Популист бэлгээр санал худалдан авах ажлаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Популист бэлгээр санал худалдан авах ажлаа эхэлжээ

Популист бэлгээр санал худалдан авах ажлаа эхэлжээ

Колумбын их сургуулийн Азийн судалгааны институц болон Олон улсын харилцаа, нийгмийн бодлогын салбар сургуулийн дэд профессор Жулиан Диеркесийн “Монгол дахь улс төрийн үнэт зүйлийг хадгалах нь” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монгол Улсын эдийн засаг нэгэн хэсэг уналтад орсны эцэст өнгөрсөн оноос нүүрсний экспорт нэмэгдсэний хүчээр эргэн сэргэж эхэлсэн. Харин ирэх жилүүдэд хэд хэдэн гадаад бондуудын эргэн төлөлт хийгдэнэ. Үүнээс гадна нүүрс, зэсийн үнийн хэлбэлзэл, сонгуулийн жилийг угтсан улс төрчдийн “популист бэлэг”-ээр ард түмний саналыг худалдан авах гэсэн оролдлогууд нь улсын санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс болж байна.

Монголын “эдийн засгийн аврагч” гэх тодотголтой Оюутолгой төслийн эргэн тойронд хариултгүй асуултууд хөвөрсөн хэвээр байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын парламент “Рио Тинто”-той байгуулсан гэрээг сайжруулах хуулийн төслийг баталсан. Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтөд “стратегийн ач холбогдол бүхий” ордуудаас монголчууд дийлэнх хувийг хүртэх ёстой гэж зааж өгсөн. Харамсалтай нь энэ “бэлгэдлийн” чанартай нэмэлт, өөрчлөлт нь улс орны эдийн засаг нөлөөлөхөөсөө илүү улстөрчдийн популист амлалтууддаа ашиглахад л хэрэг болж байх шиг. Оюутолгой төсөлд тулгарч буй янз бүрийн хүндрэлүүд нь “Рио Тинто” компанийн Монголын Засгийн газартай харилцах харилцаа холбоог алдагдуулж, зардлыг улам нэмэгдүүлж байна.

Монгол Улсын хувьд 2019 оны улс төрийн хамгийн онцлох үйл явдал бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга соёрхон баталсан явдал байв. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго нь парламентын болон Ерөнхийлөгчийн холимог засаглалын хэлбэрээс парламентын засаглалын онцлогыг тодотгох, Ерөнхийлөгч ба Ерөнхий сайд хоёрын эрх мэдлийн тэнцвэрийг тодорхой болгох байсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад Ерөнхийлөгчийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байсан. Иймд эрх баригч Монгол ардын нам болон Ардчилсан намын гаралтай Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хооронд тохироо явагдаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 2021 оноос эхлэн зургаан жил болгон сунгажээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэд хэдэн шинэ заалтуудыг одоо нэмэлт хууль батлах замаар нарийвчлан тодорхойлох шаардлагатай бөгөөд тодорхой болгох хамгийн чухал асуудал нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны эрх мэдлийг тодорхойлох явдал юм. Эдгээр заалтууд нь 2019 оны гуравдугаар сард батлагдсан шүүгчдийг томилох, түдгэлзүүлэх бүрэн эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олгох тухай хуулийг орлох боломжтой гэж найдаж байна. Энэ хууль нь шүүхийн хараат бус байдлыг эрс дордуулсан шийдвэр болсон гэж үздэг.

Дараагийн чухал асуудал бол улс төрийн намуудыг бүртгэх тухай заалт. Энэ нь иргэний эрх чөлөөг хязгаарлаж байгаа боловч 2028 он хүртэл хүчин төгөлдөр болохгүй учир цаашид нарийн хянан шалгах, алдаа байвал засах боломж байгаа гэсэн үг. Уг хэсэгт зааснаар нийт сонгогчдын нэгээс доошгүй хувийн /2019 оны байдлаар 21,000/ иргэд эвлэлдэн нэгдэж байж улс төрийн нам байгуулах эрх үүснэ гэжээ. Гэхдээ энэ нь цаашид монголчууд жижиг улс төрийн нам байгуулж болох эсэхийг эргэлзээнд оруулж байгаа юм.

Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр 2020 оны зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг зохицуулсан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж баталсан. Ирэх сонгууль 1992, 2008 оны нэгэн адил сонгогчид олон тооны нэр дэвшигчдэд санал өгөх “томсгосон мажоритар” системээр явагдахаар болов. Өмнөх сонгуулиудын адил Сонгогчдын уур бухимдал нь шинэ намууд болон нэр дэвшигчдэд боломж болох уу? Энэ тогтолцоо нь эрх баригч МАН-д ашигтай юу? АН-д юу үлдэх вэ? зэрэг гол асуултууд гарч ирж байгаа юм. Эцэст нь эдгээр асуултуудын хариулт нь Монголын ардчиллын хувь заяаг шийдэх чухал ач холбогдолтой байх болно.

Эх сурвалж: EAST ASIA FORUM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж