Тэтгэврийн зээлийг тэглэснээс махны үнэ өссөн үү?

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийг тэглэснээс махны үнэ өссөн үү?

Тэтгэврийн зээлийг тэглэснээс махны үнэ өссөн үү?

Цагтай уралдан, түмэн завгүй аж төрдөг нийслэлийн иргэд уламжлалт Цагаан сарын баяртаа эртнээс бэлтгэж, бууз, өвчүү, ууц, махаа базаагаад эхэлжээ. Цагаан сарын чухал хэрэглээ болох махны үнэ ханшийн талаар сурвалжлага бэлтгэхээр өчигдөр /2020.1.15/ “Хүчит шонхор” захыг зориход хөл хөдөлгөөн ихтэй, тор, шуудайтай мах барьсан, үүрсэн хүмүүс холхилдож байлаа.

НИЙЛҮҮЛЭЛТ МУУ БАЙГАА БОЛОХООР ҮНЭ НЬ НЭМЭГДЭНЭ

Худалдагч Б.Долгормаагаас махны нийлүүлэлт болон өнгөрсөн жилээс үнэ нь хэр нэмэгдсэн эсэхийг сонирхсон юм. Тэрбээр  “Махны нийлүүлэлт муу байна. Сайхан өөхтэй, тарган малын мах ирэхгүй байна. Жил бүр мал тооллогын үед махны нийлүүлэлт багасаад, удалгүй хэвийн болдог юм. Гэтэл энэ жил нийлүүлэлт бага хэвээр л байна. Нийлүүлэлт багасахаар яалт ч үгүй махны үнэ өсдөг. Гэхдээ сүүлийн хоёр сард махны үнэ тогтмол байлаа. Нийлүүлэлт энэ хэвээр муу байвал үнэ нь нэмэгдэх л байх даа. Мал тураад тарган малын мах ч орж ирэхгүй байна” гэсэн юм.

АЙМГУУД МАХНЫ ЦЕХТЭЙ БОЛСНООР НИЙЛҮҮЛЭЛТ БАГАССАН

Энэ жил өвөлжилт хүнд байгаа болохоор малчид малаа борлуулж байгаа харагдсан. Гэтэл нийлүүлэлт яагаад бага байгааг худалдагч Н.Нэргүйгээс тодруулсан юм. Тэрбээр “Махны үнэ нэмэгдэхээр махны худалдагч нарыг буруутгах юм. Тийм биш шүү дээ. Нийлүүлэлт бага байгаа болохоор махны үнэ өсөх нь гарцаагүй. Аймгуудад махны цехүүд баригдсан болохоор малчид тэндээ махаа тушааж, шууд урагш нь гаргах болсон. Үүнтэй холбоотойгоор хотод буюу “Хүчит шонхор” зах дээр ирэх махны нийлүүлэлт багасаад байна. Нийлүүлэлт бага байгаатай холбоотойгоор цагаан сар дөхөхөөр махны үнэ эрс нэмэгдэнэ. Бид мах худалдааг он сартай нь дор бүр нь тэмдэглээд явдаг. Тэмдэглэсэн зүйлээсээ харахад, 2019 оны мөн үеэс 2000 төгрөг, 2018 оны мөн үетэй харьцуулбал махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдээд байна. Олон жил энд ажилласан хүний хувьд хэлэхэд, энэ хэвээр үргэлжилбэл махны үнэ нэлээд өсөх хандлагатай байна. Махны үнийг өсгөхгүй гэвэл хужаа нарыг мах нөөцлөхийг нь болиулж, махны экспортыг хязгаарлах хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн “Тэтгэврийн зээлийг тэглэснээр мах, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн гэж хүмүүс хардаад байна. Тэтгэврийн зээлийг тэглэхээс ч өмнө, хоёр сарын өмнө махны үнэ нэмэгдсэн” хэмээн уцаарлах худалдагчтай  ч таарсан юм.

ҮХРИЙН МАХ САРЫН ДОТОР 1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН БАЙНА

Харин иргэд дор бүрнээ “махны үнэ өндөр байна, бууруулах шаардлагатай” гэцгээж байлаа. Тухайлбал, иргэн Ц.Дорж “Сарын өмнө эндээс үхрийн мах авахад 9500 төгрөгийн үнэтэй байсан. Харин одоо 10 мянга 500 гэж байна, дөрвөн килограммыг авлаа. Үхрийн мах л лав сарын дотор 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэхдээ энэ удаагийнх нь өөхтэй, тарган малын мах байна. Тарган малын мах эсэхээс шалтгаалаа үнэ нь өөр байх шиг байна” гэсэн юм.

ЦАГААН САРЫН УУЦ 170-270 МЯНГАН ТӨГРӨГ

“Хүчит шонхор” захын хойд хэсэгт ачааны машины тэвш дээр Цагаан сарын ууц, өвчүүг эгнүүлэн дэлгэсэн байлаа. Ууцны хувьд 170-270 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Харин үхрийн өвчүү нэг килограмм нь 9000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд нэг өвчүү нь дунджаар 15-32 кг-ын жинтэй байсан юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж