Польшийн Краков хотын цагдаа нар гал тавьсан гэмт хэргийг газар дээр нь илрүүлж, гэмт хэрэгтнийг үйлдэл дээр нь барихдаа амьдралдаа үзээгүй хачин зүйл харжээ. Гэмт хэрэгтэн хэргийн газартаа асаасан галынхаа дэргэд хээв нэг сууж байсан аж.
Краков бол Польшдоо хамгийн их утаатай хэмээгдэж, утаатайгаа хүчтэй тэмцсээр ирсэн хот юм. Тэд 2019 оноос мод, нүүрс зэрэг хатуу түлш түлэхийг хориглож, ард иргэд нь ч хуучин муу зуухаа солиулахаар багагүй мөнгө зарлагадсан аж.
Оршин суугчид агаарт хар утаа дэгдээд байна хэмээн цагдаа дууджээ. Цагдаа нар хэргийн газар ирээд монгол соёлыг сурталчлах төвийн ажилтантай таарсан байна. Төвийн ажилтан цагдаа нарын хэзээ ч харж байгаагүй гэрийн дээвэрт наалдаастай асар том яндан бүхий зууханд гал түлээд сууж байжээ.
Хэргийн талаар фэйсбүүк дээр цагдаа нар "Бид Краковын утаатай тэмцэж явахдаа хашаанд, байшинд, үйлдвэрт зуух байхыг л харж байснаас майханд зуух байхыг харж байсангүй" хэмээн бичсэн байна.
Хэрэг гарсан уг гэр нь 2018 онд баригдсан бөгөөд Монгол соёл сурталчлах төвд харьяалагддаг ажээ. Төвийн захирал Томаш Айбулагийн хэлснээр, шинэ ажилтан нь хуулийн мэдлэг дутуу учир дур мэдэн зууханд гал түлсэн аж. Гал түлсэн этгээдийг 300 злот (216 мянган төгрөг)-оор торгожээ.
Дээрх монгол гэрт Краков хотод амьдардаг 80 орчим монголчууд хааяа уулзалт зохион байгуулдаг аж. Төвийн захирал цагдаа нарын зөвлөмжийг даган монгол гэрийн хуучин зуухыг шинэ цахилгаан халаагуураар солино гэжээ.
Эх сурвалж: THE FIRST NEWS
Холбоотой мэдээ