МАН-ын байлдааны тактик

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

МАН-ын байлдааны тактик

МАН-ын байлдааны тактик

Гурван жилийн өмнө 2017 онд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга “Энэ удаагийн сонгууль Монгол түмний хувь заяа хаашаа чиглэхийг заах луужин болно” хэмээн пиардаж байв. Харин өнөөдөр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч төдийгүй эрх баригч МАН-ын албан бус дарга болсон!

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь алдагдаж эхлээд буй ардчиллаа эргүүлж олж авч чадах эсэхээ шийдэх тул АН хөтөлбөртөө үүнийг анхааран тусгах хэрэгтэй” гэж нүүр номдоо анхааруулжээ. С.Эрдэнийн нам энэхүү зөвлөгөөг авах эсэхийг мэдэхгүй. Гэхдээ ганц Э.Бат-Үүл ч ингэж анхааруулж байгаа юм биш, ирэх зургадугаар сард болох парламентын сонгууль “Монголын ардчиллын хувь заяаг шийдэх чухал ач холбогдолтой”-г гадаадын ажиглагчид бас сануулж буй юм.

У.Хүрэлсүхийн намынхан тойргийн хуваалт, хуваарилалт дээрээ ид сууж байна. Хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойргийн мандатаа тодорхой болгож, сонгуулийн товоо зарлах ёстой. Томсгосон мажоритараар сонгуулийг явуулах хуулиа нэгэнт баталсан тул тойргоо хэд болгож хуваах, хаанаас хасч, хаана нэмэхийг МАН-ын бүлэг шийднэ.

Товчхондоо, хүндээ зориулж тойргоо хуваана. Жишээ нь, МАН-ын генсек Д.Амарбаясгаланд зориулж Говь-Алтайн мандатыг хоёр болгох, Ерөнхийлөгчийн “хуурай” дүү Н.Түвшинбаярт Булганд нэг тойрог нэмж өгөх, хотын дарга С.Амарсайханд зориулж, Налайх, Багануурт нэг мандат олгох  зэргээр хуваарилна гэсэн үг.

Эрх баригч намын гишүүн Я.Содбаатар тойрог хуваахдаа МАН гурван зарчим баримталж байгааг тайлбарлахдаа “Нэгдүгээрт, хүн амын тоо, хоёрдугаарт, нутаг дэвсгэрийн төлөөлөл, гуравдугаарт, тухайн тойргийн хил тасралтгүй байх зэргийг баримтлан тойрог, мандатын хуваарилалтыг батална. Ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл өгчээ.

Харин Ардчилсан намын гишүүн Б.Пүрэвдорж “МАН-ынхан нийс­лэ­лийн сонгогчдоос дандаа айж ирсэн. Ингэхдээ сон­голт хийх эрхэнд нь хал­даж, нийслэлийн тойргийн мандатаас хасч, орон нутаг руу шилжүүлж ялалт авахыг хичээдэг. Энэ бол нэг төрлийн хул­гай юм. МАН хулгайн аргаа 2020 оны сонгуулиар дахиад хэрэглэх гэж байна. Нийслэлд 28 квот байсныг буцаагаад 24 болгох тухай яригдаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс тус бүр нэг квот хасна. Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Бул­ган гэсэн аймгийг хоёр квоттой болгож байна” гэж МАН-ын байлдааны тактикийг дэлгэв.

МАН: ХҮНЭЭ ТООЦОВ УУ, МАЛАА БОДОЛЦОВ УУ!

Сонгууль МАН-ын зурсан зураг, баталсан хуулийн дагуу явах нь ойлгомжтой. Ялсан нам өөртөө зориулж ялалтын зураг зурдаг нь Монголын улс төрийн уламжлалт үзэгдэл хойно. Гэвч зурсан зураг болгон ялалт авчирдаггүйг МАН мартжээ.

“МЭК”-ийн хамгийн сүүлийн судалгаанаас харахад МАН хөдөөд, АН нийслэлд арай илүү рейтингтэй явна. Тиймээс эрх баригчдын сонгуулийн гол тактик нь мэдээллээс хол орон нутгийн иргэд, сонгуульд идэвхтэй оролцдог ахмад настнууд болж байна. Тэдний саналаар МАН ялалт байгуулна гэж тооцжээ.

Хэрэвзээ Я.Содбаатарын хэлснээр МАН үнэхээр хүн амын тоогоо бодвол нийслэлээс мандат “хулгайлах” шаардлагагүй. Гэхдээ мандатын хулгайгаа зөвтгөх тайлбар нь “Хотоос сонгогдсон гишүүд болон зарим судлаач Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 5-6 мандаттай байгаад тэр хэмжээгээр иргэд сонголтоо хийхэд хүндрэл гарах юм биш байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа” гэх Я.Содбаатарын үг. Өөрөөр хэлбэл, сонгогчид боловсрол муу учраас 5-6 хүнийг дугуйлах хэцүү гэх маягийн “гоё” тайлбарыг МАН бодож олж. Зөвхөн МАН л ингэж иргэдээ алагчилсан шийдвэр гаргаж, дорд үзсэн тайлбар хэлж чадна.

Монгол Улсын хүн амын гуравны нэгээс илүү нь нийслэлд амьдардаг. МАН-ын генсекийн бүтэн дөрвөн жил усалсан Говь-Алтай аймаг гэхэд 58,4 мянган хүн амтай. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн хүн амын тоо 330 мянга. Говь-Алтайгаас зургаа дахин олон хүн тэнд амьдарч байна гэсэн үг. Тэгэхээр МАН-ын яриад байгаа гурван зарчмын нэг нь алдагдаж, хуваарилалт нь шог болж хувирна. Гэхдээ МАН-ын даргад тойрог олдож байвал хотынхны сонгох эрх цаашаа.

Харин малаа тоолж мандат хуваарилна гэвэл мэдээж, МАН-ын зөв. Монгол Улс чинь 70 сая малтай улс шүү дээ. Тэгээд ч УИХ дахь МАН-ынхны дийлэнх нь мянгат малчид. 

Хотын 28 мандатыг 24 болгож цөөлснөөр МАН чоно цатгалан, сүрэг бүтэн үлдэнэ гэсэн тактик боловсруулж байгаа аж. Үнэндээ ч, хотод МАН нэр хүнд муутай. ЖДҮ, жаран тэрбум, тендер, концессын хэргүүд нь байна. Дээр нь өнгөрсөн дөрвөн жил  хоорондоо зодолдсон болохоос хотод олигтойхон бүтээн байгуулалт өрнөөгүй. Эсрэгээрээ С.Амарсайханы ах дүү нар Туулын бургасыг хядсан “хэрэг” нь хуучраагүй байгаа. Мэдээ, ахмад настнуудаа ялгаварлан гадуурхсан МАН-ын бодлого сөрөг оноо цуглуулж таарна. Тэгээд ч зээлээ тэглүүлсэн ахмадууд МАН-д яг саналаа өгнө гэж хэн батлах юм бэ.

Ийнхүү иргэдээ талцуулж, хувааж, уйлуулж, дуулуулж тойргоо өмчилж, зурж ямар ч хамаагүй үнээр МАН ялахыг хүсч байна. Харин МАН-д, МАН-ын албан бус даргын шуналд мад тавих эрх нь бидэнд бий. Үг хэлэх эрх чөлөөтэйгөө үлдье гэвэл шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж