Монголчууд аливаа зүйлд итгэмтгий болохыг могойн чуулганы зурган дор “Аз аз, бурзай бурзай” гэж бичсэн сэтгэгдлээс харж болно. Итгэмтгий байх муу биш л дээ. Гэхдээ монголчуудын энэ занд “тоглолт” хийж, ашиг олохоор олон улсын сүлжээний бизнес эрхлэгчид Монгол Улсыг овоо хараандаа “онилох” болсон. Сүлжээний залилангийн улмаас хохирсон иргэдийн тоо сүүлийн арван жилийн хугацаанд 8-9 дахин нэмэгджээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын /ЦЕГ/ Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа.
“ЖИ ТАЙМ”-ЫН ГЭХ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ДУУСЧ, ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭН
-Сүүлийн жилүүдэд сүлжээний гэх тодотголтой бизнес, өндөр хүүтэй мөнгө зээлэх, виз гаргана, үл хөдлөх хөрөнгө түрээслүүлнэ гэх зэргээр залилангийн гэмт хэргийн гаралт ихэсчээ. Энэ талаарх тоон үзүүлэлтийг хэлж өгөхгүй юу?
-Цагдаагийн байгууллагад залилах гэмт хэрэг 2017 онд 2996, 2018 онд 5372 бүртгэгдэн шалгагдаж байсан бол 2019 онд 7821 болж өссөн байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж шалгагдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийг үйлдлийн аргаар ангилж үзэхэд олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга буюу олны хэлж заншсан сүлжээний гэх тодотголтой гэмт хэрэг багагүй хувийг эзэлж байна.
Сүлжээний гэх хэргүүд нь жил ирэх тусам үйлдлийн арга өнгө, хэлбэрээ өөрчилж байна. Монгол Улсад энэ төрлийн гэмт хэрэг анх 2002 онд бүртгэгдэн шалгагдаж байсан.
Тухайн үедээ иргэд пирамид тогтолцоо, олон шатлалт маркетингийн талаарх ойлголт төдийлөн сайн биш байхад шууд мөнгөөр хүн элсүүлэн пирамид босгох хэлбэртэй явагдаж байсан. Өөрөөр хэлбэл эхний хүн 1000 төгрөг төлж элсээд, өөрийн араас мөн хэмжээний мөнгөөр хүн элсүүлэх зарчмаар үйл ажиллагаа явуулж, зөвхөн пирамидын оройд байгаа хүн хожих хэлбэрээр үйлдэгдэж байсан.
Харин сүүлийн жилүүдэд шууд борлуулалтын худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын компани, үл хөдлөх эд хөрөнгийн худалдаанаас ашиг олох, валютын ханшийн өсөлт, бууралтаас ашиг хүртэх боломжтой форекс арилжаа, банкнаас 10-100 дахин их ашиг амладаг, 1000 ам.доллар байршуулсан тохиолдолд нэг сард 200, 7 хоногт 50 ам долларын ногдол ашиг хүртэх, ногдол ашгийг 7 хоног бүрт хүртэх боломжтой.
Эсхүл өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн аяллын эрхийг хямд үнээр авах боломжтой гэх нэрийдлээр иргэдийг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, залилан мэхлэх үйлдлээ цахим мэдээллийн сүлжээ ашиглаж олон нийтэд хүргэн төөрөгдүүлж байна.
Ер нь энэ төрлийн гэмт хэрэг өнгө, арга хэлбэрээ яаж ч өөрчилсөн та энэ бүх урамшууллыг авахын тулд компанид түнш элсүүлэх буюу өөрийн араас хүн элсүүлэх гэсэн үндсэн арга хэзээ ч өөрчлөгддөггүй. Өөрөөр хэлбэл пирамид арга нь араас хүн элсүүлэх, түнш урьж үйл ажиллагаа цааш үргэлжилдэг ба хэрэв хүн элсэхгүй бол пирамид бүхэлдээ нуран унадаг.
-Өнөөдрийн байдлаар сүлжээний бизнесийн хэчнээн гэмт хэргийг танай хэлтэс шалгаж байна вэ?
-2017-2018 онд Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга ашиглан үйлдэгдсэн зургаан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дээрх хэргүүдийн хохирлын хэмжээ хамгийн багадаа нэг тэрбум төгрөг бол хамгийн ихдээ 26 тэрбум төгрөг байна. Харин хохирогчдын тоо 1,000-30.000 байх жишээтэй. Зөвхөн хоёр жилийн хугацаанд сүлжээний гэх хэрэгт 40,000 хүн элссэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас олон хүн хохирсон учраас мөрдөн шалгах ажиллагаанд хугацаа их зарсан. Өнөөдрийн байдлаар тус албанаас олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан үйлдэгдсэн бүх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган прокурорт шилжүүлсэн ба зарим хэргүүд нь шүүхэд шилжсэн байна.
-Монгол Улсад хамгийн их дуулиан тарьсан сүлжээний залилан бол “Жи тайм”. Дараа нь “Stamford” гэх сүлжээний бизнес орох байх. Тэгэхээр эдгээр хэргүүдийн мөрдөн байцаалт дууссан гэсэн үг үү?
-“Жи тайм”-ын гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусган прокурорт шилжүүлсэн бол “Stamford” сүлжээний хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
СҮЛЖЭЭНИЙ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ИХЭНХДЭЭ ГАДНЫ БАЙГУУЛЛАГЫН НЭР АШИГЛАДАГ
-Цахим хуудсаар “Жи тайм” сүлжээний хохирогчдын хохирлыг барагдуулж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?
-Манай иргэдийн дунд буруу ойлголт яваад байна. Мөрдөн байцаах албанаас “Жи тайм”-ын хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган прокурорт хүргүүлсэн, хохирогчдын хохирлыг төлөх асуудал бол эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэх үед шийдэгдэх боломжтой.
Ер нь иргэдийн дунд Цагдаагийн байгууллага хохирол барагдуулах ёстой, хохирол барагдуулахгүй, төлөхгүй байна гэсэн ойлголт байдаг, энэ бол буруу ойлголт.
Цагдаагийн байгууллагын зүгээс Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэмт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бий болсон үед эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, банк, санхүүгийн байгууллагад байгаа дансны гүйлгээг зогсоох, гэмт хэргийн замаар алдагдсан эд хөрөнгийг хураан авах, гэмт хэргийн замаар олсон орлогыг тогтоон хураан авах, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагчийн эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг хуульд заасан арга хэмжээг авдаг.
Энэхүү ажиллагаа нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд баталгаа болж өгдөг. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэр гаргахдаа хэнд хэдэн төгрөгийн хохирлыг хэнээс ямар хэмжээгээр гаргуулан олгохыг шүүхийн шийдвэртээ зааж өгдөг. Түүнээс Цагдаагийн байгууллагын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг барагдуулах боломжгүй юм.
-Сүлжээний гэх залилангийн хэрэгт Монгол Улсын хууль эрх зүйн зохицуулалт ямар байдаг бэ. Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд энэ төрлийн үйл ажиллагааг хангалттай зохицуулж чадаж байна уу?
-2017 оноос өмнө “Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-иар Монгол Улсад “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцоо”-ны аргаар үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалттай байсан.
2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.2-т “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйвар”-ын арга ашиглан үйл ажиллагаа явуулахыг гэмт хэрэгт тооцсон.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээс гэм буруутай болох нь тогтоогдвол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан байдаг. Энэ гэмт хэрэг нь хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулахаас үл хамааран “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцоо”-ны аргаар үйл ажиллагаа явуулсан, үүнийг зохион байгуулсан л бол ял шийтгэхээр хуульчилсан.
ТОГЛООМЫН ОНОЛООР БОЛ ПИРАМИД ТОГТОЛЦООНЫ АРГА НЬ КАЗИНОГИЙН ДҮРМЭЭР ЯВАГДДАГ
-Хэргийг шалгаж, гэмт хэрэг үүссэн нөхцөлийг судалж, гэмт этгээдүүдийн ярьж байгаа зүйл дээр аналитик хийж байдаг Цагдаагийн байгууллагад тодорхой зөвлөмжүүд бий болсон байх. Сүлжээний бизнесээс хэрхэн сэрэмжлэх вэ, яавал хохирогч болохгүй байх вэ гэсэн тэр зөвлөмжүүдийг иргэддээ хандаж хэлэх үү?
–Тоглоомын онолоор бол пирамид тогтолцооны арга нь казиногийн дүрмээр явагддаг. Арван хүн тоглож байлаа гэхэд зөвхөн нэг хүн тоглоомоос хожих, ашиг хүртэх боломжтой. Гэтэл зөвхөн нэг хүний хожсон мөнгийг олон нийтэд хүргэхдээ тоглоомд оролцсон бүх хүн мөнгө хожсон мэтээр сурталчилдаг, энэ сурталчилгааг хүлээн авч байгаа хүн тоглоомд оролцсон бүх хүн хождог, ашиг хүртдэг гэж ойлгон оролцож эхэлдэг. Нэгэнт тоглоомд оролцсон хүн зөвхөн хожих, ашиг хүртэх гэсэн ганцхан бодлоор асуудалд хандан хөндлөнгөөс харсан хэнд ч илэрхий байгаа эрсдэлүүдийг анзаардаггүй, улааран оролцдог. Тэр хүн тоглоомоос хожсон ч олсон мөнгөө буцаад л нөгөө пирамидын сүлжээнд оруулчихдаг. Мэдээж тоглоомд оролцсон бүх хүн хожихгүй нь ойлгомжтой шүү дээ.
Пирамид тогтолцооны арга гэдэг нь ерөөсөө л энэ. Тиймээс үүсч болзошгүй эрсдэлээс иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах, тэдэнд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилгоор Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монгол банк, Банкуудын холбоо хамтарч “Ятгах тусам Нягтал” залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээд зохион явуулж байна.
Ямар ч иргэн эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаанд оролцох ёстой. Гэхдээ иргэд эхлээд юунд хөрөнгө оруулалт хийх гэж байна вэ, танд амлаж байгаа үр ашиг нь амьдралд биелэх боломжтой юу гэдгийг эхлээд нягталж үзэх хэрэгтэй, аливаа мэдээллийн сайн, муу талыг харьцуулан харж байгаасай гэж бодож байна. Ер нь ямар ч хүн эдийн засгийн ашигтай бизнес байгаа тохиолдолд ганцаараа үр шим, ашгийг арай ахиу хүртэхийг боддог. Гэтэл заавал яагаад тэр ашгийг тантай хуваалцах гээд, таныг элсүүлэх гээд байна бэ гэдэг чинь өөрөө хардах үндэслэл. Тиймд аливаа мэдээллийг сайтар нягталж, хуульчдаас зөвлөгөө авах шаардлагатай.
Мөн сүлжээний залилах гэмт хэрэгт ихэнхдээ гадны байгууллагын нэр ашигладаг. Яг бодит байдал дээр тэдний яриад байдаг компани аль нэг улсад бүртгэлтэй эсэх нь эргэлзээтэй, үүнийг нягталсан нэг ч хүн байдаггүй. Бүгд л ам дамжсан яриагаар бие биеэ дагадаг. Гадаадын компани гэх нэр нь таны эд хөрөнгийг эрсдэлд оруулах, таныг хохирогч болгох магадлалыг өсгөж байдаг. Өөрөөр хэлбэл, таны мөнгө Монгол Улсад биш, гадаадын аль нэг улсад, хэний ч мэдэхгүй, хараагүй, уулзаагүй хүний халаасыг түнтийлгэж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Холбоотой мэдээ