Монгол Улс чөлөөт бүс байгуулах санаачлагыг 20-иод жилийн өмнө гаргаж, хуулиа баталсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж, амилахгүй байгаа. Энэ асуудлын цаад шалтгаан нь юу болох талаар Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.01.16/ МҮХАҮТ-ын танхимд болсон “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форумд оролцох үеэрээ учирлалаа.
Тэрбээр “Чөлөөт бүс байгуулах тухай яриад бараг 25 жил болж байна. Анх 1995 онд чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлал батлагдсан. Би Монгол Улсын Шадар сайд болохоосоо өмнө Засгийн газрыг энэ асуудлаар нь их шүүмжилдэг байсан юм. Чөлөөт бүсийг хөгжүүлэх бодлого нь батлагдчихаад байхад яагаад энэ ажлыг хийхгүй, удаашруулаад байгаа юм бэ” гэж ярьдаг байлаа.
Шадар сайд болоод энэ ажлыг хариуцаж авахад эсэргүүцэлтэй тулгарсан, удаашрахад тодорхой шалтгаан нөлөөлдөг юм байна. Замын-Үүдийн чөлөөт бүсэд казино хүртэл байгуулна гэж тусгаад, 2004 онд олон улсын тендер зарласан ч тэр ажил яваагүй. Хил дамнасан чөлөөт бүс учраас БНХАУ-ын талтайгаа заавал тусгайлсан хэлэлцээ байгуулж, тохиролцох ёстой. Энийг хийж чадахгүй яваад байсан. БНХАУ-аас чөлөөт бүс байгуулах санал ирүүлсэн ч Монгол Улсын талаас өөрсдийн төслөө боловсруулахаар ажилласан. Уг төсөлд нийтдээ 200 орчим хүн ажилласан.
Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, Чөлөөт бүсийн тухай хуульд зарим нэг өөрчлөлтийг оруулж, УИХ-д өргөн барьсан. Манай талаас тавьсан санал дээр БНХАУ-ын талаас хил дамнасан чөлөөт бүсэд казино байгуулахыг дэмжээгүй. Бид тэр саналыг нь хүлээн авсан” гэсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ