Үндэсний статистикийн хорооны тооллогоор Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нас чацуу 186 хүүхэд мэндэлжээ. Тэдгээрийн тав нь гадны оронд мэндэлсэн байна. Харин эх оронд мэндэлсэн хүүхдүүдийн 98 нь эрэгтэй, 82 нь эмэгтэй байжээ. Дээрх Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр мэндэлсэн чацуутангуудад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 958 сая төгрөгийг гаргаж, урамшуулал олго гэсэн Засгийн газрын 400-р тогтоол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан байдаг. Дээрх тогтоолыг ажил хэрэгжүүлэх ажлын хэсэг Хүн амын хөгжил, нийгэм хамгаалалын яам болон Хүүхдийн төлөө үндэсний газраас томилогдон, хүүхдүүд болон Монгол Улсын үрсийн тоог нэмсэн ээжүүдэд мөнгөн урамшуулал олгож, алдаршуулсан байна.
Монголд төрсөн 179 хүүхдэд нийт 537 сая төгрөгийн урамшуулал буюу мөнгөн тэтгэмжийг албан ёсоор олгож дуусчээ. Харин одоо гадаад дахь гурван сая дахь иргэний чацуутан таван хүүхдэд мөнгөн урамшуулал олгох ажил үргэлжилж байна гэж ХТҮГ-аас мэдээллээ. Засгийн газрын анхны тооцооллоор 958 сая төгрөгийг нийт 250 орчим хүүхэд авна гэсэн байдаг. Энэ тооцоолол ажлын хэсэг дээр арай өөр хувилбараар бодогдож, зарцуулагдсан байна. Ингэхдээ 186 хүүхэд бүрт гурван сая төгрөгийг олгож, үлдсэн 421 сая төгрөгийг тооцоо судалгаа, алдаршуулах, батламжлах үйл ажиллагааны зардалд зориулсан гэв.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ