С.Дэмбэрэл: Хойд хормой чинь онгойлоо

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэл: Хойд хормой чинь онгойлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн 76.4 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд ирэх онд ямар эх үүсвэрээс 6.9 их наяд төгрөг олохоор шийдэв, алдагдлаа бондоор нөхөхгүйгээр яаж явах вэ гэдэгт Сангийн сайдаас хариулт нэхлээ. Мөн чухал хуулийн төсөл хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүдээс Сангийн сайд Б.Болор, Зам тээврийн сайд М.Зоригт нар оролцож байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл гэж шүүмжиллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Ирэх онд олох орлогоо 6.9 их наяд төгрөгөөр тооцож, зарлагаа 7.8 их наяд болгож оруулж ирлээ. Энэ төсвийн зөв төлөвлөлт юм уу. Орлого, зарлагаа 2016 онд өсгөчихөөд, 2017 онд бууруулчихаж байна. Энэ чинь сонгуульд зориулсан төсөв гэж хардахаас аргагүй байна. Тийм их мөнгө та бүхэн зараад хэрэггүй, ард түмэн сонголтоо хийчихнэ. Төсвийн орлого нэмэгдэнэ гэдэг үлгэр ярьж суусаар байтал төсөв хүндрэх болчихлоо. Зарлагыг бууруулах ёстой байтал яагаад нэмээд оруулаад ирэв ээ?.

Сангийн сайд Б.Болор: 2016 оны хувьд олон ажлыг хийж хэрэгжүүлье гэдэг зорилго байгаа учраас орлогыг ингэж тавьсан. Нэмэгдэх ч боломжтой орлого. 2016 онд хэрэгжүүлэх ажлын том үр нөлөө 2017 онд гарна. Дахиад 700 гаруй тэрбум төгрөгөөр зардал буурна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн өсөлтийн тоо чинь худлаа, Тавантолгойг явуулна гэж байна, чадахгүй та нар. Эдийн засгийн өсөлтөө тодорхой болгож оруулж ир. Орлогын хэмжээ 6.9 их наяд төгрөг бүтэхгүй. 2016 он 2015 оныхоос хүнд байх тул орлогын төлөвлөлт буруу. Тийм учраас үүнийгээ зөв болго. Төсвийн алдагдал ирэх онд 3.3 хувь гэж байгаа.  Төсвийнхөө алдагдлыг 0 болгож болдоггүй юм уу, ийм эрмэлзэл байна уу.

Сангийн сайд Б.Болор: Төсвийг 2009 оноос эхэлж алдагдалтай баталж ирсэн. Алдагдлаа бонд гаргаж нөхөж ирсэн. Тэрийг л ярьж байна. 2016 онд хүнд хэцүү болно л гэж яриад байгаа. Давах боломжийг эрэлхийлж хайж байна, энэнийхээ төлөө ажиллая. Ер нь болно л гэж тооцож оруулж ирж байгаа юм. Асуудлаа шийдье л гэж оруулж ирж байгаа юм. Өнөөгийн данхгар бүтцээр явсан нөхцөлд зарлагын хувьд 9 орчим их наяд төгрөгт хүрэх тооцоо байсан. Үүнийгээ танасан, танаснаар 2017 оноос алдагдалгүй төсөв батлах боломж бүрдэх юм.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Төсөв хэлэлцэнэ гэдэг Монгол Улсын хамгийн гол ажил. Алдаж болохгүй ажил. Энэ заалыг хар, Б.Болор, М.Зоригт сайд л сууж байна. Хурлыг нь хүртэл манай намын дарга удирдаад сууж байна. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог дарга байхгүй. Төсөв хэлэлцэхэд ийм хариуцлагагүй байж болохгүй.

Энэ жил эдийн засгийн байдал иймэрхүү байхад төсвийн орлогоо 1 их наяд төгрөгөөр таслах гээд сууж байна. Яаж 7 их наяд төгрөг олно гэж тооцов.

Сангийн сайд Б.Болор: Зөв болгооч гэдэгтэй тантай санал нэг байгаа. Супер цикл олон жил үргэлжлэх юм шиг явснаас ийм байдалд хүрсэн. Төсвийн алдагдал, мөнгөн хөрөнгийн дутагдал 2 өөр. Төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхөж ирсэн бол ирэх жил тэгэхгүй. Орлогыг бид олох боломжтой гэж үзсэн. Сонгууль харж жил, жилийн төсөв нэмэгддэг байсан бол ирэх жилийнх тэгэхгүй. Улс орноо бодъё гээд явсан.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Хойд хормойгоороо урд хормойгоороо нөхсөөр хойд хормой онгойлоо. Бөгс харагдаж байна. Урд хормой нуль нөхөөс. Зарлагаа хасъя. Хоёрдугаарт, цалинг хараарай, 3000 иргэнийг нийт тансаглалын золиос болгож болохгүй. Яамдаа цөөлөх гэж байгаа бол Я.Содбаатарын хэлдгээр дараагийн Засгийн газарт нь үлдээ. Өрийнхөө байдлыг хар. Олон улсын валютын сангийн ангиллаар Монгол Улс өрийн эрсдэл өндөртэй орны тоонд орсон. Төсвийн алдагдлыг 0 болгохоос аргагүй. Дотоодын бонд гаргамааргүй байна, хувийн хэвшил рүү мөнгө оруулмаар байна. энийг л хангаад өгчих. Үүний дараа Мөнгөний бодлого дээрээ эдийн засгаа идэвхижүүлэх юмыг хийх ёстой.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж