Цагдаагийн байгууллагаас орон байрны хулгайн 40 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлсэн бөгөөд энэхүү хэргийг 13 настай хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Одоогоор хэргийг Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ Мөрдөн байцаах газарт шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг саатуулжээ. Энэхүү хэргийн талаар өнөөдөр /2020.01.15/ Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид орон байрны бүлэг хулгайчийг барьсан байна. Бүлэг этгээдүүд дунд насанд хүрээгүй хүүхэд байгааг тогтоон, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 13 настай М нь насанд хүрсэн этгээдүүдтэй хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ мэдүүлсэн. Тэд 2019 оноос эхлэн нийт 60 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Сэрэмжлүүлж хэлэхэд, сурагчдын амралтын үеэр хүүхдүүд чинь хаана, хэнтэй юу хийж байгаад хяналт тавьж, ямар нэгэн байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх тал дээр эцэг эхчүүд анхаарал тавих хэрэгтэй байна.
Амралтын үед гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд сурган хүмүүжүүлэгчид хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн заалт бий. 13 настай М нь хичээлээ таслаад, эсхүл хичээлээ тараад хулгай хийдэг. Түүнтэй хамт хулгай хийдэг хүмүүс өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр удаа дараагийн ял шийтгэл эдэлж байсан, мөн шүүхийн шатанд шалгагдаж байгаа үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн асуудлаар шалгагдаж байна.
Бүлэг этгээдүүд хулгайлсан эд зүйл нь ихэвчлэн зурагт, бэлэн мөнгө, эд зүйл болон үнэт зүйлүүд. Хулгайлсан эд зүйлсээ олон улсын зах худалдааны төвүүд болон ломбардаар зарж борлуулдаг. Цагдаагийн байгууллага 2020 онд ломбардууд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эд зүйлийг өөгшүүлэн авч байгаа асуудалд хяналт шалгалтын ажиллагааг явуулж шаардлага хангахгүй ломбардуудыг хаах хүртэлх арга хэмжээг авна" гэв.
13 настай М мэдүүлэгтээ “Ах согтуу орж ирчхээд хөөгөөд байдаг. Ар гэрийн асуудалтай учраас буруу хүмүүстэй нийлээд хулгай хийдэг болсон. Ихэвчлэн гэр хорооллын айлуудаар ордог. Айлуудаас бэлэн мөнгө байвал авдаг үнэ хүрэх зүйлсийг хулгайлж ломбард эсхүл хүмүүст зардаг” гэжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ