"Монголын сийлбэрчид цас, мөсний урлагаар дэлхийд гайхагддаг" | News.MN

"Монголын сийлбэрчид цас, мөсний урлагаар дэлхийд гайхагддаг"

"Монголын сийлбэрчид цас, мөсний урлагаар дэлхийд гайхагддаг"

"Монголын сийлбэрчид цас, мөсний урлагаар дэлхийд гайхагддаг"

Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр өвлийн улиралд цас, мөсөөр, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг. Залуу уран бүтээлч уран сийлбэрийн олон улсын томоохон фестивалиудад үндэсний соёл урлагаа сурталчилж, эх орныхоо нэрийг гаргаж яваа нэгэн.

Түүний хамгийн том бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Цагааны Мөнх-Эрдэнэ гэдэг. Би 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран сийлбэрч мэргэжлээр төгссөн. Одоо Улаанбаатар хотод амьдардаг. Чөлөөт уран бүтээлч.

-Хэдхэн хоногийн өмнө Монгол уран бүтээлчид БНХАУ-д зохион байгуулсан Чанчун, Харбин хотуудын цас, мөсний фестивальд амжилттай оролцсон гэж дуулсан. Энэ фестивальд оролцсон уран бүтээлчдийн амжилтын талаар ярилцлагаа эхэлье?

БНХАУ-ын Чанчун болон Харбин хотноо жил бүр зохион байгуулдаг цасны фестивальд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн. Монгол цасны тэмцээнд З.Ганжаргал ахлагчтай баг тэргүүн байр, Д.Цэрэнбат ахлагчтай баг гуравдугаар байр тус бүр эзэлсэн.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 14-ны өдрүүдэд болдог олон улсын мөс, цасан баримлын тэмцээнд энэ жил дэлхийн 18 улсын 37 багийн уран бүтээлчид оролцсон.

Мөн Чанчун хотноо өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулсан олон улсын мөс, цасан баримлын тэмцээнд Монгол Улсаас найман уран сийлбэрч оролцож, амжилт гаргалаа. Жишээлбэл, тус тэмцээний мөсний төрөлд манай баг хоёрдугаар байр, Б.Доржнамжил ахлагчтай баг гуравдугаар байранд шалгарсан бол цасны төрөлд Г.Энх-Эрдэнэ ахлагчтай баг дэд байр, манай баг гуравдугаар байранд орсон юм.

-БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулсан цасны фестивальд монгол уран бүтээлчид “Биднийг авраач” нэртэй бүтээлээрээ тэргүүлсэн. Уг бүтээл нь энэ цаг үед дэлхий нийтийн сэтгэлийг эмзэглүүлж буй чухал сэдэв. Бүтээлийн тухай ярьж өгөөч?

-Энэ жил монгол уран бүтээлчид “Биднийг авраач” нэртэй байгаль хамгааллын сэдэвтэй бүтээлээрээ түрүүлсэн. Монголын багийн урласан хөшөөнд Австрали тивийн ойн түймэрт өртсөн коала баавгай, имжийг дүрсэлсэн нь олны сонирхлыг татсан биз. Уран бүтээлчид тухайн хийх бүтээлийн утга санаанд тохируулан судалгаа хийж, сэтгэж хийдэг. Энэ цаг үед Австралийн түймэр дэлхийн хэмжээний том гамшиг байлаа. Тиймээс Монголын уран бүтээлчид зөвхөн тэр улсын гамшиг биш гэдэг утга санааг агуулсан.

-Монголоос оролцсон уран бүтээлчдээ танилцуулж болох уу?

-Миний бие уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг, Б.Доржнамжил, Х.Солонго,Г.Энх-Эрдэнэ, Х.Алтанхүү, Д.Цэрэнбат, Б.Баярсайхан, Д.Лхагвадорж, З.Ганжаргал, А.Баттулга, Д.Мөнхбаатар зэрэг уран бүтээлчид оролцсон. Бид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран сийлбэрч Г.Цогбаярын шавь нар.

-Дэлхийн томоохон фестивальд оролцож явахад монгол уран бүтээлчид юугаараа ялгарч байна. Томоохон тэмцээнүүдэд ямар шалгуур тавьдаг вэ?

-Монгол уран бүтээлчид ур ухаанаараа ялгарч чаддаг. Зарим орны уран бүтээлчид баригдмал хийцтэй байдаг бол бид үндэсний урлаг, шинж чанартай хийхээс гадна шинэлэг орчин үеийн чиг хандлага, урсгалыг хослуулж өгдгөөрөө онцлог. Томоохон фестивалийн шүүгчид уран сийлбэрийн хийцлэлээс гадна утга санаа, цагаа олсон мессежийг дэлхий нийтэд өгч чадаж байгаа эсэхийг хардаг. Мөн тэмцээний явцад бүтээлийн утга санаа, зохиомж, уран бүтээлчийн ур чадвар, гүйцэтгэл зэргийг харж маш нарийн шалгуураар шалгаруулдаг.

-Өмнө нь Улаанбаатар хотын төв талбайд мөсөн хотхон байгуулдаг байсан. Энэ жилээс энэ уламжлал эргэн сэргэж байна. Таны хувьд Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?

-Би 2000 онд оюутан байхдаа ангийнхантайгаа хамтран Сүхбаатарын талбайд мөсөн хотхон урлах тэмцээнд гурван жил оролцсон. Эхний жил XIII зууны үеийн ахуй, соёл харуулсан “Бөө”, дараа жил нь “Анчид” бүтээлээрээ түрүүлж байлаа. Түүнээс хойш олон улсын болоод дэлхийн аварга шалгаруулах мөсөн сийлбэрийн тэмцээнд оролцдог болсон юм.

Улаанбаатар хотын төв талбай дээр хийдэг байсан мөсөн хотхонг олон жилийн дараа дахин хийсэн их баяртай байгаа. Цаашид ч үргэлжлүүлэн хийгээсэй гэж хүсэж байна.

Цас, мөсний урлалыг зөвхөн хүүхэд залууст гэлтгүй бүх насны хүмүүс болон гадаадын жуулчдыг татахын тулд илүү томоор хийх хэрэгтэй. Манай орны цаг агаар, уран бүтээлчдийн ур чадвар туршлага зэрэг нь энэ төрлөөр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой.

-Таны хувьд хэд дэх жилдээ олон улсын фестивальд оролцоод байна вэ?

-Би сүүлийн 12 жилийн хугацаанд цас, мөс, мод, элсэн сийлбэрийн дэлхийн болон олон улсын хэмжээний 40 гаруй тэмцээн фестивалиудад амжилттай оролцоод байна.

-Сийлбэрийн олон төрлөөр уран бүтээлээ хийдэг. Монголд хийсэн бүтээлүүдээсээ дурьдаач?

-Би мөс, цас, элс, модон сийлбэрээр бүтээл урладаг. Өвлийн улирал дуусахаар модон сийлбэрийн ажлаа үргэлжлүүлнэ. Модон сийлбэр авьяас, мэдрэмж, цаг хугацаа их шаарддаг болохоор чанартай, цөөн тооны бүтээл урладаг. Өвлийн улирал богино тул арванхоёрдугаар сард багтаж мөсөөр бүтээлүүдээ хийхийг зорьдог. Хүмүүс сийлбэрийг чимэглэх урлаг төдийхнөөр ташаа ойлгоод байх юм. Гэтэл дүрслэх урлагийн бие даасан том салбар шүү дээ. Сүүлийн үед сийлбэрийн төрлүүд хүчтэй хөгжиж, сийлбэрчид олны сонирхол татсан, ховор нандин бүтээл урладаг болсон.

Миний урласан томоохон бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн”. Бүтээлийн өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн. Мөн “Бөртэ чоно”, “Чингис хаан” зэрэг уран сайхны киноны модон сийлбэрүүд, Өмнөговь аймаг дахь “Ертөнцийн үүсэл хөгжил” ханын релефин барималууд, уламжлалт “Хөх сувд” мөсний баярыг  2015, 2016, 2017 онуудад зохион байгуулсан.

-Энэ онд томоохон ямар фестивалиудад оролцох төлөвлөгөөтэй байна вэ?

-Миний хувьд 2020 оны зургадугаар сард Латви улсад болох элсэн баримлын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Бусдаар төлөвлөсөн томоохон тэмцээн байхгүй байна. Өмнөх жилүүдэд Итали, Финланд, АНУ, Швед зэрэг орнуудад зохион байгуулсан тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан.

Өнгөрөгч 2019 оны долдугаар сард гэхэд Швед улсын Калмар хотноо зохион байгуулсан олон улсын элсэн уран баримлын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Долдугаар сарын 13-нд шилдгүүдээ тодруулсан “Элсэн уран баримал-2019” наадмын дэд байрт АНУ-ын сийлбэрч орсон бол гуравдугаар байранд Швед улсын сийлбэрч шалгарсан юм.

-Хань нь бас уран бүтээлч, зураач бүсгүй байдаг гэсэн үү. Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Энхтайваны Ууганцэцэг гэдэг. Хань маань 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. Зураач мэргэжилтэй. Сүүлийн дөрвөн жил хамтдаа томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцож байна.

Таны ойрын төлөвлөгөө гэвэл?

Би байнга гадаад орнуудаар явдаг болохоор уран бүтээлдээ цаг бага гаргадаг. Ер нь өөрийн бие даасан үзэсгэлэн гаргахыг зорьж байна даа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-16 202.126.89.244

Мундаг. хүүдээ баяр хргэе

Avatar

жаагий 2020-01-16 202.179.8.210

пээ зүгээр алаад өгч, ямар лаг сийлбэрүүд вэ

Avatar

zochin 2020-01-16 122.201.23.84

Цаашдыг уран бүтээлд өнздөр амжилт хүсье. Мундаг залуу байна

Avatar

Unshigch 2020-01-16 202.21.126.142

Mongoliin neriig delhiid sainaar duursgaj yavaa mundag zaluudaa uran buteeliin ih amjilt husye,

Avatar

Зочин 2020-01-16 202.179.27.46

manai ulsad uvulduu musun hothon baiguulval juulchid irehl bhdaa

Avatar

Зочин 2020-01-16 202.179.31.60

Хайран сайхан бүтээл хайлчихна гэж бодохллло харамсалтай! Амжилт!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж