Монгол бөхөн сүүлийн гурван жилийн дотор олноороо хорогдож, устах аюул нүүрлээд байгаа энэ үед тэдгээр амьтдыг хэрхэн хамгаалбал зохих талаар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийг олон жил удирдаж ажиллахдаа ховордсон амьтдыг судлах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан доктор, профессор С.Дуламцэрэнтэй ярилцлаа. Тэрбээр социализмын үед анх удаа Алтайн өвөр говьд монгол бөхөн нутагшуулах ажлыг удирдаж байсан эрдэмтэн юм.
-Ярилцлагаа монгол бөхөн сэргээн нутагшуулсан туршилтын ажлаас эхэлье. Таныг энэ ажлыг хийхэд гар бие оролцсон гэдэг. Яагаад монгол бөхөнг сэргээн нутагшуулах болсон юм бэ. Туршилтын ажлын түүхээсээ хуваалцаач?
-Монгол бөхөнг нутагшуулах санаа 1960-аад оны сүүл 1970-аад оны эхэн үед гарсан. Бид 1960-аад оны сүүлчээс эхэлж монгол бөхөнг судлах ажлыг хийж байлаа. Зарим хэсэгтээ хэдхэн арав, өөр газартаа хэдхэн зуу хүрэхгүй толгой бөхөнг өсгөн үржүүлэхгүй бол мөхөхийн даваан дээр байна гэж ойлгосон тул энэ үеэс эхэлж манай төр засаг, мэргэжилтнүүд, эрдэмтэд цөмөөрөө л санаа зовж, энэ амьтныг сэргээн нутагшуулах талаар судалж эхэлсэн. Үүнд мөн ЗХУ-ын бөхөн гөрөөс судлаач эрдэмтэд ч оролцсон юм. 1970-аад оноос монгол бөхөн сэргээн нутагшуулах ажлын эхлэлийг тавьсан түүхтэй.
-Энэ ажлыг төрөөс анхаарч, хэрэгжүүлсэн гэсэн үү?
–Тэр үед Д.Майдар дарга Монголын Байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн төв зөвлөлийг тэргүүлдэг байсан нь монгол бөхөнг нутагшуулах талаар Намын төв хороонд санал оруулах шалтгаан болсон байх. Ингээд удалгүй МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Ан амьтны баялгийг хамгаалах, агналтыг журамлах зарим арга хэмжээний тухай” 1979 оны I тогтоолын 2-р заалтын “в”-д … бөхөн зэрэг ховор, ховордсон амьтныг урьд байсан нутагт нь нутагшуулах ажлыг төлөвлөгөөтэйгөөр зохиож байсугай” гэж цохон тэмдэглэсэн нь дээрх санааг бодит ажил болгох үндэслэл болсон. Ингээд эрдэмтэн судлаачид Д.Майдар даргын өрөөнд дуудагдаж судалгаа эхлүүлэх үүрэг авч хээрийн судалгааг Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн хээрийн судалгааны ангийн дэд эрдэмтэн Г.Н.Сапожников, тухайн үед эрдэм шинжилгээний дадлагажигч байсан Л.Амгалан, Говийн их дархан газрын мэргэжилтэн Ж.Бадамханд, С.Пүрэвдорж зэрэг бидний судлаачид гүйцэтгэсэн юм.
-Төлөвлөгөөний дагуу монгол бөхөнг хаанаас хаана нутагшуулсан юм бэ?
-Монгол бөхөнг Шаргын говиос барьж байлаа. Эхлээд дандаа янзага барьсан. Тархац нутгаас нь ялимгүй өөр газарт аваачиж нутагшиж, үржиж болдог юм байна уу гэдгийг үзэх зорилготой байсан юм. Янзагануудыг барьж Алтайн нуруу давуулан Алтайн өвөр говьд нутагшуулж эхэлсэн. Ингээд тэнд нэлээд хэдэн бөхөнг нутагшуулж чадсан. 2-3 жил дараалан барьж нутагшуулсан бөгөөд түүн дээрээ үндэслэн монгол бөхөнг тэнд нь үржүүлэх ажлыг хийсэн юм. Энэ ажилд Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны (ГИДЦГ) дарга байсан хөдөлмөрийн баатар Ч.Чулуун, хамт олон нь оролцож, ихээхэн хөрөнгө ч гаргасан. Намын төв хороо ч анхаарал тавьж байсан юм.
-Хэчнээн янзага барьж, нутагшуулсан юм бол. Балчир амьтан гэдэг утгаараа арчилгаа их шаардсан байх. Янзагаа яаж тэжээж байв?
-Нийтдээ 1985-1989 оны хооронд 102 бодгаль бөхөнгийн янзага барьсан. Нэг жилд ойролцоогоор 10-20 янзага барьж, нутагшуулж байсан. 1985 онд 18 янзага, 1986 онд 28, 1987 онд 33, 1988 онд 12, 1989 онд 15 янзага барьж зөөвөрлөн нутагшуулсан. Барьсан даруйдаа угжина. Өвчнөөр эндэж хорогдох явдал ч төдий хэмжээгээр байсан. Эхлээд арчлахад их хэцүү байлаа.
Янзагаа ямаанд хөхүүлж өсгөдөг байсан. Янзага барихын өмнө нутгийн малчидтай уулзаж ярилцаж байхад “та нарын яриад байгаа шинжлэх ухааны үндэслэлтэй гадаадын арга чинь болхи юм. Хаанаас сүүгээ авчирч өгөх вэ, яаж хадгалах юм вэ. Ийм аргаар тэжээвэл бөхөнгийн янзаганы гарз болох байх” гэж байлаа. Монголчууд эртнээс зэрлэг амьтан тэжээж байсан туршлагатай байжээ. Тахийн унагыг Европ руу зөөвөрлөхдөө монголчуудын уламжлалыг ажиглаж, гүүнд хөхүүлж авч явсан гэдэг.
Малчид “Тэгвэл бөхөнгийнхөө янзагыг ямаанд хөхүүлчих. Гэдэсний өвчин, хордлогоор үхэхгүй” гэцгээж байсан юм. Үүнийг амьдрал дээр туршсан нь үнэхээр зөв арга байсан.
-Сонирхолтой юм. Ямаа бөхөнгийн янзаганаас цааргалахгүй байна уу?
-Заримдаа тийм тохиолдол гарч байсан. Гэсэн ч өдөрт гурван удаа эх ямаанд цадтал хөхүүлж байсан. Малчид хурга, ишигний ходоодыг гаднаас нь тэмтэрч үзээд цадсан эсэхийг нь тодорхойлдог. Энэ аргаар бид янзаганы цадалтыг мэддэг байсан. Эхний 3-7 хоногт янзагыг заавал хоёр хүн элбэж хөхүүлдэг байсан. Зарим хажиг ямаа уурлаж тонгочих, янзагыг мөргөх, хазах зэргээр “эсэргүүцэл” илэрхийлсээр байсан бол зарим арай гайгүй байдаг байсан. Ингээд таван жилд нэг ч тэжээвэр янзага өлсч харангадуулаагүй, ходоод гэдэс нь хямарч, өвдөлгүй эрүүл хэвийн бойжсон нь гэрийн ямааны сүүний найрлага, тэжээсэн хэмжээ, арга сайн тохирсны нотолгоо болсон.
-Янзагануудаа хаана авчирч тэжээдэг байсан бэ?
-Дотроо урсгал ус, өвс ногоотой уужим төмөр торон хашаанд байлгасан. Долдугаар сарын сүүлчээр, янзага өвсөн тэжээлд сайн орсон үед нь өдөрт хоёр удаа хөхүүлж байсан. Мөн эх ямаатай ойр зуур бэлчээрт гаргадаг, намар, өвөл ямаатай нь бараадуулан бэлчээж орой хотлуулж хадсан өвс нэмж өгч байсан.
-Сэргээн нутагшуулахад олон асуудал тулгамдсан байх. Тухайлбал, ямар асуудал үүссэн бэ?
-Эхний нэг сард нялх янзага тор, хашлага мөргөж толгой, бие нь шархлах, нүдээ сохлох, элдэв юманд савж орооцолдож хөлөө хугалах зэрэг бэртэл анхны жилд их гарсан ч дараагийн жилд энэ бүхнээс сэргийлж чадсан. 1985-1987 онд барьсан янзага эхний нэг сарын дотор бүгдээрээ шөвөг яр өвчнөөр өвчилж мал эмнэлгийн тусламж авсан боловч 40-60 хувийг нь үхүүлсэн явдал янзага нутагшуулах үед тохиолдсон ноцтой бэрхшээлийн нэг байсан. Харин 1987 оноос янзагыг барьмагц урьдчилан сэргийлэх тарилга хийснээр сүүлийн хоёр жилд дээрх өвчнөөр нэг ч янзага үхээгүй.
-Ажил ихтэй бас адармаатай энэ ажил хэр амжилттай хэрэгжсэн бэ. Ололт амжилт нь юу байв. Алдаа сургамж нь бас юу байв?
-Монгол бөхөн нутагшуулах ажил амжилттай болсон. Жил бүр тодорхой хэмжээгээр дараалан авчирч нутагшуулсан янзаганууд тэндээ бойжиж бие гүйцээд, бие даан үржилд орж төллөж эхэлсэн. Гарсан төлийг тэнд нь бойжуулсан. Энэ ажлыг анхнаасаа монголчууд өөрсдөө эхлүүлж алдаа оноогоо өөрсдөө бий болгосон юм. Ингээд 1985-1989 онд Захуй, Баянбулаг хавьд 3-24 сарын настай нийт 54 толгой бөхөнг хээр суллан тавьж нутагшуулсан юм.
Нялхад нь барьж тэжээн бойжуулсан монгол бөхөн тэжээвэр нөхцөлд ч, байгальд ч хэвийн үржиж өсөх боломжтойг ийнхүү нотолсон юм. Мөн монгол бөхөнг хүний оролцоотойгоор өсгөн үржүүлж нутагшуулах бүрэн боломжтойг нотолж арга зүйн (технологийн) үндэс боловсруулсан нь гол үр дүн болсон түүхтэй. Нутагшуулсан янзага бие гүйцээд өөрсдөө төллөж, өсч үрждэг болсноос хойш дахин Шаргын говиос янзага аваачихаа больсон доо. 1990 онд төр засаг ч өөрчлөгдөж удирдлага, санхүүгийн асуудлаас шалтгаалан нутагшуулах ажил зогссон.
-Сэргээн нутагшуулсан бөхөнгийн үр төл одоо байдаг уу?
-Байхгүй. Энэ ажлыг зогсоосон болохоор тэнд нутагшуулаад үлдсэн бөхөнгүүд байгалийн аясаараа хорогдож дууссан байх. Сонирхолтой нь, 1990-ээд оны дундуур Өмнөговь, Өвөрхангай аймгийн зааг Халтар загийн хоолой орчимд бөхөнтэй төстэй хоёр амьтан гүйж явсан тухай нутгийнхан Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд мэдээлснээс үзвэл ийш тийш гүйж тарсан бололтой.
–Монгол бөхөн 2017 онд бог малын мялзан өвчний улмаас хоёрхон сарын хугацаанд 60 хувь хүртэл хорогдсон. Мөн зудаас болж 2018 оны арванхоёр дугаар сарын тооллогоор ердөө 3800 орчим толгой үлдсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол бөхөнг авран хамгаалахын тулд олон ажил хийх хэрэгтэй байгаагийн нэг нь сэргээн нутагшуулах ажил гэж эрдэмтэн судлаачид хэлж байна. Энэ ажлыг амжилттай хийхэд одоо юунд анхаарах ёстой вэ?
-Монгол бөхөнг аврах гол арга замын нэг нь сэргээн нутагшуулах. Гэхдээ монгол бөхөнг түүхэн тархац нутагт нь л үржүүлж нутагшуулах ёстойг анхаарах хэрэгтэй.
-Монгол бөхөн сэргээн нутагшуулахад төр их анхаарч байсан юм байна. Харин одоо ховордсон амьтдыг гаднынхны л тусламжтайгаар хамгаалж байна. Зэрлэг амьтан тэр дундаа монгол бөхөнг хэн хамгаалах үүрэгтэй юм бэ?
-Энэ ажилд төр засаг заавал оролцох ёстой. Тэр үед бүгд энэ ажилд оролцож байлаа. Энэ ажлыг хариуцаж байсан Д.Майдар дарга, Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн удирдлага, Газар зүйн хүрээлэнгийн захирал бүгд л гар бие оролцож байсан. Монгол бөхөнгөө хамгаалах нь гарцаагүй төрийн үүрэг. Тухайн сум, аймгийн захиргаад, намын байгууллага, сумын анчид, малчид цөмөөрөө л бөхөнг өсгөхийн төлөө хичээж, гар бие оролцож байсан юм.
-Тахь хэдийгээр байгальдаа устсан ч амьтны хүрээлэнд байсны ачаар эргээд эх нутагт нь сэргээн нутагшуулсан. Харин монгол бөхөн дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд нэг ч байхгүй. Тэгэхээр хэдхэн үлдээд байгаа монгол бөхөнг одоо л аврахгүй бол энэ амьтныг хүн төрөлхтөн дахиж хэзээ ч харахгүй байх аюул ойрхон байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
– Тахийн хувь заяаг давтахгүй л гэж найдаж сууна даа. Тиймээс нэгэнт байгаль дээр тогтоогоод авч үлдэж чадсан болохоор цаашид халдварт өвчин, зуд зэрэг шалтгаанаар бөөнөөр нь хиаруулахгүй байхад анхаарах хэрэгтэй.
-Одоо хоёулаа монгол бөхөнгийн онцлогийн талаар ярилцъя. Хүмүүс монгол бөхөнг Казахстаны соргог бөхөнтэй андуурдаг. Дэлхийд хэдэн зүйлийн бөхөн байдаг вэ?
-Дэлхий дээр бөхөнгийн нэг төрлийн соргог ба монгол гэх хоёр зүйл байна. Соргог бөхөн Казахстанд, монгол бөхөн зөвхөн Монголд тархсан байдаг.
-Соргог бөхөн, монгол бөхөн ямар ялгаатай вэ. Соргог бөхөн болон монгол бөхөн нь хамт нутаглаж байсан уу гэл үү?
-Соргог гэдэг чинь монгол үг шүү дээ. Гоё сайхан гэсэн үг. Соргог бөхөн монгол бөхөнгөө бодвол биеэр том, эвэр арай томтой. Зүс улаан шаргал. Харин монгол бөхөнгийн зүс цайвар шаргал өнгөтэй. Монгол бөхөн арай жижиг биетэй. Казахстаны соргог бөхөн 30 шүдтэй бол монгол бөхөн 28-30 шүдтэй зэрэг олон шинжээр ялгаатай.
-Энэ хоёр зүйлийг хооронд нь үржүүлж болох уу?
-Болохгүй. Хоёр өөр зүйл шүү дээ. Эвэр, зүс, галбир хоорондоо өөр.
-Монгол бөхөн төллөхдөө ихэрлэх нь элбэг байдаг гэсэн. Хэдэн хувь нь ихэрлэдэг юм бол?
-Монгол бөхөн ер нь ихэрлэдэг амьтан. Тэдний 40-50 хувь нь ихэрлэдэг.
-Ихэрлэдэг ч гэсэн үхэл хорогдол их байдаг гэсэн. Тэдэнд “дайсан” олон байдаг уу?
– Хэдийгээр бөхөн ихэрлэдэг боловч түүний төлийг чоно, үнэг, хярс барьж хорооно. Шувуу ч их барина. Ялангуяа бүргэд нялх төл төдийгүй бие гүйцсэн бөхөнг барина. Ингэж барьж байхыг хэд хэдэн удаа харж бүртгэж байлаа. Бүргэд уулын орой дээрээс ажиглаж байгаад л тал руу ороод хөөцөлддөг.
-Малчдын үзэж буйгаар бөхөн бэлчээрт дайсагнадаг юм биш үү?
-Судалгаагаар тухайн үед монгол бөхөн 28-30 орчим зүйл ургамлаар идэшлэдгийг тогтоосон байдаг. Голлох тэжээлийн ургамлын бүрэлдэхүүнд монгол өвс, таана, баглуур эзлэх бөгөөд энэ сонголт улирлаар ялгаатай байгааг тогтоосон юм. Тухайлбал, мал эдгээр ургамлуудыг илүүтэй сонгон иддэг үе монгол бөхөнгийнтэй зөрдөг ч тохиолдол байна. Жишээ нь, нэг зүйлийн баглуурын халуун чанартай үед нь мал иддэггүй байхад бөхөн тухайн үед илүүтэй иддэг байх жишээтэй.
-Шувуунд хүртэл шүүрүүлчихдэг монгол бөхөн махчин амьтдаас өөрийгөө хэрхэн хамгаалдаг юм бол?
-Бөхөн зэрлэг амьтнаас гүйж л биеэ аварна. Тухайн үеийн судалгаагаар монгол бөхөн 70-80 км/цаг хүртэл хурдалж байсныг тэмдэглэсэн байдаг. Мэдээж удаан хөөвөл ямар ч амьтан багтарна. Зөвхөн биеэ хамгаалах, зугтах үед тийм хурдаар гүйдэг. Хүйтэнд тэсвэр муутай амьтан юм шиг боловч түүхэндээ монгол бөхөн сэрүүн бүс газарт, дэлхийн бөмбөрцгийн хойт хагаст байсан зүйл юм шүү дээ. Уралаас зүүн тийш Сибирь хүртэл монгол бөхөн амьдарч байсан.
–Бөхөн ямар ашигтай юм бэ гэсэн асуултыг хүмүүс нэлээд асуудаг. Уг нь байгальд ашиггүй амьтан байдаггүй байх. Монгол бөхөн мал идэхээс зайлсхийдэг бударгана, баглуур зэрэг говийн ургамлаар голчлон хооллодог. Энэ нь харин ч малыг зарим хортой ургамалд хорогдох эрсдэлийг нь бууруулж өгдөг гэдэг?
-Хэрэгтэй байлгүй яах вэ. Шаргын говийг монгол бөхөн л гол нь эзэлж амьдардаг шүү дээ. Ус бага хэрэглэдэг, тэсвэртэй энэ амьтан говьдоо л байх ёстой. Монгол бөхөн бол зөвхөн Монголд идээшин тархсан, Төв Азийн уугуул зүйл амьтан яах аргагүй мөн. Дэлхийн амьтны аймгийн хөхтний зүйлийн бүрдлээс ганцхан манай оронд байгаа төрөл зүйл юм. Шаргын говиос гадна, Хүйсийн говь, хойшоо Увс нуураас нааш говьд байсан амьтан. Өөрөөр хэлбэл, Монгол Алтайн ар талын говьд монгол бөхөн байсан, нутаг нь байжээ.
Холбоотой мэдээ