Украины Боинг 737 онгоц пуужинд оногдон сүйрч байгаа бичлэг хийсэн иргэн болон 30 хүнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэргээр баривчилжээ.
PS752 дугаартай нислэг нэгдүгээр сарын 8-нд Тегераны нисэх онгоцны буудлаас хөөрсөн ч пуужинд оногдож, зорчиж явсан 176 хүн бүгд амь үрэгдсэн билээ. Онгоцны сүйрлийн шалтгааныг тодруулахаар олон улс хамтран ажиллаж байх зуур Иран онгоцыг техникийн саатлаас болж сүйрсэн гэж мэлзсэн ч эцэст нь андуурч буудсанаа хүлээсэн юм.
Энэхүү хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг баривчилсан бөгөөд тэдний тусгай шүүхээр шүүнэ хэмээн Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани мэдэгджээ. Тэрбээр "Энэ бол энгийн нэг хэрэг биш. Бүх дэлхий шүүх үйл ажиллагааг харах болно. Мөн энэ хэрэгт зөвхөн нэг хүнийг буруутгаж болохгүй. Гох дарсан хүн төдийгүй өөр олон хүн хариуцлага хүлээх ёстой" хэмээн хэлжээ.
Цахим ертөнцөд Боинг 737 онгоц сүйрч байгаа бичлэг цацагдсан. Уг бичлэгийг шинжээчид жинхэнэ бөгөөд Боинг 737 пуужинд оногдож буйг тодорхой харуулж байгаа бичлэг хэмээн дүгнэсэн билээ. Бичлэгийг хамгийн анх Лондонд суугаа Ираны сэтгүүлч дэлгэсэн аж.
Тэрбээр "Надад маш олон дуудлага ирж байна. Тэд бичлэг хийсэн хэмээн буруу хүнийг баривчилсан байна. Миний эх сурвалж аюулгүй байгаа. Засгийн газар бичлэг хийсэн хүнийг баривчилсан хэмээн худал мэдээлж байна. Би Жастин Трюдо болон канадчууд энэ хэрэгт оролцоосой гэж хүсч байна. Бид хамтдаа, ямар гэмгүй баривчлагдсан хүмүүсийг суллуулах хэрэгтэй. Миний баатарлаг эх сурвалж аюулгүй байгаа. Ер нь түүнийг яагаад баривчлах ёстой гэж" хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ