Төсөв хэмнэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах, төсвийн орлогыг нэмэх боломж бололцоо их бий ч Засгийн газар, Сангийн яам эдийн засгаа бодитой нүдээр харж, бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж чадах эсэхээс шууд хамаарна.
Эдийн засгийн мөчлөгт нийцсэн зохицуулалтын арга хэрэгслүүдийг үр дүнтэй хэрэглэх нь ихээхэн үр дүнтэй байдаг бөгөөд зохицуулалтын механизмын уян хатан чанар хямрал хүндрэлийг эрсдэл багатайгаар давж туулах, нөөц боломжоо гүйцэд ашиглахад ихээхэн чухал үүргийг гүйцэтгэдэг.
Монгол Улсын жижиг дунд бизнест ирж буй татварын дарамт харьцангуй бага боловч, тогтмол зардлыг өсгөж байгаа гол хүчин зүйл нь түрээсийн дарамт юм. Түрээсийн зах зээлд эргэлдэж байгаа 800 тэрбум төгрөг (ойролцоогоор ДНБ-ийн 3.38 хувь) далд эдийн засгийн багахан хэсэг юм.
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ТҮРЭЭСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙТ ДҮН
Жижиг дунд бизнесийн хувьд нуруун дээрээ ийм ачаа үүрч байгаа нөхцөлд арай ядан хөл дээрээ тогтож, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах боломжгүй нь ойлгомжтой. Үүн дээр бас банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дарамт нэрмээс болж байна.
Монгол Улсад 1997 оноос үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар хөрөнгийн тооцоолсон үнэ цэнийг бүртгэж байсан ч, 2003 оны эцсээс зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэдэг болсон. Улмаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зөвхөн өмчлөх эрхээр хязгаарлагдаж байгаа учир түрээсийн орлогод зохицуулалт хийх, үл хөдлөх хөрөнгийн татварыг боловсронгуй болгоход шаардлагатай нарийвчилсан үнэлгээний баримжаа үгүй болжээ. Үл хөдлөх хөрөнгийн татвар ноогдох үнэлгээг тооцохдоо улсын бүртгэлд бүртгүүлсэн дүн, даатгуулсан дүн, дансны бүртгэлийн дүнгээр тооцож байгаа нь зах зээлийн үнэ ханш, түрээсийн орлогын түвшинтэй огт уялдахгүй байна. Цаашид зах зээлийн бодит үнээр үнэлж бүртгэлжүүлэх нь хөрөнгө оруулалтыг дэмжих, баталгаажуулах нэг чухал алхам болно.
Жижиг дунд бизнес, орлого багатай өрхийн амьжиргааг дэмжих зорилгод нийцүүлэхийн тулд өсөн нэмэгдэх татварын бодлогыг баримтлах, тэгэхдээ түрээсийг өсгөх нь ашиг багатай, эсвэл ашиггүй байхуйцаар тогтоох нь энэ зохицуулалт үр дүнтэй байх нөхцөл болно.
Түрээсийн орлогоос авах татварын хэмжээг тооцохдоо засвар арчилгааны зардал, элэгдлийг түрээсийн орлогын дүнгээс хасч, 3 шатлалтайгаар 10-аас 40 хүртэл хувиар тогтоох нь дээр өгүүлсэн зорилгод нийцнэ. Энэ нь хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэл рүү чиглүүлэх, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсийг бууруулах нэг томоохон боломж болох юм. Дунджаар 15-аас 20 орчим хувийн татвар ноогдоно гэж үзвэл 808.662 тэрбумаас төсөвт төвлөрүүлэх боломжтой татварын орлого нь 120-иос 160 орчим тэрбум төгрөг болохоор байна. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт багагүй хөрөнгө оруулсан, далд эдийн засгийн хэмжээ өссөн, хүн амын орлогын ялгаа ихэссэн манай өнөөгийн нөхцөлд түрээсийн орлогын татвар нь эдийн засгийн мөчлөгт тохирсон үр дүнтэй арга хэрэгсэл болно.
Зарим орнуудад нэгэнт гэрээ байгуулсан түрээслэгчийн сүүлийн 2 жилийн орлогын өсөлтөөс тодорхой хувиар давсан хэмжээгээр түрээсийн үнийг огцом нэмэхийг хориглох, ангилал зэрэглэл тус бүрээр түрээсийн орлогын дээд хязгаарыг тодорхойлох зэрэг олон аргыг хавсруулан ашигладаг боловч энгийн бөгөөд ойлгомжтой байх үүднээс татвар ноогдох орлогоос элэгдэл, засварын зардлыг хасч, шатлалаар татвар ноогдуулах нь илүү үр дүнтэй арга болно.
Үндэсний эдийн засгийн орон зай зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт, халамж, уул уурхайгаас бүрддэггүй. Дунд, урт хугацааны эдийн засгийн тодорхой бодлого, баримжаагүй явж ирсний сөрөг үр дагавар нь дотоод дахь нөөц боломжоо дутуу ашиглахад хүргэж байна.
Жижиг дунд бизнес, нийт иргэдийн амьжиргааг дэмжиж нуруун дээрх ачаанаас нь хөнгөлөх үү? Эсвэл эдийн засаг хүнд байгаа нөхцөлд баян ядуугийн ялгааг улам ихэсгэсээр байх уу?
Б.ЭНХБАЙГАЛЬ
Үндэсний хөглийн хүрээлэнгийн захирал,
доктор, дэд профессор