Хар тамхины хэрэгт орооцолдсон томчуудын хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэрэгт орооцолдсон томчуудын хүүхдүүд

Хар тамхины хэрэгт орооцолдсон томчуудын хүүхдүүд

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг болон түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсч, нас нь залуужиж, улмаар насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох явдал нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас тогтмол сэрэмжлүүлж, анхааруулж буй. Тодруулбал, хар тамхины дамжуулагч гэгддэг байсан Монгол орон арван жилийн дотор "хэрэглэгч" улс болтлоо ахисан нь хар тамхи хэрэглэгч хүмүүсийн тоо өссөнийг гэрчилж байгаа хэрэг. Сүүлийн жилүүдэд манай улсын нэр бүхий албан тушаалтан, урлаг соёлын “одод”, төрийн хариуцлагатай албан хаагчид  хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдэв. Эрхэлж буй албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, олны танил байдлыг бодсон ч эдгээр хүмүүсийг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, бас ч гэж тав, гурван “цаас” цаашаа хийсэн болов уу хэмээн дүгнэдэг. Иймээс бид хүүхэд нь хар тамхины хэрэгт холбогдсон томчуудын хэргийг эргэн сануулж байна. 


ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТ

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг гарсан. Талийгаач нь хошин шогийн “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн байв. Тус байр  нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн ээжийнх нь гэр байсан бөгөөд хэрэг гарах үед 21-28 насны  11 эрэгтэй, нэг эмэгтэй хамт байжээ.

Тодруулбал, 22 настай Э.Намсрай, 21 настай Б.Цэрэнням, 27 настай Б.Бат-Оргил, 28 настай Ж.Гантулга, 21 настай Г.Дөлгөөнбаатар, 22 настай Ц.Цэрэндорж, 23 настай Б.Хүлэгт, 22 настай Н.Жамух, 28 настай Ц.Даваажаргал, 25 настай Э.Есүнгэ, 27 настай Б.Намуун /эмэгтэй/ нар байжээ.

Улмаар дээрх 11 хүнээс мансууруулах төрлийн бодис илрүүлэх анхан шатны тест авахад Б.Намуун, Б.Бат-Оргил нараас бусад есөн хүний шээсэнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байж болзошгүй гэсэн хариу гарсан.  Цагдаа нар хэргийн газарт мөрч нохой ажиллуулахад гаанс, гялгар ууттай ногоон өнгийн өвс, мөнгөлөг цаасаар ороосон зүйл, эм гэх мэт зүйлсийг олсон байдаг. Иймээс тэднээс дахин шээс болон цусны шинжилгээ авсан ч хариуны талаарх мэдээлэл  олон нийтэд ил болоогүй.

Тэдгээр  залуусын дунд  Ерөнхийлөгч  Х.Баттулгын хүүгээс гадна,  Ерөнхийлөгчийн экс эхнэр  З.Уянгын хүү Э.Есүнгэ нар байжээ.  Тэд 2016 онд хамтран  “Blue moon art gallery”-д гэрэл зургийн үзэсгэлэн гаргаснаас хойш нөхөрлөх болсон гэдэг. 

Дээрх есөн хүнд Эрүүгийн хуулийн 188-ийн 1, 192-ын 1,2,3,4-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тун удалгүй  тэдгээр залуусын хэргийг хэрэгсэхгүй болгох замаар нам жим болсон тухай хэвлэлүүд нэг хэсэгтээ онцлон мэдээлж байлаа.

Гэсэн ч энэ хэрэг одоог болтол яаж шийдэгдсэн нь тодорхойгүй, хав дарагдсан юм.Ерөнхийлөгчийн хүүгийн хар тамхины хэрэг хэрхэн шийдэгдэх бол, хууль шүүхийн байгууллага  Ерөнхийлөгчийн гарт байгаа цагт хүүдээ аавын хаалга татуулах болов уу гэсэн асуултын хариултыг цаг хугацаа ийнхүү харуулж байна.

ДЭД САЙД  АСАН Т.БОЛДБААТАРЫН ОХИН БУЯНЖАРГАЛ 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Тэдгээр хүмүүс дунд Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал байснаас гадна хоёр хятад иргэн байжээ. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна.

Б.Буянжаргал нь  2015 онд хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ.  Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Наренгава, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Шүүх прокурорын уг саналыг хэлэлцээд дээрх этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН АСАН Д.СУГАРЫН ХҮҮ ЦОГ

2016 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү С.Цогийг  ice буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа мэдээлэл цацагдаж байлаа. Гэвч, түүнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, уг дуулиан тэгсхийгээд нам жим болсон билээ.  

Үүнээс өмнө С.Цог нь 2014 онд 11 хүний хамт хар тамхины хэрэгт холбогдож, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн билээ. Улмаар шүүхээс С.Цогт хоёр жилийн хорих ял оноож цагдан хорьж байсан ч Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2016 оны нэгдүгээр сард хорих ангиас суллагдсан юм.

Өршөөлийн тухай хуульд онц хүнд гэмт хэрэгтэн, хүний амь нас санаатайгаар бүрэлгэсэн, эх орноосоо урвасан буюу тагнуул хийсэн, хүн хулгайлсан, хүн худалдсан, хүчиндсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах буюу эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд тус тус хамрагдах боломжгүй хэмээн заасан байдаг.

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА АСАН Г.БАЯСГАЛАНГИЙН ХҮҮ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ УНАВ

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Баясгаланг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед нь хүүг нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байв. “Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүний гуйлтаар авч явсан бараанаас нь хар тамхи илэрсэн уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь мөн л тодорхойгүй өнгөрсөн билээ.  Ерөнхийлөгч асан П.Очибатын зээ хүү Б.Чингарал хар тамхины төрлийн бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж,  БЗД-ийн шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн мэдээлэл бий. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ХУВЬТӨГӨЛДӨРИЙН ХҮҮ Х.ТАМИР

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон байдаг.

Гэвч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ялыг нээлттэй эдлүүлэх шийдвэр шүүх  2018 оны есдүгээр сард гаргасан юм. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
БурууБуруу
15
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж