Эмч нарт бусдын аз жаргалыг булаах эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Эмч нарт бусдын аз жаргалыг булаах эрх байхгүй

Эмч нарт бусдын аз жаргалыг булаах эрх байхгүй

Хэзээд ч, хэнийг ч ялгаварлахгүй эмчилнэ гэж тангараг өргөдөг эмч нар өнөөдөр ачаалал хэтэрсэн, харьяаллынх биш гээд зориод очсон өвчтөнөө хөөж туудаг, хүйтэн сэтгэлтэн болж хувирсныг хэн хүнгүй мэднэ. Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийн тулд танил талаа хайж гүйх, утас цохих энүүхэнд.  Мөнгөтэй хүмүүс гадаад, дотоодын хувийн эмнэлэгт цаг алдалгүй үйлчлүүлнэ. Харин мөнгөгүй нь улсын эмнэлгийн үүдийг сахиад олон цаг, өдрөөр суух нь хэвийн зүйл.

“ЕР НЬ ТА ЖАМ ЁСООРОО УДАХГҮЙ ҮХНЭ, ЭМЧИЛГЭЭГҮЙ” ГЭХ ХАНДЛАГА ГАРГАДАГ

Хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өндөр настан Г.Жавзан 

-Эмчдээ гэдэс дүүрч, цээж хорсон, хоол шингэхгүй байна гэж зовууриа хэлтэл “Таны насны хүний эд эрхтнүүд муудсан байх нь аргагүй. Ходоодны хорт хавдрын эрт үе байж магадгүй. Дуранд харуул, шинжилгээ өг” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоход их эвгүй мэдрэмж төрсөн. Хэзээ мөдгүй талийгаач болсон хөгшнийхөө араас очих гэж байгаа юм шиг хямарсан даа. Шөнө нь унтаж чадаагүй. Маргааш нь ходоодны дуранд харуулж, шинжилгээ өгтөл эерэг хариу гарсан. Ходоодны хорт хавдрын эхэн үе биш байсан. Ходоод, нарийн бүдүүн гэдэсний үйл ажиллагаа хэвийн гэж эмч нар хэлэхэд сэтгэл санаа их сайхан болсон.

Ер нь улсын, хувийн эмнэлгүүд гэлтгүй эмч нар “насны өвчин” гэх онош тавьдаг. Та эмээ сайн ууж гамаа сайн барьж, хоолоо сайн идэж, дархлаагаа дэмжих хэрэгтэй гэж хэлэхийн оронд “Өө тан шиг ийм өндөр настай хүн жам ёсоороо л өвдсөн байна. Энэ бол байдаг  үзэгдэл” гэх үг нь биднийг бараг л “Ер нь та жам ёсоороо л удахгүй үхнэ, эмчилгээгүй” гэсэнтэй адилхан сонсогддог.

Хэдийгээр би 73 настай ч үр хүүхдээ сайн сайхан явахыг илүү олон жил харахыг хүсдэг. Гэтэл энэ бодлыг эмч нар шууд үгүй хийдэг. Хэрэв намайг та сайн байна, удахгүй эдгэрнэ, эрүүл тэжээллэг хоол хүнс хэрэглэж, эмээ тогтмол цагт уугаарай гэвэл баярлана, сэтгэл санаагаар өвдөхгүй шүү дээ гэлээ.  Харин Л.Пагма "Нэг өглөө сүүтэй цай оочилж суутал эмч маань үзлэг хийхээр орж ирсэн. Даралтыг маань үзчихээд надад “Таны насны хүн сүүтэй цай ууж болохгүй. Ходоод чинь дийлэхгүй ямар залуу хүн биш. Бор цай ууж бай” гэж зөвлөсөн.  Хөгшин бол удахгүй үхэх мэт сэтгэгдэл төрүүлэхээ эмч нар болих хэрэгтэй. Би 78 настай эмчийн хэлсэн үгэнд их эмзэглэсэн" тухайгаа гомдонгуй хэлж байв.

Залуу хүн “өвдөх эрхгүй”, өндөр настан хүн “өвчний үүр”, хөгжлийн бэрхшээлтэй бол хүн биш мэт харж, ойлгодгоосоо эмч нар болих ёстой. Эмч хүн өвчнийг төдийгүй сэтгэлийг эмчлэх үүрэгтэй хүн.

Зарим эмч нарын хайнга үйлдэл, мэдрэмжгүй үг өвчтөний сэтгэл зүйд нөлөөлж, өвчин нь хүндэрч, даамжирахад хүргэдэг аж.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР СЭТГЭЛЗҮЙГ ХӨСӨР ХАЯСАН

Сэтгэлзүйч Б.САЙНЗАЯА:

-Хүний бие махбод сэтгэлзүй хоёр бол салшгүй холбоотой. Хүн өвдсөн үедээ сэтгэл санаа тогтворгүй болж, өвчний үйл явц түргэсдэг. Эмчийн хэлсэн таагүй үг, хайхрамжгүй хандлага тухайн хүний өвчнийг эсэргүүцэх биеийнх нь дархлааг үхүүлж байдаг. Зөвхөн эмч гэлтгүй тухайн өвчтөний гэр бүл ойр дотны хүмүүс ч бас анхаарах хэрэгтэй. Хүн өвдсөн үедээ сэтгэл санааны дэмжлэгийг бусдаас хүсч байдаг. Гэвч манай монголчууд энэ талын мэдлэг, мэдрэмж муу.  Эрүүл мэндийн салбарынхан давхар сэтгэлзүйн салбар мэдлэг эзэмших ёстой. Харамсалтай нь, энэ асуудал манайд орхигдсон.

Эмч, сувилагч нар тухайн хүний биологийн тал дээр илүү анхаарахаас бус сэтгэлзүй нь ямар байгааг бодолцдоггүй. Тухайн өвчтөний өвчнөө тэсэх, ялан дийлэх сэтгэлзүйн бэлтгэлийг бодолцохгүйгээр зарим эмч нар өвчтөнийхөө царайг ч харалгүй онош бичээд гаргадаг тохиолдол байна шүү дээ.

Мөн “Таны өвчин удахгүй эдгэчих байлгүй” гэх хандлагаар өнгөц ханддаг байдал эргээд асуудал дагуулдаг. Тухайн өвчтөн эмчийн хэлсэн үгэнд найдаж, эрүүл мэндээ хайхрахгүй явснаас болж өвчнөө хүндрүүлсэн тохиолдолд өнөөх эмчид л гомдож, уурлана шүү дээ. Түүнчлэн ахмад настнуудад “насны өвчин”-ий онош тавих хандлага түгээмэл. Гэтэл сэтгэлзүйн онцгой дэмжлэг, эмчилгээ шаардлагатай таван хүнийг бусдаас дээгүүрт тавьж анхаарал хандуулах нь эмч нарт тавьсан ерөнхий шаардлага, стандарт үзүүлэлт. Тодруулбал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн ээж, төрсөн ээж, бага насны хүүхдийг бусдаас илүү анхаарч, бие махбод болон сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. Гэвч эмч нарын 20-30 хувь нь онцгой шаардлага бүхий таван хүнийг анхаарч үзэх нь бүүхэл харилцааны доголдолтой, хүн чанараа алдсан байдаг. Хэрэв эмч нар өвчтөнийхөө сэтгэлзүйд давхар анхаарч, дэмжлэг үзүүлэхэд тухайн хүний өвчнөө эсэргүүцэх чадвар сайжирч, амьдрах чадварт нь эергээр нөлөөлдөг гэлээ.

Харамсалтай нь дээрх хэвшмэл ойлголтоос болж ахмад настнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүд хамгийн их хохирч буйг судалгааны дүн харуулжээ. Хүний эрхийн үндэсний комисс, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооноос хамтран 2018 онд явуулсан Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн талаарх судалгаа явуулжээ.

Эмч нарын ёс зүйгүй үйлдлээс болж бие болон сэтгэл санаагаараа хохирч үлдсэн хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдэд тохиолдсон цөөн хэдэн жишээ татъя.

ТЭД ЭЭЖ БОЛОХ ЭРХЭЭ ХҮЧЭЭР ХАСУУЛДАГ  

Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага

-Эмч нар жирэмслэхийг хориглодог. Тийм болохоор таван сар хүртэл нь жирэмсэн гэдгээ эмч нараас нуусан. Намайг эмч нарын зөвлөгөөнөөр орох өдөр эмч нар жирэмсэн гэдгийг мэдээд, үр хөндөлт хийлгэхийг ятгасан. Татгалзах үед тал талаас бариад би цочролд ороод ухаан алдсан. Намайг сэрэх үед жирэмслэлтийг зогсоосон, үрийн сувгийг боосон байсан. Үүгээр зогсохгүй гэр бүлийнхэнд маань хүлээлгэж өгөхдөө уналт таталтын эмийг нь сайн уулга гэсэн бичиг энгэрт томоор бичээд гаргасан. Цочролоос болоод энэ үед миний ухаан санаа хагас байсан.

Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага

-Жирэмслээд өрхийн эмч дээрээ ирэхэд “Чи хаяг дээрээ байдаггүй биз дээ. Яг хаана амьдарч байгаа вэ, тэндээ л эмчийн хяналтад ор, чамайг жирэмсний хяналтад авахгүй, чи бол эрсдэлтэй жирэмсэн. Ямар нэгэн юм болчихвол би хариуцлага хүлээхгүй” гэж хэлээд татгалзсан.

Харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй хийсэн бүлгийн ярилцлага

-Нэг удаа дүүргийн эмнэлэг дээр зохион байгуулдаг жирэмсэн ээжүүдийн сургалтад суусан. Тэнд ээжүүдийн төрөлтийг дэмжих дасгал зааж, би дагаж хийхийг хүссэн ч эмч “…За, ингээд гараа өргөөд… хөлөө ингээд дээш өргөөрэй, намайг дуурайгаад хийгээрэй” гээд яриад л байсан. Би харж чадахгүй болохоор юу болоод байгааг бүрэн ойлгоогүй гэжээ.

Хүний эрхийн үндэсний комисст 2019 онд нийт 522 гомдол мэдээлэл ирүүлснээс эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдсөн зургаан тохиолдол бүртгэгджээ. Өнгөц харахад бага тоо боловч эрх нь зөрчигдөж буйг мэдэхгүй, мэдсэн ч хохирлоо барагдуулж чадахгүй эмч нарын хайнга үйлдэл, хайхрамжгүй зан, бүдүүлэг үг хэллэгээс болж насаараа сэтгэлийн шархтай үлдсэн, эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдсан хэчнээн хүн байгааг хэлж мэдэх аргагүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж