Путины сюрпризийн ар дахь эрх мэдлийн хуваарилалт

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Путины сюрпризийн ар дахь эрх мэдлийн хуваарилалт

ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа өчигдөр /2020.01.15/ мэдэгдэв. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын гишүүдтэй уулзаж байх үеэр Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ тухай мэдэгджээ. Дмитрий Медведев хэлсэн үгэндээ "Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны Дээд зөвлөлд тавьсан илтгэлдээ Үндсэн хууль болон Төрийн удирдлагад өөрчлөлт оруулах тухай саналаа илэрхийлсэн. Энэ дагуу Засгийн газар огцрох нь зүйн хэрэг юм. Энэ нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг өөрчлөөд зогсохгүй Гүйцэтгэх, Хууль тогтоох болон Шүүх засаглалын баланс бүхэлдээ өөрчилнө гэж ойлгож болно. Иймээс Ерөнхийлөгч бүхий л шаардлагатай шийдвэрийг гаргахад Засгийн газар саад болох ёсгүй" гэжээ.

Энэхүү мэдэгдлийн дараагаар Владимир Путин Дмитрий Медведевт ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг санал болгов. Тэрбээр Медведев шинэ албан тушаалд очсоноор батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжтой гэж хэлэв. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг Владимир Путин даргалдаг билээ.

Владимир Путин огцорч буй Засгийн газрын гишүүдэд хандан талархлаа илэрхийлж, тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн ч бүх зүйл санаснаар болсонгүй хэмээн хэлжээ. Тэрбээр Засгийн газрын гишүүдийг шинэ Засгийн газар байгуулагдтал үүргээ гүйцэтгэж байхыг хичээнгүйлэн хүссэн байна.

ОХУ-ын Ерөнхий сайдад нэр дэвшигч Михаил Мишустин. Тэрбээр тус улсын Холбооны татварын зөвлөлийг 2010 оноос хойш удирдаж байна

Үүний дараахан тэрбээр Засгийн газрын огцрох тогтоолд гарын үсэг зурсан юм. Мөн Владимир Путин ОХУ-ын шинэ Ерөнхий сайдад 10 гаруй жил Холбооны татварын зөвлөлийг удирдаж буй Михаил Мишустиныг санал болгож байгааг Кремлийн хэвлэлийн алба мэдэгдэв. Түүнийг Путины залгамжлагч байх магадлал өндөр гэж шинжээчид дүгнэж байна. Учир нь, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиар Владимир Путин Ерөнхий сайдыг томилох эрхтэй.

ХОЛБООНЫ ДЭЭД ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ПУТИН ЮУ ХЭЛЭВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны дээд зөвлөлд тавьсан илтгэлдээ шинэ Үндсэн хууль батлах шаардлагагүй, харин хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгосон юм.

ҮНДСЭН ХУУЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ: В.Путин ОХУ-ын Үндсэн хуулийн тэргүүлэх чиглэлийг бататгасан нэмэлт өөрчлөлт хийх цаг нь болсон Олон улсын хууль, эрх зүй, гэрээний шаардлага болон олон улсын байгууллагын шийдвэр Үндсэн хуульд харшлахгүй байх ёстойг дурдсан юм.

ГАДААДЫН ИРГЭД ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХЫГ ХОРИГЛОХ: Үндсэн хуулийн хүрээнд төрийн алба болон шүүгчийн албан тушаал зэрэг өндөр албан тушаалд гадаадын иргэншилтэй болон өөр улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суух эрхтэй хүн томилогдохыг хориглохыг санал болгов. Энэ нь улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад нэн чухал асуудал гэв.

ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁРООС ДЭЭШ ХУГАЦААГААР СОНГОГДОХГҮЙ БАЙХ:  Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн Үндсэн хуулийн хүрээнд хоёроос дээш хугацаагаар сонгогдохгүй байх саналыг дэвшүүлэв.

ОРОН НУТГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ: Ард түмэнтэй хамгийн ойр харилцдаг төрийн үйлчилгээ бол орон нутгийн засаг захиргаа. Иймээс орон нутгийн байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлэх, эрх мэдлийн нэгдсэн системийг бий болгохыг санал болгожээ.

НИЙГМИЙН БАТАЛГАА: Үндсэн хуульд санал болгож буй дараагийн санал бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амьжиргааны доод төвшнөөс доогуур байж болохгүй гэв. Иймээс тэтгэвэр, тэтгэмжийн хангамжийг индексжүүлэх хэрэгтэй гэв.

ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН СТАТУС:  Холбооны түвшинд шийдвэр гаргахад бүс нутгийн захирагч нарын үүргийг нэмэгдүүлэхийг санал болгов.

ПАРЛАМЕНТЫН ҮҮРГИЙГ ӨӨРЧЛӨХ:  Владимир Путин Ерөнхий сайдыг томилох зарчмыг өөрчлөхийг санал болгов. Түүний саналаар бол Төрийн Дума Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилоход саналаа өгдөг байхаас гадна томилдог байх хэрэгтэй гэв. Харин Ерөнхийлөгч парламентын томилсон нэр дэвшигчээс татгалзах эрхгүй байх саналыг оруулав. Харин Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эсвэл итгэл найдвар алдсан тохиолдолд огцруулах эрхийг Ерөнхийлөгч эдлэх ажээ.

ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭН ЭРХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ: Холбооны зөвлөл нь цэрэг, армийн удирдагчидтай зөвшилдөг байх. Ерөнхий армийн ерөнхий командлагч хэвээр байна. Холбооны зөвлөл нь Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндсэн хуулийн болон Дээд шүүхийн шүүгчдийг ажлаас нь халах эрхийг эдлэх боломжтой.

ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ҮҮРГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ: Парламентын баталсан хуулийг Ерөнхийлөгч гарын үсэг зурж баталгаажуулахаас өмнө Үндсэн хуулийн шүүх шалгах эрхтэй болно.

Энэ мэтчилэн ОХУ улс төрийн тогтолцоондоо томоохон өөрчлөлт хийх гэж байна. Владимир Путины гаргасан саналыг бүх нийтээр хэлэлцүүлэн, санал хураах аж. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж