Олон нийтийн сүлжээ “Facebook” компани 2018 оноос хойш хэд хэдэн орны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр шуурхай нэгж гарган ажиллуулсан ба үүнийг “дайны өрөө” гэж нэрлэдэг аж. Тэгвэл ирэх зургадугаар сард болох Монгол Улсын парламентын ээлжит сонгуулийн үеэр “Facebook” компани Улаанбаатарт түр нэгж нээж, хамтран ажиллахаар болсныг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) мэдэгдсэн юм. Монгол Улсад “Facebook” –т идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрчээ. Өөрөөр хэлбэл, хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч, бусдад түгээж байна. Гэвч үүний 40 хувь нь хуурамч хаяг байдаг тухай ХХЗХ-ны дарга Г.Чинзориг өнгөрсөн аравдугаар сард болсон “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ -2019” форумын үеэр мэдэгджээ.
“Facebook” компани өнгөрсөн долоо хоногт болсон Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим сүлжээгээр худал мэдээлэл түгээх, хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогын эсрэг “Facebook”-ийн дайны өрөө ажиллажээ. Тус дайны өрөөнд “Facebook” компанийн олон нийтийн бодлого, улс төрийн зар сурталчилгаа, контентын хяналт, хуурамч хаягтай тэмцэх зэрэг олон хэлтсээс бүрдсэн баг ажилласан байна. Түүнчлэн “Facebook” компанийн Хонгконг, Тайвань, Монголыг хариуцсан захирал Чен Юү багийг удирджээ. Тус баг нь Ирланд болон АНУ дахь төвийн дэмжлэгтэйгээр 24 цагийн турш цахим сүлжээ дэх контент, нийтлэл, зар сурталчилгаа зэргийг хянан ажилласан байна. Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 200 мянга гаруй хуурамч цахим хаягаас эрх барих Ардчилсан дэвшилтэт намын эсрэг дайралт хийсэн аж.
АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаадаас хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого, цахим сүлжээнд худал мэдээлэл тараах асуудал ихээр гарч, “Facebook” компани багагүй шүүмжлүүлсэн юм. Энэ хэргээс болж компанийн захирал Марк Цукерберг АНУ-ын Конгресст дуудагдан “байцаагдсан”. Түүнчлэн 2018 оны Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгуулийн санал хураалт хойшилсон гэх худал мэдээлэл цахим орчинд тарж, ирцийг бууруулахыг оролдсон аж. Үүний дараа “Facebook” компани “дайны өрөө” гэх түр нэгжийг байгуулан ажиллуулж эхэлжээ.
Холбоотой мэдээ