NEWS агентлаг 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшээд буй Parasite буюу Шимэгч киногоороо олны хүндэтгэлийг хүлээсэн найруулагч Бун Жүн Хог "ХҮМҮҮС" буландаа онцолж байна
Бун Жүн Хо (봉준호) 1969 оны есдүгээр сарын 01-нд БНСУ-ын Тэгү хотод төрж, өсчээ. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхаасаа л кино найруулагч болно хэмээн мөрөөдөж, сэтгэл шулуудсан байв. Энэ шийдвэр нь ердөө дунд сургуулийн балчир хүүгийн сэтгэл хөдлөл төдий биш байв. Учир нь түүний аав Бун Сан Гюн график дизайнер, өвөө Пак Тэ Вон нь "Зохиолч Губогийн амьдралын нэг өдөр" романаараа алдартай зохиолч байжээ. Түүгээр ч зогсохгүй төрсөн ах Бун Жүн Сү нь өдгөө Сөүлийн их сургуулийн Английн уран зохиолын багш гэнэ. Харин эгч Бун Жэ Хи нь хувцас загвар зохион бүтээгч.
Харамсалтай нь түүний шийдвэр эцэг эхийг эсэргүүцэлтэй тулгарч,мөрөөдлийн мэргэжлээ эзэмшиж чадалгүй Ёнсей их сургуулийн социологийн ангид элссэн суралцжээ. Гэхдээ хүн мөрөөдлөө ямар мартах биш. Жүн Хо сургуулийнхаа кино сонирхогчдын клубт элсч, Эдвард Яан, Хо Шио Шен, Шохэй Имамура зэрэг мундаг найруулагчдын шүтэн бишрэгч болов.
20 гаран настайдаа буюу 1990-ээд оны эхээр Жүн Хо мөрөөдлөө дагаж, кино урлагийн академийн хоёр жилийн дамжаанд суралцав. Суралцах хугацаандаа 16 минутын богино хэмжээний кинонууд олныг хийсэн бөгөөд дамжаагаа төгсөхдөө хийсэн "Memory within frame", "Incoherence" кинонууд олны анхаарлыг татаж, Ванкувер, Хонгконгод олон улсын кино наадмын үеэр олны хүртээл болж байжээ.
Жүн Хо найруулагч болсноосоо хойш таван жил зөвхөн бусад алдартай найруулагчдын киног судлан нам жим амьдарчээ. Гэтэл түүний нам жим байдал 1996 онд "Шар айраг хайраас илүүг батлах долоон шалтгаан", "Дэн буудлын кактус" зохиолч, туслах найруулагчаар ажиллах санал ирснээр эцэслэв. Үргэлжлүүлэн түүнд "Шумбагч хөлгийн хий үзэгдэл" кинонд зохиолчоор ажиллах санал ирсэн юм.
Удалгүй Жүн Хо өөрийн уран бүтээл дээр анхаарч эхэлжээ. Тэрбээр өмнө ажилласан "Буудлын кактус", "Шумбагч хөлгийн хий үзэгдэл" кинонууд дээр хамтарч ажиллаж байсан продюсер Ча Сун Жэгийн удирдлага дор "Хуцдаг нохой хаздаггүй" анхныхаа киноны ажилд ханцуй шамлан оров. Энэхүү кино нь 2000 оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн ч үзэгчдийг анхаарлыг төдийлөн татаж чадсангүй. Ямартай ч хэд хэдэн олон улсын кино наадамд өрсөлдөж, ганц хоёр шагнал авсаар чимээгүй болов.
Харин хоёр дахь кино "Аллагын дурсамж" кино 2003 онд нээлтээ хийж, даруй олны анхаарлын төвд орж, олон шагналыг эзэндээ авчирч, цаашдаа "Host", "Snowpiercer" кинонууд бүтэх дардан замыг нээж өгсөн юм.
2019 онд Бун Жүн Хо найруулагч үнэхээр их зүйл туулжээ. Бид бүхний мэдэж байгаачлан түүний найруулсан "Шимэгч" кино түүнд олон улсын бокс оффисийн амжилт, Palme d’Or шагнал авчраад зогсохгүй Оскарт нэр дэвшсэн. Гэхдээ юу юунаас илүү хачирхалтай үйл явдал аравдугаар сард болж өнгөрсөн юм. Түүний бараг хорин жилийн өмнө хийсэн киноны бодит гол дүр болох цуврал алуурчин илэрсэн билээ.
"Тэр мэдээг уншаад би юу хийхээ ч мэдэхээ байсан. Айх, гайхах жинхэнэ утгаараа зэрэгцсэн" хэмээн Жүн Хо найруулагч хожим ярьжээ.
Хэргийг дахин сануулваас, БНСУ-ын нийслэл Сөүлээс өмнөд зүгт байрлах Хуасон хотын орчимд 1986-1991 оны хооронд арван эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртөж, оймс, цамц зэргээрээ боомилуулж нас барсан байдаг. БНСУ-ын хамгийн аймшигтай, жигшүүрт, илрээгүй гэмт хэрэг хэмээн нэрлэгдсээр ирсэн энэхүү гэмт хэргийн тухай баримтууд найруулагч Жүн Хогийн сонирхолыг татаж, 2003 онд "Аллагын дурсамж" кино болон төрсөн билээ. Гэтэл 2019 онд, "Шимэгч" кино АНУ-д нээлтээ хийхээс долоохон хоногийн өмнө цахим орчинд дуулиан дэгдэж, цагдаа нар Хуасон хотын цуврал аллагын гэмт хэрэгтнийг илрүүлснээ мэдээлжээ.
Найруулагчийн өөрийнх нь хэлснээр тэрбээр дээрх хэрэгт ховсдуулсан мэт сонирхож байсан бөгөөд 2001, 2002 онуудад кино зохиолоо бичиж байхдаа мөрдөгч, сэтгүүлч, хохирогчдын ойр дотныхноос салахаа байж, олж болох бүх мэдээллийг цуглуулж чадсан гэнэ. Гэвч тэр хамгийн гол нэг л хүнийг олж уулзаж чадаагүй юм. Цуврал алуурчин. "Би түүнтэй уулзахыг маш их хүсч байсан. Тэр ч байтугай толгой дотроо царайг нь төсөөлж боддог байлаа. Надад бүр түүнтэй хэзээ нэг цагт уулзвал асуух асуултын жагсаалт байдаг байсан" хэмээн найруулагч дурсжээ. Хожим нь "Аллагын дурсамж" киноны алуурчны дүрд Сун Кан Ху тоглосон юм. "Би сонин дээрээс жинхэнэ алуурчны царайг хараад хэлэх үггүй болсон" хэмээн ноён Бун дурсчээ.
Харин амжилтын хувьд тэрбээр "Шимэгч" киногоороо Palme d’Or, Солонгосоос анх удаа Алтан бөмбөрцөг шагналыг авсан бөгөөд өдгөө Оскарын шагналд шилдэг найруулагч, продюсер, зохиолч номинацуудад нэр дэвшээд байгаа билээ. Хэрвээ түүний кино Оскарын шагнал авбал 92 жилийн түүхэнд байгаагүй зүйл болж, Оскарын шагнал гадаад хэл дээрх кинонд очих юм.
"Шимэгч" кинонд хүн төрөлхтний тэгш бус байдал, баян, хоосны ялгаа, худал хуурмагийн талаар маш чадварлаг харуулсан нь угаас найруулагч Буны байгалиас заяасан авьяас гэлтэй. Ер нь л түүний ажилласан "Цас ханзлагч", "Okja" тэргүүтэй кинонд шударга ёс өндөр үнээр хэцүү олддог атлаа хөндий хоосон зүйл байдаг гэх ижил төрлийн далд санаа агуулдаг.
"Би хувьсгалч хүн огтоос биш. Би ердөө л хувьсгал ямар үнээр олддогийг ойлгож яваа хүн" хэмээн найруулагч ярьж байжээ. "Өрсөлдөгчөө таних яагаад ийм хэцүү байдаг вэ? Бид юуны эсрэг тэмцэх ёстой юм бэ? Яагаад амьдрал ийм төвөгтэй юм бэ?"
Капитализм зарим хүмүүсийн толгойг илж, бусдыг нь шаварт хаядаг гэдэг нь шинэ санаа огт биш ч "Шимэгч" кино капитализмын дор бид бүгд хэрхэн зовж байгааг чадварлаг харуулжээ. Найруулагч өөрөө киног "Энэ бол өнөөгийн нийгмийн маш гунигтай хөрөг. Энэ нийгмийн нүүр царайг шударгаар харуулах хөрөг" хэмээн тодорхойлжээ.
Холбоотой мэдээ