Зуугаад жилийн түүхтэй гэж пиарддаг ч МАН бол харьцангуй “шинэ” нам. Өнгөрсөн арваад жилийн түүхэнд нь дээрэмчин тонуулчин, авлигач, идээч уугаач, залилан мэхлэгч, хүний аминд хүрсэн, хүчирхийлэл үйлдсэн, улс төрийн албан тушаалыг наймаалцаж, бөгс бөөрний явдалд орооцолдсон гээд муу бөгөөд гутамшигтай жишээ олон.
Одоо тус намд Монгол орныг хүн ам, газар нутагтай нь “орвонгоор нь эргүүлэхэд” бэлэн увайгүй улс ч цөөнгүй. Бүр хүнээ байж, нүдээ ухаж өгөөд ч болов сонгуульд ялалт байгуулж, улс орноор тоглохоос буцахгүй нөхөд эрх мэдлийн төлөө дотроо “алалцаж” байгаа нь нууц биш юм.
МАН засгийн эрх дангаар барьсан сүүлийн жилүүдэд ард түмний амьдрал улам дордов. Эдийн засаг хямарч, долларын ханш түүхэнд байгаагүйгээр өсч, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсанаас эхлээд дурдвал их зүйл бий. Энэ нам Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой аюул занал учруулахуйц хор уршигтай шийдвэрүүд гаргаж буйг олон хүн хэлж ярьсаар ирэв.
“Улсын данс улайсан ч татвар нэмэхгүй” гэж хэлж байсан эрх баригч нам унтаад босоод ирэхэд өчнөөн татвар нэмчихсэн байх жишээтэй. Өмнөх засгийн газрын үед одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмдэг бодлого дэлхийн хаана ч байхгүй. Татвар нэмнэ гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжийн халааснаас авна л гэсэн үг” хэмээн хэлж байсан. Гэвч өөрийн нам нь эрх барьж буй өнөө үед төсөв бүрдүүлэхийн тулд хэмээн тайлбарлаж, арваад төрлийн татвар нэмэв.
Өөрөөр хэлбэл МАН газар худалдаалах, Ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн, архи, тамхи, импортын шатахууны онцгой албан татваруудаас гадна авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмээд амжсан билээ.
Сонгуулиас сонгуульд худлаа амлалт өгч гарч ирсэн хойноо түүнийхээ эсрэг үйлдэл хийдэг эрх баригч намд эрүүл сэтгэдэг хүн тун цөөн гэмээр. Учир нь тус нам өрийг өрөөр дардаг “сонгодог” аргатай. Өөрөөр хэлбэл манайх шиг бондын өрөө бонд босгож төлдөг улс байхгүйг гадны мэргэжилтнүүд онцолж, толгой сэгсэрч буй юм.
Уг нь өнгөрсөн парламентын үед УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдож ажилласан ажлын хэсгээс “Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адил” гэсэн дүгнэлт гаргаж байв. Сөрөг хүчин байсан үеийн энэ байр сууринаасаа МАН ухарч, өрийг өрөөр дарснаа хөөр баяртайгаар тэмдэглэдэг болсон билээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газар “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг төлөхдөө хэвлэлийнхнийг цуглуулж, баахан шоудсан. Ингэж хойшлуулсан өр таван жилийн дараа дахин асуудал үүсгэх эрсдэлтэй. Учир нь улсын эдийн засаг тогтворжих хандлага руугаа яваа үед оновчтой зөв бодлого барихгүй бол тэлсэн эдийн засаг 5-6 жилийн дараа буюу өр төлөх циклийн үеэр дахин уналтад орох дүр зураг ажиглагдаж буйг эдийн засагчид онцолж буй юм.
ЭНЭ ОНД ХЯТАДЫН АРДЫН БАНКТАЙ ХИСЭН МОНГОЛБАНКНЫ СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦАА ДУУСНА
Энэ оны долдугаар сард БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн хугацаа дуусна. 2014 онд байгуулсан 15 тэрбум юань буюу 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн хугацаа 2017 оны наймдугаар сард дууссан. Тухайн үед манай улсын эдийн засаг хасах циклээс өндийхгүй, гадаад валютын албан нөөцөө шавхаад ч энэ өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн байв. ОУВС эдийн засгийг “аврах” эрх авснаар дээрх хэлцлийг шинэчлэн баталж, гурван жилээр сунгасанбилээ. Энэ оноос Төв банк болон Засгийн газрын түвшинд своп хэлцлийг дуусгах уу, дахин шинэчлэх үү гэдэг асуулт яригдана.
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан “Хятадын Ардын банкны своп хэлцэл 2020 оны долдугаар сард дуусна. Цаашдаа Сангийн яам, Гадаад харилцааны яамны чиглэлээр бидэнд нэлээд дэмжлэг, туслалцаа авах шаардлага бий” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Өнгөрсөн оны долоодугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаний айчлалын үеэр своп хэлцэлийг концесс руу шилжүүлэх саналыг хөндсөн. Тодруулбал, БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн төлбөрийг хөгжлийн зээл, концесс зэрэг боломжтой хэлбэрээр замын бүтээн байгуулалтад ашиглах саналыг анхааралдаа авахыг хүссэн. Хариуд нь Ван Чишань своп хэлцлийн төлбөрийг бүтээн байгуулалтад ашиглах саналыг хоёр орны Төвбанк харилцан ярилцаж шийдэх боломжтойг хэлж байв.
ВАУЧЕР БОЛ МОЛИГО ҮМХҮҮЛЭЛТ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу их хэмжээний мөнгө эдийн засагт орж ирвэл инфляцийг хөөрөгдөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Төгрөгийн ханш өсөх хэрээр иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх юм. Ямар ч судалгаанд суурилалгүйгээр, нийт тэтгэвэр авагчдын тэдэн хувь нь 6 сая, түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна гэсэн хувь тоонууд дээр үндэслээд шийдвэр гаргасан билээ.
Салхитын мөнгөний ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр хуульд тусгасан. Геологич Д.Чинбатын хэлснээр “Салхит”-ын орд санхүүгийн чадвараа даахаа болиод орд биш, илэрц болжээ. Тиймээс энэ илэрцийн лицензийг шилжүүлж авсан “Эрдэнэс силвер” төрийн өмчит компани дампуурсан компани болж, хэзээ ч тэр ордоос 800 тэрбумын ашиг олж өрөө төлж дийлэхгүй аж. Өрийг нь ард түмний татвараар төлнө. Зээлээ тэглүүлж буй иргэдийн цаана гомдолтой үйлдсэн ахмадуудын сэтгэлийг тайвшруулах зорилгоор нэг сая төгрөгийн ваучер олгох “мэргэн санаа” нь молиго үмхүүлэлт болохыг ирэх он тодорхой харуулна гэж эдийн засагчид хэлж буй юм.
Эрх баригч нам хариуцлагаас зугтаж, энэ бүхнийг сонгуулийн дараа эрх барих нам, эвсэл, улс төрийн хүчинд нялзаах нь тодорхой. Энэ намын бодлогогүй, тооцоо судалгаагүй, өнөөдрөө аргацаасан бүх шийдвэр мөн эргээд иргэдийн нуруун дээр хүндхэн ачаа болох билээ. Хэрэвзээ МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулж эс чадваас эх орон, ард түмэндээ хийсэн муу үйлийн үрээр олон гишүүн нь шоронгийн хаалга татахыг эрх зүйчид хэлж буй юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ