2020 оны 1-р сарын 14-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв өөрийн 44 удаагийн төрсөн өдрийг тэмдэглэв!!!
Орос, Монгол улсууд найрсаг харилцааны олон жилийн түүхээр холбогдож байна. Монголын иргэд Орос орон, түүний түүх соёл, хүмүүнлэгийн харилцааны хөгжлийг ямагт сонирхож ирсэнийг Улаанбаатар дахь ОШУСТ-ийн олон талт үйл ажиллагаа гэрчилж байна.
Манай Төв бол энд ажиллах хугацаандаа орос хэлээр харилцаж ярьдаг хүн бүрийн хуран цуглардаг соёл, уулзалтын талбар болсоор ирсэн билээ.
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв бол Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүн хэсэг юм. Түүнийг 1976 онд нээсэн бөгөөд өнөөдөр тэрээр Ази Номхой Далайн бүс нутаг дахь соёл мэдээллийн хамгийн том төвийн нэг болон ажиллаж байна.
Өнөөдөр Төвийн чухал зорилтын нэг нь Монголын иргэдэд орчин үеийн Орос орон, түүний түүх, соёл, зан заншил, уламжлал, хүмүүсийн тухай мэдээлэл түгээж хүргэхэд оршино. ОШУСТ-ийг түшиглэн орос хэлний дамжаа, номын сан, Ерөнхийлөгчийн цахим номын сангууд ажиллаж, төрөл бүрийн танилцуулга, кино үзүүлбэр зэрэг олон арга хэмжээнүүд явагддаг.
Улаанбаатар дахь ОШУСТ нь ОХУ-ын төсвийн хөрөнгөөр гадаадын иргэдийг оросын их дээд сургуульд суралцуулах сонгон шалгаруулалтыг явуулдаг нэгдсэн операторын үүргийг хэрэгжүүлж байна.
Улаанбаатар дахь ОШУСТ нь ажилласан хугацаандаа Орос Улс, Монгол Улсын улс төр, олон нийтийн янз бүрийн түвшний зүтгэлтнүүд оролцсон үлэмж олон арга хэмжээг зохион явууллаа.
Тухайлбал 2019 онд маш чухал, том арга хэмжээ явагдасны дотор олонхийг нь Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулав. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн дэмжлэг дор орос хэлний мэдлэгтнүүдийн дунд явуулдаг байсан “Бид Артек явна” уралдааныг сэргээн явуулах болсон. Улаанбаатар дахь ОШУСТ монголын UBS телевизтэй хамтран орос дуу дуулачдын дунд зохион явуулсан «Наша песня» уралдаан олон нийтийн сонирхолыг ихэд татав. Мөн түүнчлэн «РЦНК OPEN» шатрын тэмцээн явагдлаа. Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, Уралын Их сургуулийн санаачлагаар Монголд анх удаа зөвлөлт/оросын сургууль төгсөгчдийн Чуулган хуралдаж түүнд Орос, Монголын улс төр, олон нийт, ажил хэрэгч хүрээний нэрт төлөөлөгчид оролцлоо. Тус Чуулганы ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон Россотрудничество агентлагийн тэргүүн Э.В.Митрофанова оролцлоо. Тэрээр Эрхүү мужид болсон усны үерт хохирсон хүмүүст Сайн санааны үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн монголын иргэдэд байгууллагынхаа шагналыг гардуулав. Монголын киноны хорхойтнуудад зориулан орос киноны «Русский ренессанс» кино наадам зохиогдлоо.
Уламжлал ёсоор жил бүр явагддаг Орос-Монголын найрамдлын Өдрүүд боллоо. 59 дэх удаагийн Найрамдлын өдрүүд Монгол орныг өргөн хамарч явагдлаа. Найрамдлын өдрүүдийн хүрээнд ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн олон шинэ салбар нээгдэж, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлтэй хамтран олон аймгуудад явуулын арга хэмжээг зохион явуулж улмаар тэнд болсон орос хэлний олимпиадуудын дүнд монгол сургуулийн олон төгсөгчид оросын их дээд сургуулиудад элсэн суралцах давуу эрх бүхий Гэрчилгээний эзэд боллоо.
2019 оны хамгийн тод үйл явдал бол 30 жилийн дараа сэргээн явуулсан «Кремлийн сүлд модны наадам» байлаа. Шинэ жилийн гацуур модны наадмын ерөнхий найруулагчаар Москва дахь «Кремлийн сүлд модны наадам»-ыг 2001-2013 онуудад найруулан тавьсан нэрт найруулагч Валерий Шевченко ажиллав.
2020 онд Улаанбаатар дахь ОШУСТ өөрийн түнш байгууллагуудтай хамтран Орос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны дэмжлэг дор Аугаа эх орны дайны ялалтын 75 жил, Россотрудничество агентлагийн 92 жил, Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны 60 жилийн ойнуудыг тохиолдуулан олон том арга хэмжээг зохион явуулхаар төлөвлөв. Мөн энэ онд зохион явуулах «Оросын боловсролын үзэсгэлэн-2020»-д , Орос Улсын тэргүүлэх их дээд сургуулиуд оролцож боловсролын хөтөлбөр, суралцаж амьдрах нөхцөл бололцооныхоо талаар танилцуулга хийнэ.
Монгол, Оросын ард түмнүүдийн харилцааг бэхжүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулж манай орны тухай бодитой төсөөллийг бүрдүүлж буй Улаанбаатар дахь ОШУСТ-ийн хамт олонд баяр хүргэе.
Холбоотой мэдээ