Г.Тэмүүлэн: Шинжлэх ухааны салбарыг дэмжсэнээр бусад салбар хөгжинө | News.MN

Г.Тэмүүлэн: Шинжлэх ухааны салбарыг дэмжсэнээр бусад салбар хөгжинө

LiveГ.Тэмүүлэн: Шинжлэх ухааны салбарыг дэмжсэнээр бусад салбар хөгжинө

16 : 14
2020-1-16

Г.Тэмүүлэн: Шинжлэх ухааны салбарыг дэмжсэнээр бусад салбар хөгжинө

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийг  Н.Учрал, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өргөн барьсан билээ.

Оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Инновацийн тухай зэрэг хэд хэдэн хууль батлагдан, мөрдөгдөж байгаа ч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй, төрөөс оюуны өмчийг дэмжих ажиллагаа нь нэгдсэн зохицуулалтгүй, оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статус болон чиг үүргийг нэгдсэн байдлаар тодорхойлсон хууль байхгүй байна.

Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Тухайлбал, оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх байдлыг бий болгож байгаа юм.

Энэ мэт зайлшгүй зохицуулах шаардлагатай нөхцөл байдал, хэрэгцээнд тулгуурлан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд:

-Оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, оюуны өмчийн байцаагч, шинжээчийн эрх, үүрэг;

-Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтын удирдлагын байгууллага, оюуны өмчийн эрхийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүдийн эрх, үүрэг;

-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэр, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл;

-Оюуны өмчийн мэдээллийн сан, оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс, Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаа зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар:

-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хялбар болно;

-Оюуны өмчийн үнэлгээ хийх, зуучлах ажиллагаа илүү найдвартай болно;

-Оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдах боломж бүрдэнэ;

-Төрөөс үзүүлэх дэмжлэг илүү тодорхой болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Хуулийн төслийн талаар гишүүд ажлын хэсгээс асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал эдийн засаг, аж үйлдвэрийн чиглэлд хамаарагдах асуудал. Эхлээд боловсролын салбарт харьяалагдаж байсан одоо Хууль зүй, дотоод хэргийн яамд харьяалагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамд харьяалагдах ямар ч үндэслэл байхгүй л дээ.Тодорхой болгох хэрэгтэй. Ямар үндэслэлээр  Хууль зүй, дотоод хэргийн яамд харьяалагдуулж байна вэ.

Ажлын хэсэг:

Аж үйлдвэрийн яамд харьяалуулах нь зөв. 2016 онд  Хууль зүй, дотоод хэргийн яамд харьяалуулж өөрчилсөн. 1990 онд анх Патент, барааны тэмдгийн газар гэж байгуулахдаа Үндэсний шимтгэл хорооны дэргэд байгуулж байсан. 2006 оноос Шадар сайдын хариуцах ажлын хүрээнд шилжүүлж, 2012 онд  зургаан сарын хугацаанд  Хууль зүй, дотоод хэргийн сайдын  эрхлэх асуудлын хүрээнд, үүнээс хойш Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байж байгаад 2016 оноос буцаад  Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцах болсон. Өөр нэмэлт хариулт өгөх боломжгүй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Хуулийн төслийг дэмжиж байна. Зохиогчдыг, тухайн шинэ бүтээлийн нээлтийг эрхийг хамгаалах асуудал өнгөрсөн хугацаанд төрөөс хамгаалах харилцааг зохицуулж ирсэн боловч тухайн хамгаалагдсан оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах уу төрөөс хэрхэн дэмжиж, үр шимийг нь хүртэх үү гэдэгт хангалтгүй ажиллаж ирсэн. Оюуны өмчийн эдийн засгийн үнэлгээ, үнэ цэнийг тогтоох харилцаа хуулийн төсөлд сайтар тусгасан эсэхийг ажлын хэсэг сайтар нягтлаарай. Хоёрдугаарт,  оюуны өмчийн эрхийг эзэмшигч болон үйлдвэрлэгч хоорондыг хооронд нь холбох харилцааны хууль гэж харж байна.Энэ байдал хэр тусгагдсан бэ. Эдийн засгийн хөшүүрэг болох хууль гарах ёстой шүү. Шинжлэх ухааны салбарыг дэмжихгүйгээр, хөгжүүлэхгүйгээр бусад салбар хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Энэ чиглэлд төрийн бодит дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Үйлчилгээний хөлс хураамжийн асуудал ямар нэг байдлаар салбартаа хүндрэл,чирэгдэл болохгүйгээр тусгагдсан эсэхийг хэлж өгнө үү.

 Удахгүй Генетик нөөцийн тухай хууль орж ирнэ. Хүн, амьтан, ургамлын генетик нөөцийг зохицуулсан харилцааны зохицуулалт одоогоор байхгүй учраас тусгайлсан хуульд нь тусгах зайлшгүй шаардлагатай.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

Нэр бүхий гишүүдийн боловсруулан Оюуны өмчийн тухай хууль Засгийн газрын өргөн барьж байгаа гурван багц хуулиуд болох Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хууль, Патентын хуулийн шинэчилсэн найруулга, Барааны тэмдгийн тухай  нэмэлт, өөрчлөлт гээд эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн бариад Хууль зүйн  байнгын хороонд хуваарилагдсан юм билээ. Эцэслэн батлах үед нь эдгээр хуультай  уялдуулан авч үзнэ. Патент эзэмшигч буюу оюуны өмчийн  бүтээлийг эзэмшиж байгаа хүмүүсийг үйлдвэрлэгчидтэй холбох асуудлууд Оюуны өмчийн тухай хуульд нэлээд орж ирсэн. Оюуны өмчийн зуучлалын асуудалд тодорхой хуулийн этгээдүүд мэргэжлийн үйл ажиллагаа явуулаад патент эзэмшигчдийг үйлдвэрлэгчидтэй холбох асуудлыг хуульчилсан. Мөн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг хариуцлагажуулах эргээд эдийн засгийн эргэлтэд оруулахад энэ хүмүүсийн оролцоо чухал учир тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Гэрээний үндсэн дээр үнэ, хөлсөө тохирно. Төрийн зүгээс оролцоо байхгүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Чухал хууль орж  ирлээ. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд яаж оруулах вэ гэдэг нь энэ төсөлд харагдахгүй байна. Оюуны өмчийг хамгаалах асуудал өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн. Энэ хуулийн онцлог бол Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэдгээрээ онцлог. Хамгийн гол нь үр дүн гаргах заалтууд харагдахгүй байна. Том том зузаан цаас гаргаж ирээд энэ бол миний оюуны өмчийн бүтээл гээд бариад явж байдаг хүмүүс гадуур зөндөө бий. Өөрийн нэр дээрээ патентаа авчихсан байдаг. Гагцхүү үүнийг нь дэмжих төрийн байгууллагууд нь  ямар үйлдвэрлэл, үйлчилгээ дээр орж ирэх юм бэ. Тодорхой тусгасан заалтууд шаардлагатай.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг ярихын өмнө эхлээд оюуны өмчийг хамгаалах асуудал тавигдана. Хамгаалагдсан оюуны өмчийг дараа нь эдийн засгийн эргэлтэд оруулахад эргээд үйлдвэрлэгч буюу патентыг худалдаж байгаа талд эрсдэл үүсэхгүй болно.Хамгаалалтыг бий болгохын тулд энэ байгууллагын бүтэц, чиг үүрэг нь тогтвортой байх ёстой. Оюуны өмчийн онцлог нь гол төлөв хувь этгээдүүдийн хооронд үүсч байдаг харилцаа учраас зуучлалын асуудлыг тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Оюуны өмчийг зөв үнэлдэг болсноор банк барааны тэмдгийг нь барьцаалах боломжтой.

Үүгээр тус хуулийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулснаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулснаар өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.

13 : 52
2020-1-16

Өнчин ишиг хулгайлсан ч ял оногдуулах хуулийг баталлаа

Х.Болорчулуун нарын 25 гишүүн өргөн барьсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Уг хуулийн төсөлд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэлийг 3-8 жил болгон нэмэгдүүлж, таван бог нэг бодоос дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал гэж үзэхээр тусгасан.

Мөн бусадтай бүлэглэн, галт зэвсэг, тусгай бэлтгэсэн тоног хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйл, машин техник ашигласан бол хүндрүүлэх нөхцөл үүсэх аж. Түүнчлэн ашиг шимт, сонгомол /хурдан удмын адуу/ мал, сүргийг хулгайлан бол хүндрүүлэх нөхцөл гэж үзсэн байна.

Хуулийн төслийг батлахаас өмнө гишүүд асуулт асуусан юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

Ашиг гойд шимтэй малыг хулгайлбал ялын нөхцөлийг хүндрүүлнэ гэж оруулж иржээ. Гойд, ашиг шимтэй гэдгийн оронд галт зэвсэг ашигласан мөн ядарсан нэгний амьжиргаанд нь сөргөөр нөлөөлсөн бол гэсэн томьёоллыг нэмж оруулах саналтай байна. Ер нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль гарснаас хойш маш их ноцтой асуудал бий болсон. Аргаа бараад одоо энэ хуулийг засч байна. Мөн нэг заалтыг олигтой засаагүйд би гайхаж байна. Хүн гүтгэхийг зөвхөн Зөрчлийн хуулиар зохицуулахаар өмнө нь оруулж ирсэн. Хуучин бусдыг онц ноцтойгоор гүтгэсэн бол Эрүүгийн ялтай байсан. Одоо бол яаж ч гүтгэлээ ялгүй Зөрчлийн хуулиар зохицуулсныг сая Эрүүгийн хуулиар оруулж ирлээ. Бусдыг гүтгэх нь аюултай, ноцтой хэрэг. Нийгмийг зөрчилтэй байлгах, хоорондоо үл итгэлцэл бий болгох, нийгмийг тогтворгүй болгох зүйлд гүтгэлэг нөлөөлдөг учраас соёлжсон оронд гүтгэх нь хатуу ялтай байдаг. Эрүүгийн хуулиар шийтгэгддэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднийг шийтгэх нь гэж яриад байна. Бусдыг гүтгэхгүй байхад л болно шүү дээ. Гүтгэхгүй бол хэнийг ч яллахгүй. Гүтгэх үйлдэлд ял яагаад тавьж чадахгүй байгаа юм бэ. Өмнө нь ч гэсэн би хэдэнтээ хэлээд Зөрчлийн хууль руу оруулчихсан. Хүнийг ноцтойгоор гүтгэх гэмт хэрэгт Монгол Улс ял оногдуулж чадахгүй байгаа нь хамгийн аймшигтай. Хүн гүтгэх үйлдэлд  УИХ-ын гишүүд эвлэрчихсэн юм уу.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг эцэслэн хэлэлцээд баталсан. Таны хэлж байгаа гүтгэх үйлдэлд торгуулийн шийтгэл оногдуулахаар баталсан. Мөн зорчих эрхийг нь хязгаарлах ялтай. Одоогоор  зорчих эрхийг нь хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд техник хэрэгсэл зэрэг нөхцөл нь бүрдээгүй байгаа. Одоо бидний хэлэлцэж буй мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал гэдэгт амьжиргааны малыг нь хулгайлсан тохиолдолд хүндрүүлэх гэж авч үзэх саналыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд УИХ-ын дарга хоёр чиглэл өгсөн. Галт зэвсэг ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх мөн малчны амьжиргааны эх үүсвэрээс нь салгасан бол ялыг хүндрүүлэх гэсэн хоёр чиглэлийг өгсөн. Ингээд ажлын хэсэгт ярилцаад амьжиргааны эх үүсвэрээс нь салгаж мал хулгайлсан гэмт хэрэгт хүндрүүлсэн ял оногдуулахаар оруулж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Малын бүлэг хулгай ойролцоогоор таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Хууль хяналтын байгууллагад очихоороо хоёул, шүүхээр шийтгүүлэхээрээ ганцаараа болчихдог. Хуулиа харж байгаад голдуу 8 бод, 24 богоос доош тооны мал хулгайлаад нэг нь л хэргээ хүлээдэг. Ингэхдээ дээд хугацаа нь нэг сар нийтэд тустай хөдөлмөр хийж байгаад ялаас мултраад буцаад сумандаа очиход нь иргэд дургүйцдэг. Тиймээс нийтэд тустай хөдөлмөр гэдгийг хасч байгаа нь зөв. Мөн 8 бод, 24 бог гэж заасныг  малчид дургүйцсэн учраас багасгаж хоёр бод, зургаан бог болгосон. Гэхдээ өнчин ишиг хулгайлсан ч гэсэн ял авах хуулийн заалт өмнө нь байсан одоо ч байгаа. Малын хулгайд шоронжуулсан ял оногдуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

Хуулийн төслийг дэмжинэ. Хоёр хөгшин хөдөө 1000 малтай үлдээд малаа хулгайд алдвал хэлдэггүй тал бий. Яагаад гэвэл хэлчихвэл нөгөө хулгайчид нь улам өширхөөд хотыг нь харлуулчих байх гэж эмээгээд хэлдэггүй. Малын хулгайн гэмт хэрэг 70 хувиар ихэссэн гэлээ. Нэмэгдсэн шалтгаан нь ажилгүйдэлтэй шууд холбоотой. Мал дээр гарсан хөгшчүүдэд туслах малчид буюу илгээлтийн эздийг төрөөс дэмжмээр байна. Төрөөс халамжийн бодлого яриад байхаас бус ажилгүйчүүдийг дэмжих талаа бүр орхигдуулчихлаа.

Үүгээр чуулганыг завсарлууллаа.

12 : 19
2020-1-16

Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улс усны бодлогоо алдагдуулсан

Чуулган Н.Баяртсайхан чөлөөлөх (3)

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн хуулийн төсөл хэлэлцэнэ. Үүнд,

  • Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг багтжээ.
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Яг одоо чуулганаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2019 оны 10 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Мурат, Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг нар ажилласан байна.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 9 дүгээр зүйлд “усны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Усны тухай хуулийн нэр томьёотой жигдэллээ. Хуулийн төслийн 16 дугаар зүйлд 16.4.1, 16.7.4 дэх заалтыг өөрчлөх саналын томьёоллыг бэлтгэв. Төслийн 3 дугаар зүйлийн “байгууллага” гэсний өмнө  “төв” гэж нэмэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Усны агентлаг байгуулахаар заалт орж ирсэн нь сайн хэрэг. Өмнө нь хоёр ч удаа усны агентлагаа татан буулгаж байсан. Мөн Үндэсний хороог татан буулгаж байсан. Ямар учраас татан буулгаж байсан юм бол. Хэд хэдэн төсөл яригдаж байсан. Эдгээр төслүүд яасан бэ. Усны агентлаг байгуулагдаж байгаа нь маш зөв. Мөн ойн агентлаг ч байгуулах ёстой. Ойн хаягдлыг ашиглах ёстой. Ан агнууртай холбоотой агентлаг ч байгуулах ёстой. Гадуур зарагдаж байгаа загаснуудыг харахад дандаа дэлбэлж агнасан байна. Байгаль орчны яам эдгээр асуудалд хэрхэн анхаарч байгаа юм бэ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Ямар шийдвэрээр Усны газрыг татан буулгасныг би мэдэхгүй байна. Төрийн албаа цомхон, чадварлаг байлга гэдэг шаардлагыг үе, үеийн Засгийн газарт тавьж ирсэн. Үнэхээр шаардлагатай албыг татан буулгаад хэрэгцээтэй газартаа хүргэж ажиллаж чадахгүй байгаагийн нэг жишээ нь энэ. Усны асуудал бол том асуудал. Орон нутагт зөвхөн сав газрууд нь гол үйл ажиллагаагаа хариуцан ажиллаж байна. Гэтэл аймгийн бодлоготойгоо яаж уялдаж байна вэ гэхээр ганц мэргэжилтэн бүх ажлаа хариуцаж байх жишээтэй. Тиймээс Усны газрыг сэргээж, хуулийн асуудлыг эргэж харах шаардлага байна.

Ажлын хэсэг: 

Ойн агентлагийг байгуулахаар бэлтгэл ажил хийж байна. Удахгүй үе шаттай танилцуулна. Антай холбоотой суудал яригдаж байна. Манай улсад дулаарал дэлхийн дунджаас гурав дахин эрчимтэй явагдаж байна. Иймээс усны нөөцөө хадгалж хамгаалах ёстой. Тиймээс гол мөрөнг хамгаалах ажлыг эрчимтэй явуулж байна. 180 орчим булаг шандыг хамгаалж байна. Өнгөрсөн жил есөн усан сан байгуулсан. Усны нөөцийг нэмэгдүүлэх судалгаа хийж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Усны асуудал бол маш чухал. Ялангуяа манайхаас гадагшаа гарч байгаа гол мөрний асуудал байна. Үүн дээр жишээ нь усыг нөөцлөөд хуримтлал бий болгож ашиглахад олон улсын конвенц, эрх зүйн актаараа хэрхэн зохицуулсан байдаг вэ. Тийм боломж байдаг уу. Бидэнд нэгдсэн ямар конвенц байна вэ. Усны асуудал дээр цаашид ямар бодлого чиглэл баримтлах вэ. Ялангуяа хүн ам ихтэй улс орнуудад усны хомсдол маш их үүсч байна. Ус гэдэг алтнаас ч үнэтэй зүйл. Хүний амь настай холбоотой. Усгүйгээр хүн хэд хоног амьд явах вэ. Тэр алт бензин, шатахуунгүйгээр амьдарч болно. Усны асуудалд дээд зэргийн өндөр анхаарал хандуулах ёстой. Үүнийг төрөөс анхаараад хуульд өөрчлөлт оруулж байгаа нь маш чухал.

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

Засгийн газрын 26 дугаар тогтоолд өөрчлөлт оруулмаар байна. Үнэхээр Оюутолгойн компаниас авч байгаа усны төлбөртэй холбоотой асуудал байгаа. Салбарын яам байгаль орчны төлөө ажиллаж байгаа бол 60 хувийн төлбөр авмаар байна. Монгол Улсын нийт усны нөөцийн 1.9 хувийг гүний ус эзэлдэг. Гэтэл уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээний 80 хувийг газрын доорх уснаас бүрдүүлж байна. 10-15 хувийг хөв цөөрөм үүсгэх замаар бүрдүүлэх боломжтой гэсэн. Хэрлэн гол төсөл, Орхон гол төслүүд хэзээ хэрэгжих вэ. Орхон, Онги төслийг яаравчилъя. Эдгээр төслийг эрчимжүүлэхгүй бол газрын гүний ус дуусах гээд байна.

Ажлын хэсэг:

Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор ашиглалтын зориулалтаас хамааран усны төлбөрийг тогтоодог. Уул уурхайд ашиглаж байгаа усны үнийг хамгийн багаар тогтоосон. Таны хүсэлтийн дагуу уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг 35 хувиар тооцож судалгаа хийсэн. Судалгааг удахгүй Засгийн газарт танилцуулж, усны төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдөнө. Монгол оронд жилдээ 564.8 км/куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Үүнээс 1.9 хувь буюу 10.8 км/куб нь газрын доорх ус байдаг. Манай орны эрс тэс уур амьсгалаас хамаарч газрын доорх усыг түлхүү ашиглаж байгаа. Хөх морь төслийн хувьд тантай санал солилцсоны дагуу Орхон, Онги төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа боловсруулаад байгаа. Австрийн Засгийн газарт захидал хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Усны агентлаг байгуулах нь нэг асуудал. Гэтэл яамдын зохицуулах асуудлыг БОАЖЯ, агентлаг хариуцах болоод байна. Сав газруудын усны нөөцийг тогтоох судалгаа байна уу. Хамгийн гол нь хүн ам цөөтэй, том газар нутагтай, үйлдвэрлэл хөгжөөгүй. Гэтэл уул уурхай хамгийн их хөгжсөн салбар. Оюутолгой гүнийн усыг маш их ашиглаж байгаа. 200-300 метрийн гүнээс ус авч ашигладаг. Уул уурхайн байгаль сүйдэлж, дууслаа. Үүнд ямар арга хэмжээ авах вэ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Зөвшөөрөл өгөх зэрэгт санал нэгдэхгүй байгаа. Бид усны бодлогоо алдчихсан шүү дээ. Агентлаг байгуулж байж усаа хамгаална. Хөдөө аж ахуйн салбар бол усыг гол хэрэглэдэг салбар. Тиймээс ус өгөх, зарцуулах менежментийг БОАЖЯ өөрсдөө авч агентлаг байгуулах ёстой.

Үүгээр дээрх хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-16 66.181.161.83

Ямар ухаантай хэлээ вэ? Өөрийнх нь үг үү?

Avatar

Зочин 2020-01-16 182.160.33.48

сум орон нутгийн малын хулгайч нар бүгд АН намын гишүүн гэж далчиганадаг нөхдүүд байдаг юм билээ.

Avatar

Ха ха 2020-01-16 202.179.24.133

хулгайчийн нэг хурууг тасдахад л болно штээ

Avatar

symiin 2020-01-16 132.194.13.94

ard batsyxtei adil um bna.

Avatar

Зочин 2020-01-16 202.55.188.36

Нэг их сүр сүр л юм ярина, хууль тогтоогчид. Монголд хэрэгжиж буй хууль гэж байдымуу? Уг нь хулгайн зохицуулсан хууль бол хог нэгээрээ л батлагдсан байгаа даа. Даанч түүнийг хэрэгжүүлдэг газар байхгүй. Жижиг хулгайг цагдаа авч хэлэлцэхгүй. Жишээ нь Архангайд гэхэд цагдаа нар нь хулгайн сүлжээтэйгээ нягт хамтран ажилладаг. Тэгээд л тэнд малын хулгай гамшгийн хэмжээнд байдаг.

Avatar

зочин 2020-01-16 66.181.176.178

Улс төрч нэртэй хулгайчнууд очсон газар болгондоо худлаа хошгоруулж явахиймаа.

Avatar

Зочин 2020-01-16 202.126.89.76

Усны асуудал маш чухал ялангуяа гүний усны нөөц хомс иймээс хэн дуртай иргэн ААНБ дуртай газраа худаг гаргуулдаг энэ чинь алт тай адилхан Газрын хэвлийд оршдог шингэн ашигт малтмал шүү дээ, мймээс шинээр гаргах хайх олзворлоход хуулиар зохицуулалт хийх хэрэгтэй гадаадад бас өндөр төлбөр нөөц ашиглалсантай адил төлдөг шүү дээ? Манай энэ УИХ шийдэж чадахгүй байх даа?

Avatar

Зочин 2020-01-16 103.57.94.209

h******. Hudaga ch oligtoi gargaad irgedee usaar hangaj chadahgui baij. Huruu humsaa hugalan baij arai gej hashaandaa hudag garguulsan irgedee mulhihnuu

Avatar

Хариулт 2020-01-16 202.179.24.133

Худаг гаргахгүй гээд яах юм. Худагтай айлуудыг хараарай. Тэд хашаандаа мод тарьж, зүлэг ногоо ургуулдаг. Энэ нь эргээд хотынхоо агаар, экологид сайнаар нөлөөлж буй. УБ ын ундны усанд санаа зовж буй бол тэр ах Путинээсээ зөвшөөрөл аваад Туул гол дээрээ далан бариад усан сан байгуулахгүй юу. Өөр ямар ч арга байхгүй.

Avatar

Иргэн 2020-01-16 49.181.248.95

Усны асуудал нэн чухал. Зарим улсад бүхэл бүтэн хотууд усгүй болж сандарч байна. Уурхайтай байсан ч газар бна. Уурхайгүй байсан ч газар байна.

Avatar

зочин 2020-01-16 59.153.84.210

энэ гарчиг одоо юу гэсэн утгатай юм бээ ? өнчин ишиг ч гэсэн хүний эд хөрөнгө шүү дээ , малын хулгайн хуулийг чангатгах хэрэгтэй,

Avatar

Улс 2020-01-16 66.181.161.84

Одоо болтол хулгайн хэрэгт ял оноодоггүй байсан хэрэг үү энэ улс орно?

Avatar

Зочин 2020-01-16 202.131.230.174

ӨНЧИН ИШИГ СЭТЭРХИЙ ЗҮҮ ХУЛГАЙЛСАН Ч ЯАЛ ОНООДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-01-16 122.201.31.221

Зөв шдэ

Avatar

зочин 2020-01-16 66.181.166.196

Сүртэй ш дээ, тэрбум тэрбумаар туучхаад яагаа ч үгүй зүв зүгээр явж байгаа гарууд цаана чинь зөндөө байна ш дээ

Avatar

Мал 2020-01-16 66.181.161.84

Энэ нөхрийг шалгаарай. Малын хулгай олон жил хийсэн нөхөр шиг байна.

Avatar

Зочин 2020-01-16 202.179.31.43

Toroos idsen uusan nohduuded yal onoogooch. Mongoor ni heden arvan saya bod bog mal hudadan avna shu dee. Songuuliin omno show uzuulehee boli

Avatar

өнчин ишигч хүний эд хөрөнгө 2020-01-16 23.129.64.232

Хулгайд тооцох нь өнчин ишиг гээд эд хөрөнгө биш гэж үү өсөж үржээд ямаа болбол 1 битгий хэл 10 ч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж