Японы нийгэмд тэр дундаа залуусын дунд ганц бие амьдралын хэв маяг соёл болон дэлгэрч байна. Одоогоос 10 жилийн өмнө Японы их сургуулийн цайны газар, албан байгууллагын цайны өрөөнд ганцаараа хооллох нь ичгэвтэр зүйл байв. Гэтэл өдгөө түм бужигнасан Токио хотын пабд ганцаараа коктейль шимэн суух залуу бүсгүй эсвэл караокед ганцаараа дуртай дуугаа дуулах залуустай таарах нь энгийн үзэгдэл болжээ. Түүнчлэн ганц бие хүмүүст зориулсан хоолны газар, паб, ресторан, караоке зэрэг газрууд олноороо нээгдэх болсон байна. Токио хотын Шинжүкүд байрлах Хитори (нэг хүн гэх утгатай) гэх баар ганцаараа хэнээс ч ичиж эмээлгүй тайван сууж, юм уух дуртай хүмүүст зориулагдан 2018 онд нээгджээ. Тус баарны ажилтан Татэйшигийн хэлснээр найз, нөхдөөрөө цуглан элдвийг ярилцан уух дуртай хүмүүс байхад ганцаараа тайван суухыг илүүд үздэг хүмүүс олширсон гэнэ. Японд аливааг ганцаараа хийхийг илүүд үзэх байдлыг “охиторисама” гэж нэрлэдэг аж.
НЭГИЙН ХҮЧ
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Японд охиторисама хөдөлгөөнд нэгдэж, ганцаараа аялах, кино үзэх, тоглох зэргээр өөрийгөө зугаацуулж буй хүмүүсийн зураг, мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр ихээр цацагдах болжээ. Тэгвэл “супер ганц бие нийгэм” бол зөвхөн Японы биш бусад орнуудын ирээдүй гэдгийг судлаач Казухиса Аракава мэдэгджээ. Ганцаараа байхыг хүссэн хүмүүсийн эрэлтийг дагаад Японд ганц хүний караокены (1кара) тоо 30-40 хувьд хүрч нэмэгджээ. Лондонд төвтэй “Евромонитор интернейшнэл” судалгааны компанийн мэдээлснээр 2000-2030 оны хооронд ганцаараа амьдардаг хүмүүсийн тоо 128 хувиар нэмэгдэх гэнэ.
Японд хүмүүс хамтдаа хооллож, ууж, шөнийн зугаатай өнгөрөөх соёл ялангуяа компанийн засаглалд түгээмэл байдаг. Энэ нь хүмүүсийн ажлын стрессийг тайлах, хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх зорилготой. Гэвч сүүлийн үед ганцаараа мах шарж идэнгээ пиво уух, шөнийн гудамжаар зугаалах байдал залуусын дунд нэмэгджээ.
НИЙГМИЙН ДАРАМТ
Дэлхийн олон оронд ганцаараа байх нь гайхаж, халагламаар зүйл байхаа больсон. Тухайлбал, америк жүжигчин Кристина Хендрикс ганцаараа концерт үзэн өөртэйгөө болзож буйгаа зургаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Инстаграмд оруулсан. Мөн Английн жүжигчин Эмма Уатсон өөрийгөө хайрлаж, ганцаараа байх, ганц бие амьдралдаа дуртай тухайгаа хэвлэлүүдэд ярьдаг. Гэхдээ бүлгийн сэтгэхүйтэй орнуудад ганц бие амьдралын хэв маяг, соёл бол анхаарал татах асуудал. 125 сая хүн амтай Япон улсын газар нутгийн хэмжээ Калифорни мужаас ч жижигхэн ба газар нутгийн 4-5 хувь нь хүн амьдрах боломжгүй уулархаг бүс. Нэг хүнд ногдох газрын хэмжээ бага учраас хүмүүс бие биетэйгээ нэгдэн, нийлж амьдрах хэрэгтэй байдгийг Номура эдийн засгийн судалгааны институтийн зөвлөх Мотоко Мацушима мэдэгджээ. “Хүмүүс хамтдаа эв найртай амьдрахын тулд дарамт мэдэрдэг. Япончууд аль болох бусдад саад болохгүй амьдрахыг хичээдэг. Иймээс л ганцаар байх соёл хүчтэй дэлгэрч байна гэж тэрбээр үзжээ.
Түүнчлэн 2008 онд Осака их сургуулийн социологич Дайсүкэ Цүжигийн явуулсан судалгаагаар оюутнууд ганцаараа хооллох дургүйдээ биш ангийнхан нь түүнтэй хамт хооллох хүн байхгүй юм байна гэж бодохоос эмээсэндээ угаалгын өрөөнд нуугдан ганцаараа хооллодог гэжээ. Японы нийгэм өдгөө залуусыг “Чи хүнтэй сууж, хүүхэд гаргах ёстой” гэсэн дарамт бага багаар буурч байгаа аж. Японд 2015-2018 оны хооронд 10 мянган хүний дунд явуулсан судалгаагаар хувь хүмүүсийн хараат бус байдал огцом нэмэгдсэн нь ажиглагджээ. Тухайлбал, хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болох ёстой гэсэн үзэл хүмүүсийн дунд буурч, эсрэгээрээ хүүхэдтэй байсан ч гэр бүлээ цуцлуулан ганцаараа амьдрах нь зүгээр гэх хандлага нэмэгдсэн байна.
“СУПЕР ГАНЦ БИЕ НИЙГЭМ”
Японы нийгэм өөрчлөгдөж байгаа нь төрөлт буурч, хүн амын насжилт нэмэгдэж, техник технологийн хурдацтай хөгжил, тэр дундаа роботын тоо нэмэгдэж, гадаадын иргэдийн нөлөөлтэй холбоотой. Японд төрөлт буурсаар өнгөрсөн онд 864 мянган хүүхэд төрсөн нь 1899 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Статистикийн мэдээллээр ганцаараа амьдардаг хүмүүсийн тоо 2015 оноос 35 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь гэрлэлт буурч, өндөр настай бэлэвсэн ахмадуудын тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Японд ирэх 2040 он гэхэд 15 ба түүнээс дээш насны хүн амын 50 хувь нь ганцаараа амьдрах судалгааг шинжээчид таамаглажээ. Иймээс ганц бие хүмүүст зориулсан маркетинг, худалдаа үйлчилгээ ирэх жилүүдэд илүү ашигтай байх гэнэ. Учир нь аливаа бизнес худалдан авагчдын хүсэл, шаардлагаас хамаардаг аж. Японы технологийн компанид ажилладаг, 22 настай Эрика Миүра хэлэхдээ найзуудтайгаа ховорхон уулздаг ба ганцаараа цанаар гулгах гэх мэтээр зугаацах нь илүү эрх чөлөөтэй, амар байдгийг хэлжээ. Мөн “1Кара” караокены байнгын үйлчлүүлэгч Го Ямагүчи хэлэхдээ хүмүүстэй хамт дуулахаар өөрийнхөө ээлж ирэхийг хүлээх, дуулж чадахгүй бол ичих зэрэг эвгүй байдалд орж байснаас ганцаараа байх нь тааламжтай байдаг гэжээ. Мөн гэр бүлтэй, хүүхэдтэй хүмүүс ч ганцаараа аялах, караокед дуулах зэргээр цагийг өөртэйгөө өнгөрөөх нь нэмэгдсэн байна.
БОДИТ БУС ГЭР БҮЛ
Үүний зэрэгцээ Японд анимэ дүр, хүүхэлдэй гэх бодит бус зүйлстэй гэрлэхийг хуулиараа зөвшөөрч, ийм төрлийн гэрлэлтийг зохион байгуулдаг компаниуд хүртэл бий болжээ. Анимэ дүртэй гэрлэхийн тулд ойролцоогоор хоёр сая иен хэрэгтэй байдаг гэнэ. Ийм үйлчилгээ үзүүлдэг компаниуд яг л жинхэнэ хурим болох гэж байгаа мэт өрөөг засч тохижуулсан байх ба гэрлэх гэж буй сүйт бүсгүй эсвэл залуу нь тусгай нүдний шил ашиглан анимэ киноны виртуаль орчинд орж тухайн анимэ дүрээ бодитоор хардаг. Заавал виртуаль орчинд гэлтгүй өөр ямар ч төрлөөр өөрийн хүссэн дүртэйгээ гэрлэх боломжтой гэнэ. Энэ нь анимэ кинонд хэт донтсоноос болдог ч зарим тохиолдолд бусдын өмнө хариуцлага хүлээхийг хүсэхгүй байдалтай холбоотой.
Холбоотой мэдээ