Монголчууд хүний өөрийн нийлсэн есөн шидийн баяруудыг толгой өөд татах завгүй, зөв буруу хамаагүй, ёс болгон тэмдэглэж, түмэн завгүй байх болцгоогоод багагүй хугацаа өнгөрч буй. Баяр тэмдэглэж, олон хоног амарснаараа бид аз жаргалын индексээр дэлхийд толгой цохиж явах ёстой. Эсрэгээрээ баяраас болж уурлаж уцаарласан, бухимдсан, зовсон хүмүүс хаа сайгүй тааралдах болов. Саяхан бид хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авлаа. Тун удахгүй монгол түмний төрт ёсны уламжлалт баяр цагаан сар болно. Үнэндээ гацуураа ч хурааж амжаагүй байхад цагаан сарын их бэлтгэл ажилтай золгож байна гэхэд хилсдэхгүй.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилийн турш найман баярыг 1-5 хоног бүх нийтээр амарч тэмдэглэдэг. Цагаан сар, шинэ жил, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Хүүхдийн баяр, Ардын хувьсгалын ойн баяр буюу Үндэсний их баяр наадам, Улс тунхагласан өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр бүх нийтээр амарч өнгөрөөдөг уламжлалтай.
Бүх нийтээрээ амрах өдөр нэгээр нэмэгдэж, Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэж амардаг хуультай боллоо. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нарын есөн гишүүн санаачилсан байдаг. Ийнхүү өнгөрсөн оны аравдугаар сарын 23-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэнээр, шинэ оны босгон дээр /2019.12.20/ УИХ-аас бүх нийтээр тэмдэглэх баярын өдрийг нэмснийг баталсан юм. Хууль санаачлагчид болон УИХ-ын гишүүдийн зүгээс Монголд амралтын өдөр ихдээгүй гэдгийг тодотгож байгаа бол иргэдийн зүгээс амралтын өдөр нэгээр нэмэгдсэнд дургүйцлээ илэрхийлж байна. Нийгмийн сүлжээнд амралтын өдөр ихэдлээ, ажил хийх хүн олдохгүй нь гэх шүүмжлэл ч тасарсангүй.
Эдийн засагчдын үзэж буйгаар, энгийн нэг ажлын өдрийг баяр болгон бүх нийтийн амралтын өдөр болгоход тухайн өдөр хийгдэх ёстой байсан бүтээмж эргэн нөхөгдөх нь маш хэцүү, энэ нь улс орны эдийн засгийг доош нь татах нэг үндэслэл болдог гэдгийг сануулсаар удаж буй. Бурхан багшийн их дүйчин өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэх нь монголчуудад ач холбогдолтой юу, эсвэл ямар ч ашиг тусгүй юу гэдгийг энэ удаагийн сурвалжлагаар хөндлөө.
Монголчуудын хувьд 1990 оноос хойш "Бурхан Багшийн Их дүйчин өдөр" нэр дор энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон тэмдэглэж иржээ. Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд болон шашин судлаачид бурхан багшийн их дүйчин өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэх нь зөв шийдвэр гэх байр суурийг илэрхийлээд байна. Учир нь, энэ өдөр бүх нийтээр махан хоолноос татгалзсанаар амьтны амь аварч, бас сайн үйлсийн аян, хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлснээр уламжлалт шашин, соёлоо үр хойчдоо өвлүүлэх, эв нэгдлийг бий болгох ач холбогдолтой гэх тайлбар өгч байв. Харин бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг тэмдэглэлт баяртай андуурч болохгүй аж.
ИХ ДҮЙЧИН ӨДРИЙГ БАЯРТАЙ АНДУУРЧ БОЛОХГҮЙ
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор С.ЯНЖИНСҮРЭН:
-Дэлхий нийтээр шашнуудын тэмдэглэлт өдрийг бүх нийтийн амралт, баярын өдөр болгон тэмдэглэдэг жишиг олон бий. Христосын шашинтай улс орнууд Есүс Христийн мэндэлсэн өдрийг баярын өдөр болгож арванхоёрдугаар сарын 25-нд Merry Christmas хэмээн нэрлэж, бүх нийтээрээ амарч, баярлаж өнгөрүүлдэг уламжлалтай. Оросууд Рождество гэж нэрлээд 1 дүгээр сарын эхээр бүр 7 хоног амардаг. Тэгвэл Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудЭнэтхэгийн сэтгэгч Сиддхартха буюуБурхан багшийн Их дүйчин өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал давхацсан хэмээдэг билгийн тооллын энэ өдрийг Их дүйчин өдөр хэмээн нэрлэж, энэ өдрөөрөө олон төрлийн хүмүүнлэгийн, сайн үйлсийн үйл ажиллагаа өрнүүлдэг уламжлал тогтсон байна. Энэ өдрийг дэлхий нийтэд Весак гэж нэрлэдэг ба БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг буддын соёлтой, буддын шашинтай улс орнууд амралтын өдөр болгон тэмдэглэж өнгөрүүлдэг. НҮБ ч энэ өдрийг амралтын өдөр болгож бүх оффис нь амардаг. Учир нь буддизмын агуулга дахь энх тайванч үзэл санааг дэмждэг гэж ойлгож болно.
Монгол Улс ч бас урт хугацаанд энэ соёлыг тээж яваагийнхаа хувьд Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтийн амралтын өдөр байхаар УИХ-аас хуульчиллаа. 2000 гаруй жил Монголын соёлын хөрсөнд амьдрахдаа энэ буддын соёл ихээхэн монголжсон гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
Монголын цагаан сарын шинийн 14-ний өглөө Гандантэгчэнлин хийд маань Өндөр гэгээнээ дурсаж, нийтийн сайн сайхны төлөө “Норовбадам” маань татдаг. Энэ бол зөвхөн Монголын бурханы шашинд байдаг дуут зан үйл бөгөөд манай уртын дууны хөг аялгуу, айзам хэмнэлийг шингээсэн гэх мэт олон нарийн юм бий шүү. Өндөр гэгээнийхээ бүтээсэн соёмбо үсгийн эхний тэмдэгийг бид төрийн далбаандаа мандан бадрахын бэлгэ тэмдэг болгож залсан байдаг биз дээ. Алтан соёмбот төрийн далбаандаа залбирдаггүй, хүндэтгэдэггүй монгол хүн гэж байхгүй. Ийм нарийн соёлын суурьтай юм шүү.
Их дүйчин өдөр бүх нийтийн амралтын өдөр болсон болохоос биш баярын өдөр биш. Энэ өдөр монголчууд мод тарих, нийгмийн халамж хэрэгтэй хүмүүст өглөг, хандив өргөх, олон нийтийн сайн сайханд санаа тавих зэргээр сайн үйлсийн аян, хөдөлгөөн өрнүүлж хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж яагаад болохгүй гэж.
Гэтэл аж ахуй, бизнес эрхлэгчдээс амралтын өдөр олшроод байна гэж дургүйцэх хандлага илрээд байна уу гэж анзаарагдаж байна. Хэдийгээр бизнесийн эрх ашиг, сонирхол чухал байвч ажилчин хүнд ногдож байгаа амралтын өдөр цөөхөн шүү.
Жишээ нь, үйлчилгээний байгууллагын ажилчдад цаг нар байдаггүй харагддаг. Шинэ жил, Цагаан сар, Улсын их баяр наадмын үеэр ч тэд маань ажиллаж л байдаг. Тиймээс бид хэт нэг талыг барьж асуудалд хандаад байгаа юм биш биз. Хэрэг дээрээ аж ахуй нэгжийн эзэд, хөрөнгө чинээтэй хүмүүс дуртай цагтаа амарч, дуртаа газраа аялж байгаа нь нууц биш. Ер нь Их дүйчин өдрийг нийтээрээ амрах өдөр болгосноорхэнд хүний сэтгэл зүрх, тусламж, дэмжлэг хэрэгтэй байна тэдэнд л хүрэх үйл ажиллагааг оновчтой явуулах нь чухал. Үүнийг харин буддист байгууллагууд зөв зохион байгуулж, удирдах хэрэгтэй. Тэдгээр үйл ажиллагаагаараа дамжуулаад хойч үедээ хүнлэг энэрэнгүй, хүн хүнээ хайрладаг үзэлд суурилсан ёс суртахууны хүмүүжил олгож, зөв төлөвшсөн хүнийг нийгэмдээ бий болгоход ашиглах хэрэгтэй. Өнөөдөр манай нийгэмд бие биеэ хүндэлдэг, хүлцэж сонсдог, уучилдаг, тэвчдэг монгол хүний зан төлөв үндсэндээ байхгүй болоод байна гэлээ.
Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх амралтын өдөр болгон хуульчилсантай холбоотойгоор Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс эл өдөр бүх нийтээр хорт зуршлаас татгалзах санаачилга гаргаж, төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ. Хэрэв хорт зуршил архи, тамхи хэрэглэсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ ногдуулж ч магадгүй аж. Нэг өдөр архи, тамхийг хориглосноор нэг айл нулимсгүй амар тайван хонож, гэмт хэргийн гаралт буурна гэж үзэж буй юм байна.
МОНГОЛЧУУД ЖИЛД ЦӨӨН ХОНОГ АМАРДАГ
Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан асуудлаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай цөөн хором ярилцлаа.
-Тэмдэглэлт баярыг нэгээр нэмж, Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсанд олон нийт дургүйцэх хандлагатай байна. Монголчуудын амралт ихэдлээ гэж шүүмжилж буй. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
–Нэг өдөр амарсан төдийхнөөр монголчуудын ажил төрөл нь алдагдахгүй байх гэж бид найдаж байна. Дэлхий дахинд бүх нийтийн амралтын өдөр болдог ерөнхий прогноз бий. Европын орнуудад гэхэд жилд 20 гаруй хоног тойрон амардаг. Жишээ нь, АНУ, Канад, Австрали зэрэг улс байна. Азийн улс орнууд гучаас дээш хоног амардаг. Монголчууд бүх нийтийн амралтын өдөр нь харьцангуй бага. Хэдий цөөн хоног боловч хортой нөлөө байна. Тэр нь хэтрүүлэн архи тамхи хэрэглэдэг, бусдыг буруу зүйлд уриалдаг.
Шинэ жилийн баяр гэхэд л нэг сарын турш архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг. Буруу зуршилд нэг нэгийгээ уриалдаг улс үндэстэн Монголоос өөр байдаггүй юм байна. Тэгэхээр зөв чиг хандлагатай, эерэг амьдралын хэв маягтай болох зан заншил, соёл, уламжлалаа авч үлдэх эерэг өдөртөй байх нь чухал гэж үзэж байгаа. Тийм учраас бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан болов уу гэж бид үзэж байна.
2Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр болгосноор ямар ач холбогдолтой вэ?
-Дэлхий дахинд бурхны шашин дэлгэрсэн 200 гаруй улс оронд өөрсдийн уламжлалыг хадгалсан шашны чухал өдрөөр амардаг. Жишээ нь, Христийн шашинтай улс орнууд Есүс Христийн мэндэлсэн өдөр бүх нийтээрээ амарч, шашны болон гэр бүлээрээ баярлаж өнгөрүүлдэг. Мөн Исламын шашин дундад азийн зарим улс орнуудад нэг сарын турш шашны баяр ёслолоо үйлддэг. Наурызын баяр гэхэд л хаврын баяр гэж тэмдэглэдэг. Цаад утгаараа өөрсдийнх нь оюун санааны орон зай болсон шашны зан үйл байдаг.
Харин монголчууд жил тойрон цөөн хэдэн өдөр бүх нийтийн тэмдэглэлт баяраар амардаг боловч ихэнхдээ баярлаж, наргиж цэнгэх хандлагатай байдаг. Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох санал санаачилга иргэд, сүсэгтэн олноос гарсан.
Анх 2014 оны Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байх үест иргэдээс ийм санал гарсан байдаг. Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр хүмүүнлэг үйл ажиллагаа явуулах, архи тамхи, хорт бодис тэргүүтнээс хол байх хэрэгтэй байна гэсэн үндсэн санаачилгыг сүсэгтэн олноос Гандантэгчэнлин хийдэд уламжилсан. Мөн 2018 онд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт оршин суугаа 300 мянган сүсэгтэн болон Монголын сүсэгтний холбоо Их дүйчин өдрийг амралтын өдөр болгон өнгөрүүлэх хүсэлтийг манай хийдэд хүргүүлсний дагуу Засгийн газарт өргөн барьсан. Үүний дагуу төрийн байгууллагуудаас судалгаа явуулж, ажлын хэсэг байгуулагдаж байв. Судалгаагаар, их дүйчин өдрийг дэлхийн улс орнууд хэрхэн тэмдэглэдэг хийгээд олон улсын жишигт нийцсэн эсэхэд дүгнэлт хийсэн гэсэн үг. Их дүйчин өдрөөр бурхны шашинт орнууд арван хар нүглээс татгалзах, бүх нийтээрээ махан хоолноос татгалзах, оюуны хөгжил, сэтгэлийн боловсролд анхаардаг. Жишээ нь, Тайланд, Шриланка, Түвд, БНСУ зэрэг орныг дурдаж болно. Хамгийн чухал нь, бурхан багшийн мэндэлсэн, нирваан дүр үзүүлсэн өдрөөр бусдыг энэрч нигүүлсэх, бусдад сайн үйлсээр туслах нь чухал юм. Үүнтэй ижил монголчууд ч бас сайн үйлсийн аян өрнүүлж болно шүү дээ. Их дүйчин өдрийг амралтын өдөр болгохоор хуульчилсан тул энэ өдөр бүх нийтээр архи тамхийг тэвчих удирдамж гаргана. Үүнд төрийн байгууллагууд хамтран ажиллаж, архи тамхи хэрэглэсэн тохиолдолд хуулийн хариуцлага ногдуулах арга хэмжээ авах байх. Нэг өдөр хорт зуршлыг тэвчсэнээр нэг гэр бүл ч гэсэн эрүүл аз жаргалтай байна. Гэмт хэргийн гаралт ч бас буурна гэж үзэж байна.
-Их дүйчин өдрөөр буддын шашны сүм хийдүүүд лам нар нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян өрнүүлдэг үү. Цахим орчинд зарим хүмүүс лам нар христийн сүм хийдүүд шиг хүмүүсийг хооллож, хувцаслах гэх мэт бодитоор тусалдаггүй гэж шүүмжилдэг?
–УИХ-аас Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баяр, амралтын өдөр болгон хуульчилсан болохоор энэ жил Их дүйчин өдрөөр зөвхөн хүмүүнлэгийн байгууллага, сүм хийдүүд биш бүх нийтээр буяны үйл ажиллагаа зохион байгуулах нь чухал. Аливаа шашны санааачилсан нийгэмд тустай сайн үйлсийн аянд сүсэгтэн олон өглөгийн эзэн болж өгдөг. Тиймээс шашин сүсэгтэн олон салшгүй холбоотой. Үүний адил Гандантэгчинлэн хийд ч бас бурхан багшийн Их дүйчин өдөр нэг сарын турш хүмүүнлэгийн аяныг арав гаруй жил зохион байгуулж байна.
Бид нэг хүнийг онцлохоос илүү байгууллагад анхаарлаа хандуулдаг. Жишээ нь, ХСҮТ-ийн эмнэлэгт олон хүний эмчилгээний зардлыг хөнгөвчлөх, танхим тохижуулах, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах зэргээр нийгэмд тустай үйл ажиллагаа явуулж байсан.
Мөн 2015 онд ГССҮТ- ийн хүүхдийн тасагт аппарат хандивлаж байв. Тухайн жил Дархан хотод эрүүл мэндийн байгууллагад нярайн тасгийг тохжуулж амьсгалын аппарат хандивласан гэх мэтээр орон даяар өнцөг булан бүрт тусламжийн гараа сунгах сайн үйлсийн аян өрнүүлдэг. Харин үүнийг олон нийтэд сурталчилж хүүхэд хооллолоо, хүмүүсийг хувцаслалаа гэх зэргээр сурталчлаад эхэлбэл өөр ямар нэгэн зорилго агуулсан болж харагдана. Энэ нь зөв зүйл биш. Аливаа хүнд тусалсан тус бол нийтэд мэдэгдэхээргүй, зорьсон хүндээ тус болох нь л буян, тус дэм болдог гэж Гандантэгчэнлин хийд, бурхны шашны сүм хийдүүд үздэг юм. Нийтэд тусалсан ажлаа тоочвол нэр хүнд, өргөл хүндлэл, олз ашиг олох гэсэн хомхой сэтгэл байдаг гэж бодь мөрийн зэрэг тэргүүтэй олон үлгэр талаас тайлбарласан байдаг. Өглөгийн дээд нь номын өглөг учраас энэ үйл ажиллагааг бурхан багшийн их дүйчин өдрөөр голчилж явуулах ёстой. Тэгэхээр хурал номын үйл ажиллагаа голчилно. Мэдээж чадвал, өөрийн сэтгэлийн боловсролд анхаарах, бясалгах нь хамгийн чухал болно.
–Өглөгийн дээд нь ном хурах гэдгийг та хэллээ. Их дүйчин өдрөөр ном хурах үйл ажиллагаа голчлохоор болбол сүсэгтэн олонд үнэ төлбөргүй засал хийх, ном унших гэх мэт үйл ажиллагааг санаачлах уу. Хүмүүс ном уншуулъя гэхэд тодорхой тариф тогтоосон байдаг. Үүнд хөнгөлөлт үзүүлэх, зарим номыг үнэгүй уншиж өгөх зэрэг нь өглөгийн дээд өглөгт орох юм биш үү?
–Сүсэгтэн олон бусдын үйлдэж буй сайн үйлд даган баясахад л болно. Буддын шашин өнөөдрийг хүртэл бидэнд өвлөгдөн ирэхдээ үлдээсэн соёл, судлах ёстой зүйл нь юу вэ гэдгийг бид олон нийтэд танин мэдүүлэхэд л зорино. Монголчууд бурхан багшийн их дүйчин өдрөөр арван хар нүглийг тэвчих, махан хоол идэхгүй, мацаг барих зэрэг тогтсон зан үйлтэй. Тиймээс энэ өдөр заавал хүрээ хийдийг зорихгүйгээр гэр, гэртээ сайн үйл хийх, муу үйлийг тэвчиж болно. Гэхдээ аль болох цугласан олонд бурхан багшийн айлдсан сургаалийг танин мэдүүлэхэд бид анхаарна гэлээ.
ТЭМДЭГЛЭЛТ БАЯР, БҮХ НИЙТИЙН АМРАЛТЫН ӨДРӨӨР ОРЛОГО БУУРЧ, ЦАЛИН ХАСАГДДАГ
Иргэд олон нийтийн зүгээс тэмдэглэлт баярыг нэгээр нэмж, амралтын өдрийн тоог нэмсэнд баярлах нэгэн байхад дургүйцэх нь ч бас байгаа юм.
Иргэн Г.ЗАЯАНДАРЬ:
-Их дүйчин өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баяр, амралтын өдөр болгох хууль санаачилж, УИХ-аар баталсныг дэмжиж байгаа. Их зөв шийдвэр шүү дээ. Ажлын өдрүүдэд заслаа хийлгэж амжихгүй, бурхан болоочдоо буян үйлдэж амжихгүй. Тэгэхээр амралтын өдрөөрөө л Гандан орж ном хуруулж амжина гэсэн үг. Ядахдаа л гэр бүлдээ цаг гаргана. Харин худалдаачид, хувиараа бизнес эрхлэгчид л дурамжхан байх шиг байна билээ.
Хувиараа бизнес эрхлэгч Д.ОЮУНЦЭЦЭГ:
-Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиолоо гээд бүх нийтийн тэмдэглэлт баяр, амралтын өдөр болгон хуульчлах хэрэггүй шийдвэр гаргасан. Монголд амарч дуусахгүй, улс орон ч хөгжихгүй байна. Улс орон даяар хийж гийгүүлсэн ажилгүй, хөгжсөн зүйлгүй, ард иргэд нь ядуу, өрөндөө баригдсан амьдарч байхад амарч, баярлаж цэнгэхээс өөр зүйл алга. Амралтын өдрийн тоог нэмэх тусам л хувь хүний амьдрах чадварт ч сөргөөр нөлөөлж байна. Миний хувьд дэлгүүр ажиллуулдаг. Амралтын өдөргүй ажилладаг мөртлөө бүх нийтийн тэмдэглэлт баяраар орлого эрс мууддаг. Бурхан багшийн Их дүйчин өдөр бидэнд хамааралгүй, амралт болгох шаардлагагүй л байсан.
Иргэн Ж.ЭНЭБИШ:
-Их дүйчин өдрийг амралтын өдөр болгож байгаа нь зөв шийдвэр. Нэг өдөр ч гэсэн гэр бүлдээ цаг зарцуулж амарч байна шүү дээ. Ажлын өдрүүдэд хүүхдүүд олдохгүй. Буддын шашин бидний уламжлалт шүтлэг учраас энэ өдрийг амралтын өдөр болгох нь ч зөв гэлээ.
Иргэн Ц.АНАР:
-Амралтын өдрийн тоог нэгээр нэмж байгааг сайшаахгүй байна. Их дүйчин өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэх шаардлагагүй. Тэмдэглэлт баяр, амралтын өдрүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр ажиллах нэг өдрийн цалингаа алдаж байна. Энэ нь надад маш хохиролтой санагддаг. Өнөөдөр орлого олох, ахиу цалин авах нь чухал. Шинэ жил, цагаан сарын баяраар ч олон хоног амрах шаардлагагүй.
Энэ жил монголчуудын хувьд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нийт 15 байгаа бол түүний 12 нь ажлын өдөр таарч байгаа юм. Тодруулбал, цагаан сар 2020.02.23-02.26-ныг хүртэл Даваагаас Лхагва гариг таарч байгаа бол Үндэсний их баяр наадам /2020.07.11-07.15/ Бямба-Лхагва гаригт таарч байна. Мөн Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын 15 буюу зургадугаар сарын 5-нд Баасан гаригт таарч байна. Энэ мэтчилэн ажлын өдрүүдэд бүх нийтийн тэмдэглэлт баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдгийг эдийн засагт сануулсаар ирсэн. Харин дэлхийн улс орнуудтай харьцуулахад монголчууд цөөхөн хоног амардаг гэх байр суурийг холбогдох хүмүүс илэрхийлж байсан юм.
Бид бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр дээр долоо хоногийн амралтын хоёр өдрийг оруулан тооцвол бид жилийн 365 хоногийн 115 хоногт нь буюу 30 гаруй хувьд нь амарч, баярлан өнгөрүүлж байна. Олон хоног үргэлжилсэн амралтын өдрүүдэд аялал жуулчлал, худалдаа, нийтийн хоолны газар, зугаа цэнгэлийн газар, нийтийн тээвэр илүү ашиг хүртдэг бол үйлдвэрлэлийн салбар байнга хохирч байдаг гэж судлаачид дүгнэж буй юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ