“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийх зарим ажлаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийх зарим ажлаа танилцууллаа

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийх зарим ажлаа танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим ажлын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/01 дугаар захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулж ирүүлэх талаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/72 дугаар албан бичгээр Нийслэлийн нутгийн захиргааны 36 байгууллагад хүргүүлжээ. Нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар бүх байгууллагаас саналаа ирүүлсэн бөгөөд төлөвлөгөөний төслийг нэгтгэн ажиллаж байна.

“Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааныг зохион байгуулахтай холбоотойгоор manaikhoroo.mn цахим системийн ашиглалт, үйл ажиллагааг нэвтрүүлэх, мэдээллийн санг нэмэгдүүлэхээр нэгдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд дүүргүүдийн 173 хорооны зохион байгуулагчдад “Хорооны газар зүйн суурь мэдээллийн сан үүсгэх” сургалтыг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зорилтот жилийн хүрээнд нийслэлийн бүх шатны албан хаагчид уялдаа холбоогоо хангаж ажиллах шаардлагатай. 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулгаа салбар салбарын холбогдох байгууллагууд хийнэ. Энд онцгой анхаарч хариуцлагатай ажиллаарай” гэсэн юм.

Мөн хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууцны хотхон, хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд хяналт тавьж хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/483 дугаар ажлын хэсэг байгуулах захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118, 2014 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Эрчим хүчний яамны харьяа “Дэд бүтэц-эрчим хүч” төслийн нэгжээс хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын орон сууцны хотхон, хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээтэй танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг Т.Гантөмөрт үүрэг болгосны дагуу 2019 оны 10 дугаар сарын 17-ны Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж, хурлаас гарах тэмдэглэлийн төслийг боловсруулан танилцуулсан байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж