөгтэй тэнцэж байна. Огцом биш ч өдөртөө нэг, хоёр төгрөгөөр тогтмол нэмэгдэж байгаа. Өчигдөр  /2020.01.15/ гэхэд хоёр төгрөгөөр нэмэгдсэн. Ганц доллар ч биш, бусад валютын ханш дагаад өсч байна. Юань гэхэд өнгөрсөн долоо хоногт 395 байснаа одоо 400 төгрөг болчихлоо. Удахгүй цагаан сар болно. Өдийд уг нь жижиг, дунд бизнес эрхлэгч, наймаачид валют солиулах гээд оволзож байдаг. Гэтэл одоо нам гүм байна. Бусад арилжааны газар ч ийм байгаа.

Өмнө нь тус ББСБ-ын нэг үйлчлүүлэгч дор хаяж 10 мянган юань солиулдаг байсан бол одоо мянган юань солиулах ч хүн алга.

Сүүлийн гурван өдөр рубль солиулах нэг ч хүн орж ирсэнгүй. Энэ бол эдийн засгийн том хямрал. Дөрвөн жилийн өмнө, цагаан сар дөхөхөөр орон нутгийн иргэд бөөн, бөөнөөрөө урагшаа явж бэлтгэлээ базаадаг байлаа. Мөнгө солиулахаар орж ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй байсан. Гэтэл одоо би ганцаараа ингээд сууж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар маш муудсан. Тиймээс наймаачид урагшаа явах нь бүр багаслаа. Бид дураараа ханшаа өсгөөд сууж байдаг юм биш. Арилжааны банкууд ханшаа өсгөвөл бид дагаад нэмдэг. Бусад валют ам.доллар дээр суурилж ханш нь хэлбэлздэг. Үүнийг бид мөн тооцоолдог. Монголбанк мөнгөний бодлогыг тодорхойлно шүү дээ. Үүнд төр засгийн зохицуулалт, ухаалаг шийдвэр чухал" гэв.

Биднийг ярьж байх үед гаднаас валют солиулахаар хувиараа бизнес эрхлэгч Э.Төмөрбаатар орж ирлээ. Тэрбээр сүүлийн гурван сар юань тогтмол худалдан авч байгаа аж. Есдүгээр сарын сүүлээр 380 байсан юань одоо 5 хувиар өссөн тухай ярьж байна.

-БИЗНЕС ЭРХЛЭХЭД АЛДАГДАЛТАЙ БАЙНА-

Э.Төмөрбаатар хувиараа бизнес эрхлэгч

-Хувиараа жижиг, дунд бизнес эрхлэгч бидэнд валютын ханшийн өсөлт маш их дарамт болж байна. Төгрөгийн ханш сулрах тусам бид алдагдалд хүрч байна. Манайх тээврийн бизнес эрхэлдэг.

                                          Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд импортын бараа болон зээл нь валютаар байдаг.

Манай бизнесийн хувьд түлш, шатахуун, тээврийн хөлс валютаар бодогдож орж ирдэг. Үнэ нь нэмэгдээд байгаа боловч орлого нэмэгдэхгүй байгаа учраас алдагдалтай байна. Дээр нь манайх юанийн зээлтэй. Тэгэхээр төлөлтийн хүү нэмэгдэж байна. Есдүгээр сард ам.долларыг 2500 төгрөгөөр авч байсан бол одоо 2750 төгрөгтэй тэнцэж байна. Бараг арван хувиар өсчихлөө шүү дээ. Сая төгрөгийн цалинтай хүн өмнө нь 400 ам.доллар авдаг байсан бол 360 ам.доллар авдаг болчихлоо. 2016 онд ам.долларын ханш хоёр мянга хүрэхэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёр мянган ширхэг нэгтийн дэвсгэрт баричихаад попроод байсан. Гэтэл өнөөдөр 2750 хүрчихээд байхад эрх баригчид амаа үдүүлчхээд ямар ч арга хэмжээ авахгүй байна.

Энэ бол саарал жагсаалт болон төр засгийн тогтворгүй бодлоготой шууд холбоотой.

Эдийн засгийн хямрал манай улсад бодитоор нүүрлэсэн талаар бизнес эрхлэгч ийн ярьж байна. Харин Монголбанкны зүгээс үүнийг үгүйсгэв. Төсв банк валют арилжааны цэгүүдэд ханшийн хэлбэлзэл илүү ч эдийн засгийн сууриа харвал харьцангуй хэвийн байгаг тодотголоо. Иргэд өөрсдөө төсөөллөөр хүлээлт үүсгэж, энэ ханш өсөх шалтгаан болж байгаа гэв.  Монголбанк богино хугацаанд интервенци хийж, урт хугацаанд валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч буйгаа тайлбарлаж байна. Гэхдээ валютын ханшийг бүрэн тогтвортой барих боломж, бололцоо байхгүй. Тиймээс төр засгийн тууштай, урт хугацааны бодлого хэрэгтэй гэдгийг онцлов.

Бид энэ талаар  Монгол банк Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.Батжинтай ярилцлаа.

-ВАЛЮТИЙН НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА-

-Сүүлийн үед валютын ханш аажмаар, тогтмол өсч байна. Үүний шалтгаан юу вэ?

-Валютын ханшийн өсөлтийг Саарал жагсаалттай холбоод байна. Үнэндээ тийм зүйл байхгүй. Саарал жагсаалтад орохоос өмнө Америкийн банкууд манайд аль хэдийн асуудлаа тавиад хамтын ажиллагаагаа тасалчихсан байсан. Харин Саарал жагсаалтад орсноос хойш буюу өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хамтын ажиллагаагаа зогсоосон банк байхгүй. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог ангиллууд байдаг. Одоохондоо аль ч ангилал дээр Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо, эрсдэл үүсчихлээ гэж хэлээгүй. Нөгөө талаар манай улсад орж ирэх валютын урсгал яг хэвээр байгаа.

Алтны ханш өсч байна. Зэсийн үнэ харьцангуй тогтмол байгаа. Нүүрсний үнэ харин ч нэг, хоёр хувиар нэмэгдчихсэн байна. Төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарсан. Тэр хэмжээгээр Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлээд дөрвөн тэрбум ам.долларт хүргэчихлээ.

Гэтэл иргэд айдсаасаа болоод хүлээлт үүсгэж, валютын ханш өсөхөд нөлөөлөөд байна. Эдийн засгийн суурь тогтвортой байхад иргэд төгрөгийн хадгаламжаа доллар болгох хандлага их байна. Үнэн хэрэгтээ богино хугацааны төгрөгийн хадгаламж нь долларын хадгаламжаас илүү өгөөжтэй байдаг. Жишээлбэл долларын хадгаламж бол жилдээ 5-6 хувийн хүүтэй байдаг бол төгрөгийн хадгаламж 12 хувь байдаг. Өнгөрсөн жилийн дүр зургаар харвал валютын ханш 3,4 хувиар чангарсан байдаг. Энэ нь долларын хадгаламжийн хүү дээр нэмээд тооцохоор ес орчим хувийн л хүү гарч ирнэ. Харин төгрөгийн хүү үүнээс  3-4 хувиар илүү байгаа юм. Богино хугацаанд уг нь төгрөгөө хадгалах нь зөв. Гэтэл иргэд маань үүний эсрэг шийвдэр гаргаад долларын эрэлтийг нэмэгдүүлээд байна. Мэдээж, сонгууль ойртоод ирэхээр популист дүр зураг ажиглагддаг. Энэ нь бас эрсдэлийг үүсгэж магадгүй л дээ. Тиймээс иргэд маань аль болох улс төрийн элдэв амлалтад автахгүй, санхүүчдийнхээ үгэнд итгээрэй л гэж хэлмээр байна.

-Монголбанкны үүрэг бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Энэ тал дээр танай зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Валютын ханш огцом хэлбэлзээд байвал иргэд болоод бизнес эрхлэгчдэд маш эрсдэлтэй. Алдагдал их хүлээнэ. Үүнийг бууруулахын тулд Монголбанкнаас интервенци хийдэг. Интервенци гэдэг нь банк хоорондын зах дээр валют нийлүүлэх юм. Хаана дутагдал үүсч байна тэнд мөнгө өгнө гэсэн үг. Гэхдээ хүссэн бүхэнд мөнгө нийлүүлэхгүй. Бодитой “шатахуун”-ы хэрэгцээ байна уу гэдгийг харж үздэг. Он гарснаас хойш 150-160 сая ам.долларын валют арилжааны банкуудад нийлүүлсэн. Тэгээд мэдээж мөнгөний бодлогоо хэрэгжүүлнэ. Бид богино хугацаанд интервенци хийж, урт хугацаанд валютын нөөцөө нэмэгдүүлж байна. Гэхдээ валютын ханшийг 100 хувь тогтвортой барих боломж, бололцоо байхгүй. Хуулиар олгогдсон бидний хийж чадах эрх хязгаарлагдмал. Тэгэхээр төр засгаас арга хэмжээ авах шаардлагатай. Урт хугацааны тууштай бодого чухал. Удахгүй манай улсын зээлийн төлөлтүүд эхэлнэ. Хугацааг сунгах үгүй бол төлөх гэсэн хоёр зам байгаа. Тиймээс монгол улс  гадаадын шууд хөрөнгө оруулалт, худалдааны  бодлогоо тууштай барих ёстой. Үнэндээ манайхан гадаадын хөрөнгө оруулалтыг нэг өдөр эерэгээр яриад маргааш нь үгүйсгэчихдэг. Монгол улс ганцаараа амьдарч чаддаг юм шиг ярьдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчид  болгоомжлоно шүү дээ. Монгол Улс цөөхөн хэдхэн бүтээгдэхүүн экспортолдог. Ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолж байна. Баярын уур амьсгал ороод эхлэнгүүт л валютын ханш өсчихөөд байна. Тиймээс гадаад худалдааны бодлого маш чухал болчихоод байна.

-ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСААР БАЙНА-

Харин Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар ярихдаа “Манай улсын дотоодын үйлдвэрлэл үнэндээ дампуурсан. Бараг бүх бараа бүтээгдэхүүнээ гаднаас авч байна. Үүнийг дагаад валютын урсгал гадагшаа гарч байна. Орж ирж байгаа нь валютын урсгал ганцхан нүүрс. Гэтэл нүүрс үнэ унах, экспорт зогсох гээд эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр бид дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Харамсалтай нь өнөөдөр бид даршилсан ногоогоо хүртэл гаднаас авч байна. Хамгийн гол нь үйлдвэрлэл шинээр бий болгох боломжийг нь төр олгохгүй байна.

Урт хугацааны бодлого байхгүй. Энэ бол аль нэг намын асуудал биш. Бүрэлдэж тогтсон системийн асуудал. Үүнийг уг үндсээр нь өөрчилж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол мөнгөний ханш цаашдаа суларсаар л байх болно” гэсэн юм.

Ийнхүү ирэх зургадугаар сард болох сонгуулийн бэлгээ эрх баригчид баруун солгойгүй тараах зуур эдийн засагт бодит хямрал нүүрлэв. Ардын засгийн бодлого ам.долларын ханшийг хөөрөгдөж, төгрөгийн ханш улам суларсаар. Үнэндээ ханшийн өсөлт баячуудын хөрөнгийг зузаалж, ядуусын үмх талхыг булаадаг. Төгрөгийн ханшаа барих төр байна уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж